Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ, Өмнөд Солонгос улсууд цэргийн баазын зардлыг хуваалцах асуудлаар тохиролцож чадсангүй

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Сөүл хотод уулзаж байгаа АНУ, Өмнөд Солонгосын албаныхан өнөөдөр тус улс дахь цэргийн баазын зардлыг хуваалцах асуудлаар санал зөрөлдөж, хэлэлцээ амжилтгүй өндөрлөсөн байна.

Трампын засаг захиргаа Өмнөд Солонгост байрладаг 28,500 цэрэгтэй АНУ-ын баазын урсгал зардалд жил бүр $5 тэрбумыг төлөхийг Сөүлийн эрх баригчдаас шаардаж байгаа.

Энэ нь одоо төлдөг мөнгөнөөс тав дахин өссөн дүн юм. Засгийн газраас гадна Өмнөд Солонгосын олон нийт цэргийн баазын зардалд ийм хэмжээний мөнгө төлөхийг хүчтэй эсэргүүцэж байна.

Хоёр улсын хооронд 66 жил үргэлжилсэн түншлэл анх удаагаа ийм зөрчилтэй тулгарч байгаа юм. 1950-аас 1953 оны хооронд үргэлжилсэн Солонгосын дайны дараа Умард Солонгосын халдлагаас Өмнөд Солонгосыг хамгаалахын тулд АНУ цэргийн баазаа байрлуулах болсон гэдэг. Хоёр Солонгосын дайн гал зогсоох гэрээгээр завсарласан бөгөөд одоог хүртэл дайны байдалтай байдаг юм.

“Сүүлийн 28 жилийн турш Өмнөд Солонгос, АНУ-ын хооронд үйлчилж ирсэн SMA (Special Measures Argeement) гэрээний хүрээнд зардал хуваалцах асуудал шийдэгдэх ёстой гэж манай тал үзэж байна. Харин АНУ-ын тал хамтарсан батлан хамгаалах зардлыг огцом өсгөж, шинэ заалт гэрээнд нэмэхийг хүсч байна” гэж Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас мэдэгджээ.

АНУ-ын талаас яриа хэлэлцээг ахалж буй Жэймс Дехарт “Өмнөд Солонгосын талд бодох хугацаа өгч, талуудын шаардлагыг ижил хангахуйц хариу санал гаргах боломж олгох үүднээс яриа хэлэлцээг зогсоож байна” гэж мэдэгдсэн байна.

Өнөөдрийн хэлэлцээ бүхэл өдрийн турш үргэлжлэх төлөвлөгөөтэй байсан ч ердөө нэг цаг орчмын дараа дууссан тухай Өмнөд Солонгосын гадаад хэргийн яамны эх сурвалж мэдээлжээ.

Энэ жил Өмнөд Солонгосын тал цэргийн баазын зардалд 1.04 их наяд вон ($896 сая) АНУ-д төлж байгаа. Шинээр нэхэж байгаа гэх $5 тэрбумыг АНУ-ын талаас албан ёсоор нийтэд мэдэгдээгүй байна.

Гэхдээ Дональд Трамп өмнө нь үг хэлэхдээ Өмнөд Солонгост $5 тэрбумын үнэтэй батлан хамгаалах үйлчилгээ үзүүлж байгаагаа хэлж байжээ.

Дональд Трамп ерөнхийлөгч болсон цагаасаа хойш АНУ-ын холбоотнуудыг батлан хамгаалах хамтын ажиллагаанд бага хөрөнгө мөнгө зарцуулж байгааг байнга шүүмжлэх болсон юм.

АНУ удахгүй Япон, Герман улсуудтай гэрээгээ шинэчлэх хэлэлцээ эхлэх бол ирэх онд NATO-той гэрээгээ шинэчлэх төлөвлөгөөтэй байна.

Өмнөд Солонгосын хуулиар АНУ-ын цэргийн баазын зардлыг тус улсын парламент эцэслэн батлах ёстой. Эрх баригч намын хууль тогтоогчид зардлыг одоогийнхоос хэтрүүлэх, өмнөх гэрээний зарчим, бүтцийг алдагдуулахын эсрэг байгаагаа саяхан мэдэгдэж байв.

 

Эх сурвалж: Reuters