Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн тухай хуулийг Дональд Трамп баталбал Хятад улс хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Хонг Конгийн Хүний Эрх, Ардчиллын тухай хуулийн төслийг АНУ-ын сенат дэмжсэн нь Бээжингийн эрх баригчдын эсэргүүцэлтэй тулгарлаа.

Өнгөрсөн сард уг хуулийн төслийг конгрессын доод танхим буюу төлөөлөгчдийн танхим дэмжсэн юм.

Одоо АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 10 хоногийн дотор батлах, эсвэл хориг тавих ёстой.

Уг хууль батлагдвал хүний эрх, ардчиллын суурь зарчмуудыг зөрчсөн Хонг Конгийн засаг захиргаа, албан тушаалтнуудад АНУ-ын зүгээс хориг тавьж шийтгэх боломж нээгдэх юм.

Сенат бас Хонг Конгийг Хамгаалах хуулийн төслийг дэмжсэн нь жагсаал цуглааны эсрэг ашиглах зэвсэг, техникийг тус хот руу экспортлохыг хориглох зорилготой ажээ.

Хуулийн төслүүдийг сенат дэмжсэнтэй холбоотой өнөөдөр Хятадын гадаад хэргийн яамнаас мэдэгдэл гаргасан байна. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуань “Хэрвээ АНУ-ын ерөнхийлөгч хуулийг баталбал Хятад улс үндэсний эрх ашиг, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах үүднээс эрс хатуу хариу арга хэмжээг авах болно” гээд сенатын танхим олон улсын хууль дүрэм, дипломат харилцааны хэм хэмжээг ноцтой зөрчсөнд харамслаа илэрхийлжээ. Хонг Конгийн хэрэг явдалд гаднаас үнэлэлт дүгнэлт өгөх нь Хятад улсын дотоод хэрэгт оролцсон хэрэг гэж үзэж байгаа юм.

Хонг Конг хотод сүүлийн таван сар гаруй хугацаанд үргэлжилж буй хямрал нь хүний эрх, ардчилалтай ямар ч холбоогүй бөгөөд хүчирхийллийг зогсоож, нийгмийн дэг журмыг тогтоох нь нэн тэргүүний зорилт болоод байгааг тэр бас хэлсэн байна.

Хуулиудын төслийг зургаадугаар сард анх танилцуулж байсан бөгөөд сүүлийн өдрүүдэд Хонг Конгийн нөхцөл байдал хурцадсан нь яаравчлан хэлэлцэхэд хүргэсэн юм.

Хонг Конгийн засаг захиргаа АНУ-ын конгресс хуулиудыг хэлэлцэж дэмжсэн явдалд харамсал илэрхийлээд шинэ хуулиуд хэрэгжиж эхэлбэл зөвхөн Хонг Конг бус АНУ-ын эрх ашигт муугаар нөлөөлөхийг анхааруулжээ.

Тус хотод АНУ-ын 1,200 гаруй компани үйл ажиллагаа явуулдгаас 800 гаруй нь бүс нутгийн салбар оффисын үүрэгтэй ажилладаг тухай Хонг Конг дахь Америкийн Худалдааны Танхим мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: South China Morning Post