Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Иран даяар бослого тэмцэл өрнөж, интернэт сүлжээг хаагаад байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагаас эхлэн Ираны хотуудад иргэдийн бослого тэмцэл өрнөж байна. Засгийн газар шатахууны үнийг 300 хувь хүртэл хэмжээгээр өсгөх шийдвэр гаргасан нь иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэжээ.

Баасан гарагт тэмцэгчид банкууд, шатахуун түгээх станцууд, засгийн газрын байруудыг галдан шатааж буй дүрс бичлэг сошиал ерөнцөд тарж байв.

Тэд “Хамени сөнөтүгэй!” хэмээн уухайлж байсан нь Ираны шашны тэргүүн Аятолла Хамениг нэрлэсэн хэрэг байв.

Ингээд бослого тэмцлийг хязгаарлахын тулд Ираны эрх баригчид Бямба гарагийн оройноос эхлэн интернэт сүлжээг хаасан юм. Oracle компанийн Internet Intelligence үйлчилгээ Иранд “урьд өмнө гарч байгаагүй томоохон интернэтийн тасалдал” үүссэнийг мэдээлжээ. Ойрх Дорнодын Ирак, Ливан улсуудад саяхан өрнөсөн иргэдийн тэмцлийн үеэр сошиал сүлжээ гол хөдөлгөх хүч болж байсан юм.

Тиймээс Тегераны эрх баригчид интернэтийг хаах шийдвэр гаргажээ. Даваа гарагийн байдлаар Иранд интернэт хаалттай хэвээр байна.

Эдийн засгийн хямралтай холбоотой Ираны олон нийтийн бухимдал эртнээс эхэлсэн юм. 2017 оны арванхоёрдугаар сараас 2018 оны нэгдүгээр сар хүртэл Иран даяар иргэдийн тэмцэл өрнөөд намдаж байсан.

2017 оны тавдугаар сараас АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын эсрэг олон удаагийн хориг арга хэмжээ авсан нь Ираны эдийн засгийг доройтуулаад байгаа.

Иранчуудын ихэнх нь ахуй амьдрал муудсаныг АНУ-ын бодлоготой холбоотой гэж үзэж байгаа ч өөрийн эрх баригчдын хүрээлэлд үүссэн авлигын нөхцөл байдлыг бас хурцаар шүүмжилж байв.

Өнгөрсөн Баасан гарагт засгийн газар шатахууны үнийг 50-аас 300 хувь хүртэл хэмжээгээр нэмэгдүүлсэн нь иранчуудын тэвчээрийг барсан юм.

Ираны эрх баригчид шатахууны үнийн өсөлттэй зэрэгцэн тус улсын бага орлоготой 18 сая гэр бүлийн 60 сая хүнд жил бүр нийт $2.55 тэрбумын хэмжээтэй тэтгэмж олгох болсноо зарласан байна.

Гэвч энэ арга хэмжээ иргэдийн бухимдлыг дарж чадаагүй юм.

Тэмцлийн үеэр хэд хэдэн хүн амиа алдсан тухай засгийн газар мэдээлж байна. Шатахууны үнийн өсөлтийг дэмжиж байгаа Аятолла Хамени үймээн самууныг гадаадаас Ираны дайснууд турхирч байна гэж шүүмжилжээ.

Ираны дотоод хэргийн сайд Абдолреза Рахмани Фазли хэрвээ үймээн самуун үргэлжилсээр байвал хүч хэрэглэнэ хэмээн анхааруулсан байна. Сүүлийн сар орчим хугацаанд Ойрх Дорнодын Ирак, Ливан улсуудад эрх баригчдын эсрэг ард иргэдийн хүчтэй тэмцэл өрнөсний үр дүнд эдгээр улсуудын засгийн газрууд огцрохоор болоод байгаа. Ирак, Ливан улсууд хоёул Ираны нөлөөллийн бүсэд багтдаг юм.

 

Эх сурвалж: CNN