Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Төв банкны хараат бус байдлын талаар хэн юу хэлэв?

ikon.mn
2019 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төв банкны гол үүрэг бол улс орнуудад ихэвчлэн үнийн тогтвортой байдлыг хангахад байдаг. Инфляц нам дор бөгөөд тогтвортой байх нь эдийн засгийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй юм. Үүний тулд бодлого явуулахад төв банк хөндлөнгийн нөлөөнөөс хараат бус мөнгөний бодлого хэрэгжүүлэх ёстой гэдэг зарчим олон улс оронд нийгмийн зөвшилцөл болж тогтжээ.

Гэвч сүүлийн жилүүдэд төв банк хараат бус байх ёстой гэдэг үзэл олон улс оронд сорилттой тулгарч, хөгжсөн улс орнуудад ч төв банкны хараат бус байдал руу халдах үзэгдэл газар авч байна. Үүнд дэлхий даяар гүнзгийрч буй орлогын тэгш бус байдал, үүнтэй холбоотой дэлгэрч буй популизм, төв банкуудын мөнгөний бодлогын үр дүнтэй байдал; даяарчлал ба технологийн дэвшилтэй холбоотой дэлхийн эдийн засагт бий болсон шокууд зэрэг олон хүчин зүйл нөлөөлж буй.

Олон зуун жилийн түүхийн явцад улс орнуудын бодлого боловсруулагчдын алдаа оноон дээр тулгуурлан бий болсон “хараат бус төв банк” энэхүү сорилтыг хэрхэн даван туулахаас улс орнуудын эдийн засгийн тогтвортой байдал, нийгмийн сайн сайхан байдал ихээхэн хамаарах болно. Иймд төв банк хараат бус байхын ач холбогдлыг дахин нэг шүүн хэлэлцэж, нийгмийн зөвшилцөлд хүрэх нь чухлаар тавигдах болов.  Тийм ч учраас АНУ-ын холбооны нөөцийн банкны тэргүүнүүд ил захидал бичиж “Төв банк түр зуурын улс төрийн дарамтаас ангид үед эдийн засаг хамгийн сайн байдаг.” хэмээн хэлж, төв банкын хараат бус байдлын чухлыг онцлон тэмдэглэсэн байдаг.

Харин Төв банкны үүрэг, хараат бус байдлын талаар бусад хүмүүс юу хэлсэн байдгийг бид онцоллоо.

Манай улсын хувьд Төв банк (Монголбанк) хэзээд улс төрийн хараат байсаар ирснийг удирдлагуудых нь бүрэн эрхийнхээ хугацаагаа гүйцээж ажиллаагүй байдлаас нь харж болох биз ээ. Одоо ч мөн гурав дахь жилдээ ажиллаж буй Монголбанкны Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал яригдаж байна.

 

Монголбанкны Ерөнхийлөгч асан Л.Пүрэвдорж:

“Ер нь бол төв банкны ерөнхийлөгчийг сонгуульд ялсан намын Их хурлын дарга нь “Одоо би тантай ажиллахгүй, та өргөдлөө өг” гээд л халчихдаг. Хувь хүнийхээ хувьд нэгэнт бодлого, чиглэл нийлэхээргүй болсон, тийм нөхцөлд ажлаа өгсөн нь дээр л дээ. Харамсах зүйлгүй. Харин улс орны хөгжил, тогтвортой байдал талаасаа харвал энэ маш муухай жишиг.”

 

Монголбанкны Ерөнхийлөгч асан А.Батсүх:

“Хамгийн чухал нь эдийн засгийнхаа бүтцийг сайжруулж байж л төв банкны бие даасан байдал хангагдана. Эдийн засгийн бүтэц сул байгаа учраас өнөөдөр зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, итгэлийн зээл олгох гэх зэрэг популист сэдэв гарч ирээд байна. Бүтцээ сайжруулах  гол ажил нь төрд л бий.”

 
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

“Аливаа улс орон эрүүл банктай байж эрүүл саруул эдийн засгийн амьдралыг бүрдүүлнэ. Энэ нь цаашлаад эрүүл улс төр, эрүүл нийгмийн үндэс суурь болно. Улс төр бол эдийн засгийн шууд тусгал, хураангуй илрэл шүү дээ.”
  
Ромын философич Цицерон:

Хамгаалагчдыг хэн хамгаалах вэ? 
 

 

Холбооны нөөцийн банкны тэргүүн асан Бен Бернанке:

  • Ухаалаг, хараат бус төв банк нь Хөрөнгийн зах зээлийн уналтаас үүдэлтэй гаж нөлөөллөөс эдийн засаг болон санхүүгийн секторыг хамгаалж чадна гэдгийг түүх нотолж байна” 
  • Төв банк нь богино хугацааны улс төрийн шийдвэрээс ангид бодлого гаргах чадвартай байх шаардлагатай. 
 

ОХУ-ын Төв банкны Тэргүүн Элвира Набиуллина:

“Төв банк эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх чадвартай байна гэдэг нь бие даасан байдлаа алдана гэсэн үг биш”.

 

ОУВС-ийн Ерөнхий эдийн засагч Гита Гопинат:

“Хэрэв өрийн хямрал нь зах зээлийн уналтаас бус засгийн газрын луйвар, буруу менежментээс үүдэлтэй бол төв банк хөндлөнгөөс оролцохгүй байх нь зөв”.
  

 

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель:

“Туркийн эдийн засгийг тогтворгүй байлгах сонирхол хэнд ч байхгүй. Гэхдээ бүх зүйлийг гүйцэлдүүлье гэвэл Туркийн Төв банкыг хараат бус байдлаар хангах хэрэгтэй.”

 

ING банкны Герман дахь Ерөнхий эдийн засагч Карстен Брзески:

“Төв банкинд шахалт үзүүлэх, тэднийг шүүмжлэх шинэ хандлага бидний дунд ихээхэн газар аваад байна. Тэд бол эдийн засгийн хамгаалагчид.”

 

Энэтхэгийн нөөцийн банкны 23 дахь Ерөнхийлөгч Рагурам Ражан:

“Сайд, улс төрийн өндөр албан тушаалтан, болон бусад зохицуулагчдаас Төв банкны ерөнхийлөгчийн ялгарах гол ялгаа нь тэрбээр эдийн засгийн хамгийн чухал бодлогын хөшүүргийг удирдах эрхтэй байдаг бөгөөд зарим үед улс орны хамгийн нөлөө бүхий хүмүүстэй санал зөрөлдөх шаардлага тулгардаг.”

 

Энэтхэгийн нөөцийн банкны 21 дахь Ерөнхийлөгч Венугопал Редди:

“Энэтхэгийн засгийн газар дахиад нэг бие даасан институцэд халдаж эхэллээ. Тэр нь Энэтхэгийн Нөөцийн банк бөгөөд санхүүгийн хараат бус байдалд нь ноцтойгоор халдаж Төв банкнаас ногдол ашиг хүртэх замаар төсвийн алдагдлыг нөхөж байна.”

 

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп:

“Одоогийн байдлаар Холбооны Нөөцийн банк нь өөрөө Хятад улсаас илүү том асуудал болж байна. Тэдний хэрэгжүүлж байгаа бодлогуудыг оновчгүй байна гэж би үзэж байна. Хүүгийн түвшинтэй холбоотойгоор хийгдэж буй алхмууд нь надад таалагдахгүй байгаа. Тэдний зүгээс энэ тал дээр огт тохиролцох хүсэлгүй байна. Хэдий миний зүгээс худалдааны гайхалтай хэлэлцээрүүдийг хэрэгжүүлж байгаа ч Холбооны Нөөцийн банк огт дэмжлэг үзүүлэхгүй байна.”

 

АНУ-ын Холбооны нөөцийн банкны тэргүүн Жероме Повелл:

“Улс төрийн хүчин зүйлүүд АНУ-ын Холбооны нөөцийн банкны үйл ажиллагаанд огт хамааралгүй бөгөөд манай хамт олон болон миний зүгээс, бидний шийдвэр гаргах, санал солилцох үйл явцад нөлөөлөх гэсэн оролдлогыг үл тэвчих болно.” 

 

 

Б.Цэлмэг