Эртний эдэлэлээс ялгарахын аргагүй адил зүйлсийг зарж байсан сүлжээг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ.
“БНХАУ-ын иргэд эртний эдлэл зарж байна” гэх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, БНХАУ-ын иргэд байрандаа алтан шаргал өнгөтэй 127 ширхэг ембүү, суугаа хүний дүрстэй дөрвөн ширхэг металл зүйл болон БНХАУ-ын цаасан болон төмөр мөнгө хадгалж байсныг илрүүлэн хурааж авсан байна.
Тэд “БНХАУ-ын Мин гүрний үеийн эртний эд зүйлс Монголын нутаг дэвсгэрээс олдсоныг зарна” гэх зарыг олон нийтэд хүргээд сонирхсон иргэдэд БНХАУ-д зарагддаг бэлэг дурсгалын зүйлийг өгч залилах гэж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна.
Хураагдсан ембүүнүүдийг 10 орчмыг нь голоор нь хөрөөдөж хуваасан бөгөөд хөрөөдсөн хэсгүүдийн зарим нь 15 гр шижир алттай байжээ. Тэд иргэдэд ембүүг голдоо алттай, үнэ цэнтэй гэж итгүүлэн хуурамч эд зүйлс зарж байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон аж.
Дээрх эд зүйлсийг аравдугаар сарын 3-ны өдөр каргогоор оруулж ирэхдээ цагаан тугалга, зэс, төмөр, цайрын орц найрлагатай бэлэг дурсгалын эд зүйл хэмээн гаальд мэдүүлсэн байна. Тухайн эд зүйлсийг Геологийн төв лаборатори, Стандартчилал хэмжил зүйн газар зэрэг байгууллагуудаар шинжилгээ хийлгэхэд гаальд мэдүүлсэнтэй ижил орц найрлагатай эд зүйл болох тогтоогджээ.
Дээрх бүлэглэл нь Камбож, Франц, ОХУ, Тайланд зэрэг улсууд руу удаа дараа зорчиж байсан нь тогтоогдоод байгаа бөгөөд улс дамнаж залилан мэхлэх гэмт хэрэг үйлддэг байж болохыг албаныхан мэдээллээ.
Эртний эдлэл сонирхогчид энэ төрлийн эд зүйлс худалдан авахдаа анхаарал болгоомжтой хандахыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!