Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Засгийн газар, УИХ-ын өндөр албан тушаалтнууд зээл авах эрх нь хязгаарлагдмал болонгуут ЖДҮХС-д хөрөнгө төсөвлөсөнгүй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ноос цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд ирэх оноос Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх болсныг эсэргүүцэж байгаа төдийгүй ЖДҮХС-г төрөөс хараат бус болох хэрэгтэй гэж үзэж байгаа аж. 

Татвар, шимтгэл нэмэгдээд байхаар ард түмний амьдрал улам хүнд болсоор байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр хэлэхдээ “Баялаг бүтээгчид бидний төлж байгаа татвар шимтгэл багадаагүй. Сүүлийн жилүүдэд Нийгмийн даатгалын шимтгэл жил ирэх тусам өсөж байгаа ч баялаг бүтээгч бид Монгол Улсынхаа хууль тогтоомжийг хүндэтгэн нэмэгдэл татвараа үг дуугүй төлсөөр ирсэн.

Гэтэл 2020 оноос буюу ердөө ганцхан сарын дараа Нийгмийн даатгалын шимтгэл хоёр хүртэл хувь болон нэмэгдэх гэж буйг эсэргүүцэж байна.

Энэ нь ажил олгогчид болон ажилтнууд тус бүр 74 тэрбум төгрөг төлнө гэсэн үг.

Үүний оронд Капитал банкнаас 240 тэрбум төгрөгөө авахыг шаардаж байна. Яагаад үргэлж жирийн үйлдвэрлэгчид, ажилчид бид төлж байх ёстой юм. Татвар, шимтгэл нэмэгдээд байхаар ард түмний амьдрал улам хүнд болсоор байна.

Монгол Улс энэ жил Саарал жагсаалтад орсноос долларын ханш нэмэгдсэн. Мөн цахилгаан, дулааны үнэ ч өссөн мөртлөө иргэдийн цалин хөлс нь огт нэмэгдээгүй" гэлээ.

Мөн тэрбээр "ЖДҮХС-г устгах хуулийн төслийг бид өмнө эсэргүүцсэний үр дүнд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаа авч үлдсэн. Гэсэн ч ирэх жил энэ санд нэг ч төгрөг төсөвлөгдөөгүй.

Улсын төсвийг 2.1 тэрбум төгрөгийн алдагдалтай батлахдаа ядаж жижиг дунд үйлдвэрлэгчдийн 50 тэрбумыг алдагдал дотроо оруулаад баталчихсангүй" гэж нэмж хэлэв.

Ирэх жилийн улсын төсөвт ЖДҮХС-д нэг ч төгрөг төсөвлөсөнгүй

 
Гэрэл зургийг Mpa.mn

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр “2018 оны тавдугаар сарын 30-ны өдөр Жижиг, дунд үйлдвэрийн корпорацыг байгуулах тухай Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоол өнөөдрийн байдлаар хүчинтэй байгаа ч хэрэгжилт үнэхээр муу байна.

Мөн Монгол Улсын Иргэний хуулийн 37 дугаар зүйл дээр Сан нь удирдах зөвлөлтэй байх бөгөөд удирдах зөвлөл нь гүйцэтгэх эрх мэдлээ хэрэгжүүлнэ гэж заасан бий.

Энэ хуулиа хэрэгжүүлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг төрөөс хараат бус болгох эхлэлийг тавьж, тус санг Жижиг, дунд үйлдвэрийн бизнесийн корпораци болгохыг хүсэж байна.

Мөн 2018 онд 78 тэрбум төгрөг, 2019 онд 47 тэрбум төгрөг ту тус төсөвлөж байсан. Харин энэ оноос олон нийтийн оролцоотойгоор Жижиг, дунд үйлдвэрлэгчдэдээ зээл олгох нөхцөлийг бүрдүүлсэн ч ирэх жилийн улсын төсөвт уг санд нэг ч төгрөг төсөвлөсөнгүй.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын болон УИХ-ын өндөр албан тушаалтнууд ЖДҮХС-гаас зээл авах эрх нь энэ жилээс хязгаарлагдмал болонгуут мөнгө төвлөрүүлэлгүй орхилоо.

Түүнчлэн Нийгмийн даатгалын хоёр хувийн нэмэгдэлд Ерөнхийлөгч хориг тавина гэхэд Сангийн сайд "Аль хэдийн хэрэгжээд эхэлсэн хуульд хориг тавьж болохгүй" гэсэн агуулгатай, маш сонин мэдэгдэл хийсэн.

Өнгөрсөн долоо хоногт 2-3 цагийн дотор л Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан шүү дээ. Хүсвэл УИХ болон Засгийн газрын гишүүд хуульд өөрчлөлт оруулж болно.

Нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийн нэмэгдлээр 167.2 тэрбум төгрөгийг улс цуглуулж авах гэж байгаа. Гэтэл Капитал банканд Нийгмийн даатгалын 240 тэрбум төгрөг байршиж байсан.

Түүнийгээ гаргуулж авахгүйгээр яагаад ард иргэд биднээс авах гэж байна вэ.

МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт татвар нэмэхгүй гэсэн заалт орсон байсан ч өнгөрсөн гурван жилийн хугацаанд Нийгмийн даатгалын гурван хувийн татварыг баялаг бүтээгчид бид тэвчиж төлж байсан. Гэтэл дахиад нэмж байна" гэлээ.

Мөн Нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувь нэмэгдсэнээр инфляц нэмэгдэнэ.

Ажил олгогч, ажилтнууд хоёр хувийнхаа нэмэгдэл татвараа бараа бүтээгдэхүүнийхээ өртөгт шингээж таарна. Ингэхээр дахиад л ард иргэдийнхээ нуруунд маш том санхүүгийн дарамт учруулна гэдгийг анхааруулсан юм.

Иргэд ажилд орохдоо Нийгмийн даатгал төлөх үү гэж асуудаг нь Нийгмийн даатгалын шимтгэлд дарлуулж байгаагийн илрэл

 
Гэрэл зургийг Mpa.mn

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны УЗ-ийн гишүүн н.Бумбацэнд “Бид дээр дооргүй ажиллах хүчний хомсдлын талаар ярьж байгаа. Гэтэл Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын шимтгэл нь өөрөө ажиллах хүчний хомсдлыг үүсгэж байгааг ойлгох хэрэгтэй.

Өнөөдөр Монгол Улсын дундаж цалин нэг сая төгрөг боллоо гэж ярьж байна. Нэг сая төгрөг гэдэг бол их цалин. Гэтэл түүнээс 337 мянган төгрөгийг нь ямар нэг хэлбэрээр шимтгэл, даатгалд төлж, үлдсэн мөнгийг нь иргэд өөрийнхөө амьдралд хүргэх гэж арай ядан зүтгэж байна.

Гэтэл цаана нь татвар төлөхгүй гээд хувиараа өөрийн амьдралаа залгуулж байгаа маш олон иргэн байна.

Иргэд ажилд орохдоо хамгийн түрүүнд Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал төлөх үү гэж асуудаг. Энэ бол Нийгмийн даатгалын шимтгэлд дарлуулж байгаагийн л илрэл.

Ядаж Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэл насаараа төлсөн иргэний төлбөр нь дараа нь өөрт нь хүрч чаддаг бол нэм гэхсэн. Гэвч үнэндээ хүрдэг бил үү.

Монгол хүн 137 жил амьдарч байж Эрүүл мэнд болон Нийгмийн даатгалын шимтгэлийн үр шимийг үзнэ гэж судлаачид дүгнэсэн байна. Харин монголчуудын дундаж наслалт талд нь ч хүрэхгүй" гэв.