Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Норвегичуудын чихрийн хэрэглээ сүүлийн 44 жилийн хугацааны хамгийн доод түвшиндээ хүрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Норвеги улсын иргэдийн чихрийн хэрэглээ сүүлийн 44 жилийн хугацаанд хамгийн доод түвшиндээ хүрээд байгааг тус улсын эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.

Тодруулбал нэг хүнд жилд ноогдох чихрийн хэмжээ 2000 оноос хойш жил тутам нэг килограмм гаруйгаар буурсан байна.

“Бид чихрийн хэрэглээг зохих хэмжээнд нь хүртэл хараахан буулгаагүй байгаа ч 2021 онд хүрэхээр тавьсан зорилтоо биелүүлээд байна” гэж Норвегийн нийтийн эрүүл мэндийг хамгаалах газрын захирал Линда Гранлунд ярьжээ.

Дэлхийн ихэнх улс орны хүн амын дунд чихрийн хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед Норвеги улс ийнхүү бууруулж чадсан байна.

2000-аас 2018 оны хооронд нэг хүнд ноогдох жилийн чихрийн хэрэглээ Норвегид 43 кг-аас 24 кг болж буурчээ. Өнөөдөр Норвегийн дундаж иргэн 1975 онд хэрэглэж байснаасаа бага чихэр хэрэглэдэг болсон байна.

Тус улс бүр 1922 оноос эхлэн чихрийн татвар оноож эхэлсэн байдаг. Сүүлийн жилүүдэд энэ бодлого улам эрчимжсэн байна. 2018 оны нэгдүгээр сард шоколад болон зөөлөн чихрийн татварыг 83 хувиар өсгөж, килограмм тутамд 36.92 крон ($4) болгосон бол чихэрлэг ундааны татварыг 42 хувиар өсгөж, литр тутмаас 4.75 крон авах болжээ.

Үр дүнд нь 2008 онд нэг хүнд ноогдох шоколадны хэрэглээ 15 кг байснаа 2018 онд 12 кг болж буурсан байна. 1960 онд энэ үзүүлэлт 5кг байжээ.

Чихэрлэг ундааны хэрэглээ 1990-ээд оны үед нэг хүний 93 литр болж, 1950-аад оны түвшнээсээ бараг хоёр дахин нэмэгдээд байсан бол өнгөрсөн онд 47 литр болж буурсан байна.

Өнөөдөр Норвегийн зургаан хүүхэд тутмын нэг нь жингийн илүүдэлтэй байгаа нь өндөр хөгжилтэй орнуудын дунд сайн үзүүлэлт болж байгаа юм.

 

 Эх сурвалж: The Guardian