Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

"ЖДҮХС-аас олгох зээлд энэ жил төрийн өндөр албан тушаалтнуудын компани шалгараагүй"

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан(ЖДҮХС)-аар дамжуулан олгох зээлийн сонгон шалгаруулалт дуусаад удаагүй байгаа. Тэгвэл энэ жилийн сонгон шалгаруулалтын үр дүн ямар байсан талаар ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайханаас тодрууллаа. 

- Энэ жилийн ЖДҮХС-аас зээл олгох сонгон шалгаруулалт өмнөх жилүүдээс ямар ялгаатай болж өнгөрөв?

- Засгийн газраас баталсан жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрүүд, ЖДҮХС-аас баталсан, зээл олгох шинэ журмаар энэ жилийн сонгон шалгаруулалт явагдаж, амжилттай дууслаа. Сонгон шалгаруулалт нээлттэй, ил тод болсон бөгөөд шалгаруулалтын үеэр хийсэн бичлэгээ цахимаар олон нийтэд шууд хүргэсэн нь энэ жилийн онцлог байсан. 

Мөн орон нутагт төсөл шалгаруулах эрх олгож эхэлсэн буюу Говьсүмбэр аймагт 500 сая, бусад аймагт нэг тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Аймгуудын Засаг даргын гаргасан захирамжийн дагуу Төсөл сонгон шалгаруулах дэд хороо байгуулагдаж, сонгон шалгаруулалтаа зарласан.

Мөн зээлийн хүүг бууруулж чадсан. Сангаас шууд олгогдож буй зээл нь жилийн гурван хувийн хүүтэй. Банкаар дамжиж олгогдох зээлийн хүү нь 5.4-5.8 хувь хүртэлх хүүтэй байхаар тогтсон. Төслийн санхүүжилт нь өнгөрсөн жилээс хоёр дахин бага байсан ч төслийн хүртээмж нь хоёр дахин нэмэгдсэн сайн үзүүлэлттэй байлаа.

Энэ жил 471 ААН төслийн зээл авах шаардлага хангаж, өнөөдрийн байдлаар 300 гаруй ААН санхүүжилтээ авсан байгаа. Зарим нь гэрээ хийх, зарим нь банкан дээр судлагдах шатандаа явж байна.

Салбарын чиглэл                            Нийт 
Төслийн тоо  Зээлийн дүн  Санхүүжилтэд эзлэх хувь 
1 Арьс шир боловсруулах  36 3,235,120,000             6.5%
2 Сүү, Сүүн бүтээгдэхүүн боловсруулах  52 3,776,880,700             7.6%
3 Барилгын материал үйлдвэрлэх  35 3,512,767,200 7.1%
4 Хог хаягдал дахин боловсруулах  7 1,189,116,00 2.4%
5 Мал, амьтны тэжээл үйлдвэрлэх  8 2,495,033,000 5.0%
6 Ноос, ноолуур боловсруулах  27 3,128,766,550 6.3%
7 Мах, махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах  52 7,244,733,500 14.7%
8 Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх 59 5,632,702,484 11.4%
9 Мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх 37 3,816,925,040 7.7%
10 Сав, баглаа, боодол үйлдвэрлэх 2 925,860,000 1.9%
11 Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах  38 3,508,800,005 7.1%
12 Туслах аж ахуйн  14 1,090,456,000 2.2%
13 Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх 30 2,451,045,000 5.0%
14 Бусад  68 5,708,669,964 11.6%
15 Шинэ техник технологи нэвтрүүлэх  6 1,693,950,000 3.4%
  Нийт дүн  471 49,410,825,443 100%

- Төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд зээл авахгүй байхад хэрхэн анхаарч ажилласан бэ. Өмнөх алдаа дахин давтагдахгүй биз дээ?

- Бид төсөл ирүүлсэн иргэд, аж ахуйн нэгжийн мэдээллийг 920 гаруй албан тушаалтны мэдээлэлтэй тулгаж, хамааралтай эсэхийг шалгасан. Энэ жил төрийн өндөр албан тушаалтнууд болон гэр бүлийн гишүүдийнх нь хувь эзэмшдэг компаниуд шалгараагүй. Бид зээлтэй холбоотой үүсээд байсан асуудлыг шийдэж чадсан. Хойшид ч энэ хэвээр үргэлжилнэ гэдэгт итгэж байна.

- Монгол Улсад үйлдвэрлэл эрхэлж буй ААН-ийн хэд нь ЖДҮ эрхэлж байгаа бол?

- 2018 оны байдлаар бизнес регистрийн санд бүртгэлтэй 150 гаруй мянган ААН байгаагаас 77 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүний 60,330 нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч бөгөөд эдгээрийн 88 гаруй хувь нь 1-10 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа.

- Цаашид Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт хийгдэхээр шинээр төлөвлөгдөж буй ямар ажлууд байгаа вэ?

- Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай шинэ хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ЖДҮ-ийн агентлаг байгуулагдах ёстой. Агентлаг байгуулах талаар УИХ, Засгийн газрын тогтоол гарсан тул ямар бүтэц, чиг үүрэгтэйгээр ажиллах бодлогоо боловсруулж байгаа. Цаашид жижиг дунд үйлдвэр үйлчилгээний салбарт зөвхөн зээл олгоод зогсдог биш, цогцоор нь харж хөгжүүлэх зорилготой гэдгийг хэлмээр байна.

Бид өнөөдөр жижиг, дунд үйлдвэрүүдийг үзэсгэлэн худалдаанд оролцуулах, сургалтад хамруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, бойжуулах зэрэг бодлогын олон аргаас зээл олгох зөвхөн нэг л бодлогыг хэрэгжүүлж буй нь учир дутагдалтай. 

Түүнчлэн ЖДҮ эрхлэгчдийн хэлснээр ажиллах хүчний хомсдлын асуудлыг шийдвэрлэх цаг нь болсон. Тэр ч утгаараа ажилгүй иргэд, ажилчидгүй үйлдвэр хоёрыг богино хугацаанд холбох талаар яам, төрийн бус байгууллагын хамтарсан баг гарч, олон улсын сайн туршлагыг судалж, нутагшуулах хуулийн төсөл боловсруулан ажиллаж эхэлсэн. Уг ажлыг миний бие ахалж байгаа. Нөгөө талаар хоршооллын асуудал ч чухал болоод байна. 

- Яагаад хоршоо чухал талаар тодруулахгүй юу?

- Бид загвар хоршоо байгуулах ТЭЗҮ гаргаж, бодлогоо тодорхой болгоод явж байна. УИХ-ын гишүүдтэй хамтран Хоршооны тухай хуулийг өргөн барьсан. Батлагдвал хэрэгжүүлж эхэлнэ. Хоршоог  хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийг саяхан Засгийн газрын хуралдаанаар баталсан. Хоршоо нь жижиг, дунд үйлдвэрийн хамгийн эхний нэгж. Олон улсын жишгээс харвал манай хөдөө орон нутгуудад таарах хэлбэр бол хоршоо байгаа юм. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үнэгүйдэж буй энэ цаг үед хоршоо чухал үүрэг гүйцэтгэнэ гэж харж байгаа.