Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

ҮАБЗ-өөр Дубайн гэрээний асуудлыг хэлэлцэж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яг одоо хуралдаж байна. Энэ удаагийн хуралдаанаар Оюутолгойн гэрээ болон Дубайн гэрээтэй холбоотой асуудал хэлэлцэж байгаа аж.  

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 18-нд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Дубайн гэрээг байгуулахтай холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын дөрвөн захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргасан юм. “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлээр тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гаргасан Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбоотой захирамжуудыг Захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгосон нь энэ асуудлыг ҮАБЗ-ийн хэмжээнд авч үзэх шаардлага бий болгожээ.  

Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал болохоос өмнө МАН-ын бүлгийн хаалттай хуралдаанаар УИХ-аас томилогдсон Оюутолгой төслийн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцсэн. Бүлгээс уг дүгнэлттэй холбогдуулан ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Харин бүлгийн хаалттай хуралдааны үеэр гишүүд байр сууриа илэрхийлснээс үүдэн маргалдаж, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн биед халджээ. 

УИХ-аас томилогдсон ажлын хэсэг Оюутолгойн гэрээг зогсоох хүртэл арга хэмжээ авч болно гэх агуулгатай дүгнэлт гаргасан гэдэг ч үүнийгээ холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлээгүй учраас нийтэд ил болгоогүй байгаа билээ.  

Мөн өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ч дээрх асуудалтай танилцсан байна. Ингээд ҮАБЗ-ийн хуралд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараас гадна зарим сайд, УИХ-ын гишүүд оролцож байгаа аж. 

ҮАБЗ нь ямар нэгэн шийдвэр, чиглэл гаргадаггүй. Харин хэлэлцсэн асуудлаараа холбогдох байгууллагад зөвлөмж хүргүүлдэг байгууллага юм.