Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

#НүүдэлШийдэл: "Иргэд хувьцаа авах, хөрөнгө оруулалт хийх мөнгөө угтаа нийгмийн даатгалын шимтгэлдээ төлж байгаа. Гэвч..."

Ч.Болортуяа
2019 оны 11 сарын 20
iKon.MN
https://www.facebook.com/mongoltv/videos/838057896613783/?t=3


Нийгмийн даатгалын шимтгэлийг нийт 5 хувь нэмэх шийдвэрийг 2017 онд гаргаж 2018, 2019, 2020 онуудад үе шаттайгаар нэмж буй.

2020 онд ажил олгогч 1%, ажилтан 1%-иар шимтгэл нэмэгдсэнээр 3 жилийн хугацаанд шимтгэл 5%-иар нэмэгдэж байгаа билээ.

Ингэснээр ажилтан нийтдээ 12.5 хувийн НДШ 2020 оноос төлж эхэлнэ. 

Нийт 5 хувиар нэмэгдэж буй шимтгэл нь тэтгэврийн сангийнх гэдгийг тодотгох ёстой.  Өөрөөр хэлбэл, ажилтан, ажил олгогч тус бүрийн тэтгэврийн санд хуримтлуулах шимтгэл 2.5%-иар нэмэгдэж байгаа билээ. 

Хүснэгт: 2020 оноос мөрдөгдөх шимтгэлийн задаргаа:

Нийгмийн даатгалын төрөл Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/
Тэтгэврийн даатгал 9.5 9.5
Тэтгэмжийн даатгал 1.0 0.8
Эрүүл мэндийн даатгал 2.0 2.0
Ажилгүйдлийн даатгал 0.2 0.2
Шимтгэлийн дүн 12.7 12.5

Тэгвэл энэ өдрүүдэд шимтгэл нэмэгдсэн ч алдагдалтай байгаа тэтгэврийн сангийн шинэчлэлийн асуудал идэвхтэй яригдаж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ч холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар хэлэлцэгдэж буй.

Энэ үед Монгол ТВ телевизийн "Нүүдэл шийдэл" нэвтрүүлэг асуудлыг дахин хэлэлцлээ.

Нэвтрүүлэгт оролцсон зочдын ярилцлагаас онцлох эшлэлүүдийг түүн хүргэж байна.

өөрсдийн төлж байгаа мөнгөндөө өөрсдөө менежмент хийе
 

МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ О.АМАРТҮВШИН    

  1. 2017 оны 4-р сард Нийгмийн даатгалын шимтгэл нэмэх хуулийн төсөл батлагдсан. Тэр үед үе шаттайгаар нийгмийн даатгалын шимтгэлийг нэмнэ, тэтгэврийн насыг нэмнэ гэж байх үед МҮХАҮТ болоод бизнес эрхлэгчид эсэргүүцэж өөрсдийн дуу хоолойг хүргэж байсан.  Тухайн үед үйлдвэрчний холбоо болоод иргэд зоригтой хамтдаа тэмцэж чадаагүйгээс хууль батлагдсан.

  2. 2017 онд нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 13 мянган ААН байсан бол өнөөдөр 20 мянга руу дөхсөн байна. Энэ нь эдийн засгийн бодит өсөлт хувийн хэвшил рүү ороогүй гэсэн үг. 130 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын өр байсан бол 170 тэрбум төгрөгт хүрчихсэн байна.
     
  3. Гадны улстай харьцуулж үзэхэд манай улсын нийгмийн даатгалын шимтгэл дэлхийн дунджаас 4 хувиар өндөр байна.
     
  4. Бидний төлөөд байгаа мөнгө зөв зарцуулагдаж чадаж байна уу. Алдагдлаа нөхөхийн тулд яагаад НД-ын шимтгэлээ нэмээд байгаа юм бэ? Ийм шударга бус байдалд иргэд бухимдаад байгаа юм.
     
  5. Ажил олгогч болоод ажилтан шимтгэл төлж байхад түүнийг яагаад төр дангаараа мэдэж зарцуулаад байгаа юм. Энэ төрийн мөнгө биш. Гэтэл өнөөдөр хүчээр далайлгаад тэтгэврийн сангийн мөнгөө төлөхгүй бол тухайн компанийн дансыг хаадаг, сүүлдээ зөрчлийн хуулиар дарамтлаад эхэлчихсэн.   Одоо больё өөрсдийн төлж байгаа мөнгөндөө өөрсдөө менежмент хийе.
     
  6. Хувийн тэтгэврийн сантай холбоотой хууль яригдаж байгаа үүнийг МҮХАҮТ дэмжиж байгаа. Хувийн тэтгэврийн сангуудыг бий болгоё. Тэтгэврийн сангийн шимтгэл төлж байгаа ААН-үүд өөрсдөө оролцоотой байя.
     
  7. Төр хувийн хэвшил хамтраад алдаагаа засъя. Бидний төлсөн мөнгө алга болохгүй, үржиж байвал бид төлөхөөс татгалзахгүй.
     
  8. Яг одоо мөрдөж байгаа хуулиар эрэгтэйчүүд 65 настай тэтгэвэрт гарна. Эрэгтэйчүүдийн насжилтын статистикийг харахаар эрэгтэйчүүдийн 80 хувь 66 хүрээд нас барж байна. Тэгэхээр 80 гаруй хувь нь тэтгэвэр авч чадахгүйд хүрээд байна. Тэтгэврийн даатгалын санг өөрчлөх хэрэгтэй нь үүнээс тодорхой харагдаж байна.
Хуулийн төсөлд нийгмийн даатгалын санг хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд удирдах боломжтой бус ёстой гэж тусгах нь зөв
 

МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБООНЫ УЗ-ИЙН ДАРГА Б.ӨЛЗИЙБАЯР 

  1. Бидний төлөөд байгаа тэтгэврийн сангийн мөнгө хуримтлал болохгүй цоорхой сав руу мөнгөө урсгаж байгаа юм шиг байдалтай байна.

  2. Хувийн тэтгэврийн сантай улс орнуудыг харахад тухайн иргэний нэр дээр данс нээгээд хүү нь бодогдоод хуримтлагдаад явж байдаг.
     
  3. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа хувийн тэтгэврийн сангийн хийсэн тооцоогоор 1 сая төгрөгийн цалинтай хүн сар бүр 30 мянган төгрөгөө хувийн тэтгэврийн сандаа хийхэд 30 жилийн дараа тэтгэвэрт гарахад 400 сая төгрөгийн хуримлалтай болчихсон байна гэсэн тооцоог гаргасан байна. 400 сая төгрөгийн хуримтлалтай болчихсон хүн тэтгэврийн зээл авахгүй. Жинхэнэ утгаараа гавьяаны амралтаа эдлээд л байхаар байна.
     
  4. ХНХЯ дээр яригдаж байгаа хувийн тэтгэврийн сангийн хуулийн төсөлтэй танилцахад, нэмэлт тэтгэврийн сан маягаар тусгасан байсан. Тэгэхээр энэ нь албан журмын даатгал биш болчихоод байна. Энэ нь юу болж байна гэхээр ирэх жил 26 хувь болох гэж байгаа НД-ын шимтгэл дээр нэмээд хувийн тэтгэврийн сан бий болгоно гэвэл хэн ч тийшээ орж ирж чадахгүй.
     
  5. Нийгмийн даатгалын санг хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд удирдах боломжтой гэж заасан байсан. Боломжтой биш заавал мэргэжлийн хүмүүс удирдах ёстой гэж тусгаж өгөх ёстой. Бид холбогдох саналуудаа өгсөн.
     
  6. Гурван тулгуурт тогтолцоо руу шилжье л гэж байгаа бол төрийнх заавал байх ёстой тэр нь нийгмийн хамгаалал талдаа ажилладаг, хоёр дах тулгуур нь  хувийн тэтгэврийн сан тэр нь албан журмынх байх ёстой. Гуравт өөрийн хүсэлтийн дагуу төлдөг хувийн тэтгэврийн сан байх ёстой. Ийм гурван тогтолцоо руу л шилжье.
Иргэд хувьцаа авах, хөрөнгө оруулалт хийх мөнгөө угтаа нийгмийн даатгалын шимтгэлдээ төлж байгаа
 

ЭДИЙН ЗАСАГЧ  Ө.ГАНЗОРИГ

  1. Манай улс 1990 онд шилжилт хийхдээ маш том алдаа гаргасан. Юу гэхээр ОУ-ын санхүүгийн секторт байдаг даатгал, сан гэсэн хоёр өөр ойлголтыг даатгалын сан гэж дэлхийд байхгүй зүйлийг бий болгосон. Халамжийн системийг халж чадаагүй. Халамжаа, хуримтлалтайгаа хольчихсон.

  2. Монгол Улсын ЭЗ-т тулгараад байгаа гол аюул бол Монголд огт хуримтлал байхгүй. Сан гэдэг бол хуримтлал бий болгодог механизм, даатгал бол эрсдэл тулгарахад нөхөн төлбөр төлдөг систем.
     
  3. Хуримтлал нэрээр орж ирж байгаа мөнгийг улс төрийн шоу хийж халамж болгоод хамаагүй тараачихдаг. Энэ хулгайгаа хуульдаа эв хамтын зарчим гээд нэрлэчихсэн.
     
  4. Ажил хийж байгаа хүмүүс цалингаасаа ХАОАТ төлж байгаа. Тэр мөнгөнөөс халамж үйлчилгээ явуулж болно. Харин бидний ирээдүйдээ, хүүхдүүдээ зарцуулах тэтгэврийн мөнгийг хамаагүй тарааж байгаагаа эв хамтын зарчим гээд дэлхийд байхгүй нэр өгөөд явж болохгүй.
     
  5. Сангийн мөнгө эсрэгээрээ ААН-үүдэд санхүүжилт болж очдог. Эргээд НД-ын өрөнд орохгүй байх асуудлыг шийддэг байх зарчмаар явах хэрэгтэй.
     
  6. Эдийн засагт аливаа компани хос санхүүжилтийн механизмтай орох ёстой. Нэг талаас өндөр хүүтэй зээл, нөгөө талд хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргаж босгодог хүүгүй, хугацаагүй мөнгө байдаг. Энэ хоёр нийлж байж бизнес болдог. 30 жилийн турш үүнийг УИХ-ын гишүүд ойлгохгүй. Компаниудад санхүүжилт болж очих ёстой сангийн мөнгийг халамж болгож тараагаад байна.
     
  7. Бидний тооцоогоор “Сан” байдлаар үндэсний компаниудад хөрөнгө оруулалт хийгээд явчихвал яригдаад байгаа алдагдлууд  хоёр жилийн дотор шийдэгдэнэ.
     
  8. Тэтгэврийн сангийн мөнгө улсынх ч бай хувийнх ч бай зөвхөн Монголын үндэсний топ татвар төлөгч компаниудын хувьцааг авахад л зарцуулагдах ёстой.
     
  9. АНУ-ын хүн амын топ 5 хувь нь улсынхаа баялгийн 35 хувийг эзэмшдэг. Энэ хөгжилтэй улс дундаа муу, баялгийн төвлөрөл маш их гэж гарч байгаа. Гэтэл манай улсын хүн амын топ 5 хувь нь улсынхаа баялгийн 90 гаруй хувийг эзэмшиж байна. Энэ асуудлыг манай улсын эдийн засгийн төв бодлогыг барьж байгаа байгууллагууд огт ярихгүй байгаад маш их санаа зовж байна.
     
  10. Баялгийг компани үүсгэдэг. Тэгвэл баялгийг яаж хуваарилах вэ гэхээр иргэдийг компанийн эзэн болгох боломжоор хангах хэрэгтэй.
     
  11. Монголын том компаниуд хувьцаа гаргах хүсэл байна. Гэвч хувьцааг нь авах хүн байхгүй. Олж байгаа мөнгөө ХАОАТ, НӨАТ, гаалийн татвар, нийгмийн даатгал гээд 50 гаруй хувийг нь татвар, шимтгэлд өгч байна. Үлдсэн мөнгөнөөсөө моргейжийн зээл , машиныхаа лизингийг төлж байна. Ингээд үлдсэн хэдхэн төгрөгөөр л амьдарч байна.
     
  12. Иргэд хувьцаа авах мөнгөө угтаа НД-д төлж байна. Үүнийг улсын сан ч тэр хувийн сан ч тэр хөрөнгийн зах руу нь холбоод Монголын Топ компаниудын хувьцааг авах боломжоор л хангачих л даа.
     
  13. Бусад улсын 100 гаруй жил хийгээд ирсэн зүйлийг бодож, болгоомжлоод байлгүй хийж эхэлье.
Аль өндөр хүү амалж буй банканд сангуудын мөнгийг хадгалж буй
 

ХНХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.ӨНӨРБАЯР    

  1. НД-ын шимтгэлийг нэмсэн гэж ярихаас илүү өмнө нь НД-ын салбар дээр гарсан бодлогын алдааг засварласан гэдэг талаас ярих нь зохимжтой.

  2. Одоо хэрэгжиж байгаа НД-ын хууль 1995 онд батлагдсан. 1995 онд шимтгэл одоогийн яриад байгаа 19 хувь байсан. Энэ хувийг 2008 онд бууруулсан. Өнөөдрийн байдлаар НД-ын сан, тэтгэврийн даатгалын санд үүссэн алдагдлыг өмнөх оны түвшинд хүргэх асуудал яригдсан.
     
  3. Буруу ойлгогдохоор мэдээллүүд яваад байна. Шууд иргэнээс 2 хувийн шимтгэл авч байгаа гэж. Тийм биш бодлогын хувьд ажил олгогч 1 хувь, ажилтан 1 хувийн шимтгэл төлж байгаа.
     
  4. Нийгмийн даатгалын салбар бүхэлдээ алдагдалтай байгаа юм шиг буруу ойлголт бас байгаад байна. НД 4, 5 сангаас бүрддэг. Энэ дундаас ганцхан алдагдалтай байгаа нь тэтгэврийн даатгалын сан. Бусад сангууд ашигтай ажиллаж байгаа.
     
  5. Тэтгэврийн даатгалын сан 605 орчим тэрбумын алдагдалтай байгаа юм шиг буруу ойлгоод байна. 605 орчим тэрбум төгрөгийн доторх задаргааг нарийн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн НД-ыг төр хариуцдаг, хууль хүчний байгууллагат ажилладаг 19 мянга орчим иргэний НД-ын мөнгийг төр хариуцдаг. Нийлээд 350 орчим тэрбум төгрөг болж байна. Тэгэхээр цаана нь үлдсэн 250 орчим тэрбум төгрөг нь алдагдал юм.
     
  6. Эрүүл мэндийн даатгалын сан ЭМЯ-д харьяалагддаг учир энэ талаар би тодорхой ярихгүй. ХНХЯ-д харьяалагддаг бусад сангууд өнөөдрийн байдлаар 1.1 их наядын ашигтай ажиллаж. Дээрх мөнгө банкуудад байршиж байгаа.
     
  7. Тэтгэврийн даатгалын сангийн асуудалд ХНХЯ-аас тооцоо судалгаа хийсэн. Үүн дээр дүгнээд хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын хуулиудыг УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа. Энэ хууль батлагдвал хөгжлийн бодлого, зөв гарц шийдэл болно гэж харж байгаа. 
     
  8. Дээрх асуудлын талаар эхний ээлжид эдийн засгийн хүрээнийхэнтэй ярилцаж нэг ойлголтод хүрээд олон нийтээр хэлэлцэнэ.
     
  9. Иргэдийн төлж байгаа шимтгэлийн мөнгийг өнөөдрийн хуулиар банканд хадгалдаг.  Банканд хадгалагдахдаа хамгийн өндөр хүүтэй банкийг сонгодог. Хамгийн өндөр хүүтэй Капитал банкийг сонгож хадгалж байхад тухайн банк дампуурч өнөөдрийн эрсдэл үүсчихсэн. Тиймээс эрсдлээ давхар тооцдог болно.
     
  10. Манай улсын тэтгэврийн тогтолцоо зөв байсан бол "Сан" болгож хадгалсан бол ийм эрсдэлт нөхцөл байдал үүсэхгүй байж магадгүй юм.
     
  11. Капитал банкийг мөнгөө төлөхийг ХНХЯ-аас байнга шаардсаар байгаа. Даатгалын сангийн мөнгөний 60 гаруй тэрбум төгрөг нь үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн мөнгө, 30 гаруй тэрбум төгрөг нь ажилгүйдлийн даатгалын мөнгө, үлдсэн нь тэтгэмжийн даатгалын сангийн мөнгө байгаа. Үүнд тэтгэврийн даатгалын сангийн мөнгө байхгүй байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.
     
  12. Хувийн тэтгэврийн нэмэлт сан ямар чиглэлээр явах уу? Шинэчлэлийн бодлогын асуудлыг дэмжиж байгаа ч гэсэн ХНХЯ хувийн тэтгэврийн асуудалд болгоомжтой хандаж байгаа. Шууд хувийн тэтгэврийн сан руу орох нь хэр зохимжтой вэ. Энэ бас эрсдэлтэй байж магадгүй. Эрсдлийг төр л хариуцах болно. Тиймээс үе шаттайгаар шилжилт маягаар хийх нь зохистой болов уу гэсэн болгоомжлол байна. Эцсийн дүндээ хувийн тэтгэврийн санг албан журмын болговол барууны хөгжилтэй орны жишгээр хөгжүүлэх нь хамгийн зөв гарц.
     
  13. Нийгмийн даатгалын санд асуудал байгааг би өмөөрөхгүй, хамгаалахгүй, энэ асуудлыг шийдэхийн тулд гарц шийдлийг ольё гэдэгт санал нэг байна.