Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн байр болгоно

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Нацистуудын удирдагч Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн газрын байр болгох шийдвэрийг Австри улсын дотоод хэргийн яам өчигдөр зарлажээ.

Германы хилийн ойролцоох Браунау хот дахь шар өнгийн энэ байшинд 1889 оны дөрөвдүгээр сарын 20-нд Хитлер мэндэлж байсан юм. Уг байшинг Австрийн засгийн газар 2016 онд өөрийн мэдэлд авсан байна.

Гэвч байшинг сүүлийн 100 жилийн турш эзэмшиж байгаа Герлинд Поммерын гэр бүлтэй худалдаж авах үнээ тохиролцож чадалгүй шүүхдсээр өнөөдрийг хүрсэн юм.

Австрийн дээд шүүх энэ оны эхээр Поммерын гэр бүлд 810,000 евро төлүүлэх шийдвэр гаргасан нь маргаанд цэг тавьсан байна. Энэ мөнгө эзэмшигчдийн хүсэж байснаас бага боловч засгийн газраас санал болгосон анхны үнээс өндөр юм.

Австрийн дотоод хэргийн яам уг байшинг нацист үзэлтнүүдийн шүтээн болгохгүйн тулд цагдаагийн газар болгох шийдвэр гаргажээ. Улмаар байшингийн гадаад төрхийг өөрчлөхөөр Европын Холбооны орнуудыг хамарсан архитекторын уралдаан зарласан байна.

Уралдааны дүнг ирэх оны эхний хагаст гаргах юм.

Хитлерийн төрсөн байшин нь 800 м.кв талбайтай, ардаа хэд хэдэн гарааж, зогсоолтой. Уг байшинг Поммерын гэр бүл 1970-аад оноос хойш дотоод хэргийн яаманд сарын 4,800 еврогоор түрээслүүлж байжээ.

Гэвч 2011 онд түрээслэгч, түрээслүүлэгч талуудын хооронд маргаан гарснаар эзгүйрээд байсан юм. Өнгөрсөн хугацаанд Австрийн засгийн газар уг барилгыг нураах санааг нэг удаа гаргасан ч түүхчид, улс төрчдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарснаар буцаж байв.

 

Эх сурвалж: AFP