Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

С.Шүрэн-Эрдэнэ: Хүүхэд харах үйлчилгээний хувьсах зардал 650 сая төгрөгийг өгөхгүй байна

Б.Бүлтэн, ikon.mn
2019 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хүүхэд харах үйлчилгээний 2019 оны аравдугаар сар болон арваннэгдүгээр сарын хүүхдийн хоолны мөнгөнд төсөвлөсөн хувьсах зардал болох 650 сая төгрөгийг одоо хүртэл өгөөгүй байгаа талаар Монголын Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

 
Гэрэл зургийг MPA.mn

Уг үйлчилгээнд зориулж энэ онд төсөвлөсөн 3.9 тэрбум төгрөгийн 80 орчим хувийг жилийн эхний хагаст олгосон бол 650 сая төгрөгийг хичээлийн шинэ жил эхлэхэд өгөх байсан ч хүүхэд харах үйлчилгээний төвүүд санхүүжилтгүй байна. Яамд хоорондын уялдаагүй байдлаас болж хүүхдүүдийн хувьсах зардлыг хасмааргүй байна гэдгийг МХХҮЭНХ-ны тэргүүн С.Шүрэн-Эрдэнэ хэвлэлийн хурлын үеэр хэлэв.

Энэ асуудлаар өнгөрсөн есдүгээр сард БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгтэй уулзалт хийхэд “Хэрэгцээ байвал яам хүүхэд халамжийн үйлчилгээг хэвийн явуулна. Гэхдээ үлдсэн санхүүжилт дөрвөн сарын даацад хүрэлцэхгүй тул та бүхэн энэ байдлыг даван туулах саналаа өг” гэсний хариуд хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид хүүхдийн хоол болон хувьсах зардлын 50 хувийг даах талаараа санал хүргүүлжээ. Үүний хариуд Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төвүүдэд 2019 оны арав, арваннэгдүгээр сарын хувьсах зардлыг бүтнээр, сар бүрийн 31-ний дотор олгох боломжтой гэсэн БСШУС-ын сайдын 1а\8616 тоот албан бичгийг аравдугаар сарын 1-ний өдөр ХХҮЭНХ-д хүргүүлсэн боловч одоогийн байдлаар ямар ч зардал олгоогүй байгаа аж.

Тус холбоо энэ талаар тодруулахаар БСШУСЯ-ны Бодлогын газрын мэргэжилтнүүдтэй уулзахад “Яам мөнгөгүй байна” гэсэн хариулт өгсөн бол Санхүү, хөрөнгө оруулалтын газрын санхүүгийн мэргэжилтэн нь уг зардлыг 2020 оны нэгдүгээр сард нөхөн олгоно гэсэн тайлбар өгчээ.

 
Гэрэл зургийг MPA.mn

МХХҮЭНХолбооны Удирдах зөвлөлийн дарга М.Банзрагч "Нэгэнт батлагдсан төсвийг хуулийн дагуу л зарцуулах ёстой. Төсвийг буруу зарцуулсан бол хариуцлага тооцох хэрэгтэй. Үүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гойд анхаараач ээ. Болохгүй бол бид огцрох хүртэл нь тэмцэхээ анхааруулж байна" гэлээ.

Хүүхэд харах үйлчилгээг 2018 онд 500 гаруй төв эрхэлж 5,000 орчим хүүхэд хамруулсан бол энэ онд 2,500 хүүхэд хамруулж, үйл ажиллагаа нь буурсан байна.