2019/12/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,720.66₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-19°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-17°
22:00
S31
-21°
23:00
S31
-20°
00:00
S31
-18°
01:00
S31
-17°
02:00
S31
-17°
03:00
S31
-18°
04:00
S31
-18°
05:00
S31
-18°
06:00
S31
-18°
07:00
S31
-18°
08:00
S31
-18°
09:00
S32
-17°

ТУРШИЛТ: Шахмал түлшийг шатаах үед угаарын хий хэр хэмжээтэй үүсэж байна вэ?

Г.Номин, iKon.mn
2019 оны 11 сарын 20
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Шахмал түлшийг шатаах үед хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц хэмжээний угаарын хий дотоод орчинд ялгарч байгаа эсэхэд "Ногоон титэм" Байгаль орчны шинжилгээний лабораториос хэмжилт хийжээ.

Шаталтын үйл явцад шаардлагатай хүчилтөрөгч хангалттай хэмжээнд биш буюу дутагдах, эсвэл дутуу шаталт явагдсан тохиолдолд угаарын хий үүсдэг.

Тэгвэл сайжруулсан шахмал түлшийг түлэхийн өмнө ба дараа дотоод орчинд угаарын хий үүсэж байгаа эсэхийг тогтоохоор "Таван толгой түлш" компанийн байр/үйлдвэрлэлийн орчинд/ болон нэгэн айлд туршилт хийсэн байна.  

"Таван толгой түлш" компанийн байранд, "Өлзий" зууханд сайжруулсан шахмал түлш түлж туршилт хийсэн бол айлын хувьд ханан пийшинд залгаатай энгийн зуух ашиглаж байжээ. Дөрвөн удаагийн хэмжилтийн үр дүнд угаарын хий ДЭМБ-ын мөрдлөг болгодог эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээ буюу 30 ppm-ээс бага хэмжээтэй ялгарсан байна.

ДЭМБ-ын стандартад хүн нэг цагийн турш 30 ppm, 8 цагийн турш 9 ppm, 24 цагийн турш 6 ppm-ээс хэтрэхгүй угаарын хийтэй орчинд байхад эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үздэг.

Уг туршилтыг хэрхэн хийдэг талаар сурвалжлахаар “Ногоон титэм” Байгаль орчны лабораторийг зорьсон юм.

Агаар дахь хортой бодисын хэмжээг лабораторид хэрхэн шинжилдэг вэ?

Барилгын дотоод орчны аюулгүйн үзүүлэлтийг тогтооход сорьц цуглуулах, лабораторид шинжлэх гэсэн хоёр үндсэн үйл явцаас бүрддэг байна.

Сорьц цуглуулах,

Агаарын сорьц цуглуулах идэвхтэй болон идэвхгүй гэсэн хоёр төрлийн арга байдаг юм байна. Уг лаборатори нь идэвхтэй аргаар буюу зориулалтын шингээгчид эсвэл зориулалтын уусмал ашиглан шингээж авах бөгөөд агаар сорох насос ашигладаг байна. Сорьц цуглуулах явцад өрөө тасалгааны цонх, хаалга хаалттай байх ёстой аж.

Лабораторид шинжлэх,

Шингэн уусгагч дахь дээжээ кварцын шилэнд хийгээд гэрлийн хугарал ашиглан хэмждэг багажаар бохирдлын хэмжээг тогтоодог.  

Идэвхжүүлсэн нүүрсэнд шингээж ирсэн бол уусгагчаар уусгаж аваад хүний үсний ширхгийн 1/10-тэй тэнцэх хэмжээний нарийн, 40 метр хоолойгоор оруулах явцад молекулууд салах үйл явцаас ямар нэгдэл байгааг мэдэх боломж бүрддэг бөгөөд үр дүн нь компьютерт гарч ирдэг байна.

Угаар мэдрэгч төхөөрөмж цахилгаан химийн мэдрэгчийн тусламжтайгаар агаарт хэмжилт хийдэг
 
Гэрэл зургийг mpa.mn

Угаарын хийг хэмжих олон төрлийн арга, багаж тоног төхөөрөмж байдагаас Ногоон титэм ХХК-ийн лаборатори нь хоёр төрлийн багажаар хэмжилт хийдэг. Энэ лабораторид ашиглагддаг мэргэжлийн буюу өндөр нарийвчлал бүхий угаарын хийн багаж нь агаарт 0-1000 ppm хүртэлх угаарын агуулгыг 1 ppm нарийвчлалтай урт хугацааны хэмжилт хийх болон бусад төрлийн хортой бодисыг үзэх хүчин чадалтай.

Харин ахуйн хэрэглээнд зориулагдсан угаар мэдрэх төхөөрөмж нь цахилгаан химийн мэдрэгчийн тусламжтайгаар угаарын хийг мэдэрдэг бөгөөд тухайн орчин дахь угаарын хийн хэмжээ 30 ppm буюу ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнд заасан хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд агаарт буй хэмжээг заан дуут дохио өгч эхэлдэг байна.

“Төхөөрөмж 30 секунд тутамд хэмжилт хийж байдаг. Ингээд угаарын хий зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрвэл дуут дохио дуугарч эхэлдэг. Автомашины суудлын бүсийг бүслэхгүй бол дуугардагтай адил гэж болно. Дээд тал нь 85 децибел хүртэл буюу автомашины дуут дохиотой адил хэмжээнд хүртэл дуугардаг. Ингэхдээ угаарын хийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр давтамж нь бас түргэснэ.

Угаарын хийнд өртсөн тохиолдолд нойр хүрдэг учраас сэртэл нь чанга дуу гаргах зарчимтай гэж ойлгож болно” хэмээн “Ногоон титэм” лабораторийн захирал, судлаач Б.Алтангэрэл тайлбарлалаа.

Мөн тэрбээр “Манай лаборатори үйл ажиллагааныхаа чиглэлийн хүрээнд сүүлийн таван жилийн турш угаарын хий болон бусад төрлийн хортой хий мэдрэгч төхөөрөмж оруулж ирж, худалдаалж байгаа. Жилд дунджаар 500 орчмыг ААН, үйлдвэрүүд худалдаж авдаг. Иргэд гэртээ угаартах тохиолдол жил бүр гардаг байсан ч угаар мэдрэгчийг гэртээ ашигладаг айл тун цөөн байх.

Олон жил хэрэглэж байгаа, туршигдсан гэдэг утгаараа энэ тухай саналаа бид нийслэлд өгсөн. Гэхдээ манай улсад мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсож, туршилт судалгаанд үндэслэн шийдвэр гаргах тохиолдол тун ховор. Манай лаборатори 2016 онд амны хаалтны үр ашгийн судалгаа хийж, үр дүнг нь амны хаалт тараах гэж байсан төрийн байгууллагуудад өгсөн. Харамсалтай нь, хамгийн үр ашиг багатай гэж болох амны хаалтыг хүүхдүүд, иргэдэд тараасан байсан” хэмээн ярьсан юм.



Угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо галлагааны улирал буюу аравдугаар сараас огцом нэмэгддэг. Үүн дээр энэ жилээс нийслэлчүүдийн хэрэглээнд нэвтэрсэн сайжруулсан шахмал түлш нь шатах процесст орохдоо илүү их хүчилтөрөгч шаардаж байгаа хэмээн мэргэжлийнхэн тайлбарлаж, галлагааны зааврыг өгч буй.

Гэсэн ч угаартсан гэх дуудлага өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдсэн тул Засгийн газраас гэр хорооллын өрхүүдэд угаарын хий хэмжигч төхөөрөмж нэг удаа үнэгүй тараах шийдвэрийг гаргасан. Уг ажлыг нийслэл хариуцаж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан "Арваннэгдүгээр сардаа багтаан угаарын хий мэдрэгч суурилуулна" хэмээн мэдэгдээд байгаа юм.

x