Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс тусламжийн $133 сая хаашаа алга болсон талаар Зимбабве улсаас тайлбар шаарджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Зимбабве улсын сангийн сайд

Өнгөрсөн долоо хоногт Африкийн Зимбабве улсын сангийн сайд Мтхули Нкубе 2020 оны улсын төсвөө өөрийн улсын парламентад танилцуулжээ.

Энэ үеэр тэр Зимбабве улс 2019 оны эхний есөн сарын байдлаар гадаадын донор орнуудаас нийт $194 саяыг тусламж болгон авсны дотор Хятад улсаас $3.6 саяыг авсан тухай мэдээлсэн байна.

Гэтэл Хараре хот дахь Хятад улсын элчин сайдын яам өөрийн тусламжийн хэмжээг $137 сая болох ёстой гэж мэдэгджээ.

“Энэ бол ноцтой алдаа. Зимбабве улсын албаны хүмүүс энэ талаар дэлгэрэнгүй тайлбар хийх хэрэгтэй” гэж элчин сайдын орлогч Жао Баоган хэвлэлд ярьсан байна.

Мягмар гарагт Хятадын элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэлд “Сангийн сайдын танилцуулгад Хятад улсаас Зимбабве улсад үзүүлсэн тусламжийн хэмжээг $3,631,500 гэж үзүүлснийг манай элчин сайдын яам олж мэдлээ. Бодитой тоо нь $136.8 сая юм” гэж мэдэгджээ.

Энэ мэдэгдлийн дараа Зимбабве улсын засгийн газар тоо баримтын зөрөөний талаар Хятадын талтай хэлэлцэж байгаагаа мэдэгдсэн байна.

Нкубе сайдын танилцуулгад өгүүлснээр гадаадын доноруудыг тус бүр $50 саяын тусламж үзүүлсэн АНУ, Их Британи улсууд тэргүүлж, дараа нь $41 саятай Европын Холбоо, $14.2 саятай Япон, $6.4 саятай Швейцар, $500 мянгатай Энэтхэг улсууд жагссан байна.

Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Банк зэрэг байгууллагууд Зимбабве улсад зээл олгохоос зайлсхийж байгаа бол Хятад улс 2000-аас 2017 онд тус улсад нийт $2.2 тэрбумын зээл өгсөн гэх тоо бий.

Өнгөрсөн аравдугаар сард Зимбабвегийн гурван том дэд бүтцийн төсөлд олгох байсан $1.3 тэрбумын зээлээ Хятад улс түдгэлзүүлсэн юм. Учир нь тус улсын нисэх буудлын төсөлд зориулсан $10 саяыг Зимбабвегийн ерөнхийлөгч Эммерсон Мнангагва эскроу данснаас гаргаж, улс орныхоо  гадаад валютын хомсдлыг нөхөхөд зарцуулсан байна.

Уг мөнгийг Хятадын талаас нэхсэн ч Зимбабвегийн эрх баригчид одоо болтол буцааж өгөөгүй байгааг Хараре дахь Хятадын элчин сайдын яам мэдээлжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post