Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Удахгүй дэлхий дээр бие даасан шинэ улс бий болж магадгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Ирэх Бямба гарагт Папуа Шинэ Гвиней улсын эргээс 700 орчим километрийн зайнд оршдог Бугайнвилл арлын оршин суугчид тусгаар тогтнолын төлөө санал хураалт зохион байгуулах гэж байна.

Санал хураалтын дүнгээс хамаарч дэлхий дээр нэг шинэ улс бий болж магадгүй байна.

Арав орчим жил үргэлжилсэн иргэний дайны дараа 2001 онд салан тусгаарлагчидтай энхийн гэрээ байгуулахдаа Папуа Шинэ Гвиней улсын засгийн газар өөрийн харьяаны Бугайнвилл арлын иргэдэд хэзээ нэг цагт тусгаар тогтнолын санал хураалт явуулах эрх олгохоо амлаж байв.

 

Урьдчилсан судалгаагаар тус арал дээр амьдардаг 200,000 орчим хүн амын 90 гаруй хувь тусгаар тогтнолыг дэмжих төлөвтэй байна.

Бугайнвиллийнхан тусгаар тогтнох хүсэлтэй болсны гол шалтгаан нь тус арлын төв хэсэгт оршдог алт, зэсний томоохон ил уурхай Пангуна юм.

1972 онд анх нээгдсэнийхээ дараа уг уурхай Папуа Шинэ Гвиней улсын экспортын орлогын 45 хувийг бүрдүүлдэг болсон. 

1975 онд Папуа Шинэ Гвиней улс Австралиас салан тусгаарласны дараа Бугайнвилл арлын иргэд байгалийн баялагаа төв засгийн газартай хуваалцахгүй өөрсдөө бүрэн эзэмших тухай ярьж эхэлжээ.

Улмаар зөрчил нэмэгдсээр 1988 онд иргэний дайн эхэлсэн байна. Бугайнвиллийн Хувьсгалт Армийн дайчид Папуа Шинэ Гвинейн зэвсэгт хүчинтэй арван жил орчим хугацаанд дайтаж, 20,000 орчим хүнээ алдсан юм.

Талууд дайн үр дүнд хүргэхгүйг хүлээн зөвшөөрч 1997 онд галаа зогсоосон байна. Ингээд хоёр жил орчим хугацаанд хэлэлцээ хийсний эцэст Бугайнвиллийн энхийн гэрээг байгуулжээ.

Хэдийгээр арлын иргэдийн ихэнх хэсэг тусгаар тогтнолыг дэмжих нь тодорхой ч санал хураалтын үр дүн хууль эрх зүйн чадамжгүй юм. Эцсийн шийдвэр Папуа Шинэ Гвинейн засгийн газраас хамаарах гэнэ.

Бугайнвилл арал нь өөртөө засах эрхтэй ч Папуа Шинэ Гвинейн хамгийн хоцрогдсон газар нутгуудын нэг юм. Хүн амынх нь 90 хувь хөдөө тосгонуудад амьдардаг ба тал орчим хувь нь бичиг үсэггүй.

Арлыг бүхэлд нь хамарсан радио, телевизийн суваг байхгүй. Өдөр бүр Папуа Шинэ Гвинейгээс хэдэн зуун хувь сонин ирдэг нь гол мэдээллийн хэрэгсэл болдог.

Гэвч арлын иргэд Пангуна уурхайнхаа орлогоор хөгжил дэвшилтэй хөл нийлүүлнэ гэсэн найдлага тээж байна.

 

Эх сурвалж: The Guardian