Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Лукашенко зургаа дахь удаагаа Беларусийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт Беларусь улсын парламентын сонгуулийн санал хураалт явагдаж өндөрлөжээ.

Энэ үеэр тус улсын ерөнхийлөгч Александер Лукашенко ирэх оны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж, өрсөлдөх бодолтой байгаагаа мэдэгдсэн байна.

Гэхдээ иргэд өөрийг нь дэмжихгүй байвал албан тушаалтайгаа зууралдах бодолгүй байна гэж 65 настай Лукашенко сэтгүүлчдэд ярьжээ.

Тэрээр 1994 оноос хойш 9.5 сая хүн амтай Беларусь улсыг тасралтгүй удирдаж байгаа бөгөөд одоо тав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.

2004 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх дээд хязгаарыг тус улс үндсэн хуулиасаа хассан юм.

Сүүлийн жилүүдэд Беларусь улс салаа замын уулзварт ирээд байгаа. Москвагийн зүгээс тус улстай цэрэг, эдийн засгийн интеграцид орохоор шахаж байгаа. Харин Лукашенко энэ шахалтын эсрэг зогсохын тулд Европын Холбоо, АНУ, Хятадтай харилцаагаа сайжруулах бодлого барьж байна.

Өрнөдийнхөн Лукашенког “Европын сүүлчийн дарангуйлагч” хэмээн хочилдог. Гэсэн хэдий ч Оростой хил залгаа геополитикийн чухал байрлалд нь ач холбогдол өгч буй Европын Холбоо 2016 онд Беларусийн эсрэг тавьсан ихэнх хоригоо цуцалсан юм.

Өнгөрсөн долоо хоногт Лукашенко Венад айлчилсан нь сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа Европын Холбооны газар нутагт хөл тавьсан хэрэг байв.

АНУ, Беларусь хоёр 11 жилийн дараа харилцан элчин сайдын яамдаа нээх тохиролцоог есдүгээр сард хийжээ. Москвагийн зүгээс өгөх байсан $600 саяын зээлээ гацаасны дараа есдүгээр сард Хятадын хөгжлийн банк Беларусьт $500 саяын зээл олгох болсон юм.

Мөн Хятад улс тус улсад аж үйлдвэрийн парк байгуулахаар болсон нь Беларусь дахь хамгийн том гадаадын хөрөнгө оруулалт болж байна.

 

Эх сурвалж: AFP