Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Жулиан Ассанжийн хүчингийн хэргийг Шведийн прокурор хэрэгсэхгүй болголоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Викиликс сайтын үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн бараг арван жилийн өмнө үйлдсэн гэгддэг хүчингийн хэргийг хэрэгсэхгүй болгож байгаагаа Швед улсын прокурорын газар өчигдөр зарлажээ.

“Миний дүгнэлтээр шаардлагатай бүх мөрдлөгийг явуулж дууссан. Гэвч ял тулгах хангалттай баримт олдсонгүй. Хохирогчийн амаар өгсөн мэдүүлэг цаг хугацааны явцад суларсан нь үүнд нөлөөллөө. Ой санамж цаг хугацааны эрхээр арилсан байна” гэж Шведийн прокурорын газрын дэд дарга Эва Мэри Перссон мэдэгдсэн байна.

2010 оны наймдугаар сард Стокгольмд болсон хурлын үеэр Шведийн иргэн эмэгтэй унтаж байхдаа Ассанжид хүчиндүүлсэн гэж мэдүүлснээр мөрдлөг эхэлж байжээ. Хохирогч өмнө нь Ассанжийн хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох хүсэлтээс хэд хэдэн удаа татгалзаж байснаа мэдүүлсэн байна.

 Хэргийг мөрдөн шалгах хуулийн хугацаа 2020 оны наймдугаар сард дуусах ёстой байв.

Австралийн иргэн Жулиан Ассанж уг хэргийг үйлдээгүйгээ олон удаа илэрхийлсэн юм.

Одоо уг шийдвэрийг давж заалдах боломж байгаа. Хэрвээ Шведийн хуулиар шийтгүүлсэн бол Ассанжийг АНУ-ын талд шилжүүлж өгөх нөхцөл үүсээд байсан юм.

АНУ-д түүнийг үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах нууц материалуудыг нийтэд тараасан хэмээн буруутгаж, эрэн сурвалжилж байгаа.

Одоо 48 настай Ассанж энэ оны дөрөвдүгээр сард Лондон дахь Эквадор улсын элчин сайдын яамнаас баривчлагдаж, Британийн шоронд хоригдож байгаа юм. Тэрээр 2012 оноос хойш Шведийн шүүхийн шийтгэлээс зугтаж Эквадорын элчин сайдын яамны байранд толгой хоргодож байсан юм.

Лондон хотод баривчлагдсаныхаа дараа тэр батлан даалтын нөхцлийг зөрчиж, гадаад орны элчингийн байранд нуугдсан шалтгаанаар нэг жил орчим хугацаанд хоригдох шийтгэл хүлээгээд шоронд хоригдож байгаа.

Шведийн эрх баригчид 2017 онд Ассанжийн холбогдсон хүчингийн хэргийг сэжигтэн нь олдохгүй байгаагаас шалтгаалан хааж байжээ. Харин энэ онд баривчлагдсаных нь дараа хэргийг дахин нээгээд үргэлжлүүлэн шалгаж эхэлсэн юм.

 

Эх сурвалж: AFP