Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ford компани бүрэн цахилгаан хөдөлгүүртэй Mustang брэндийн шинэ автомашинаа танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын авто үйлдвэрлэгч Ford компани Ням гарагт Лос Анжелес хотноо бүрэн цахилгаан хөдөлгүүртэй Mustang Mach-E SUV загварын автомашинаа танилцууллаа.

Бас 2020 оны сүүлээр худалдаанд гарах уг бүтээгдэхүүний онлайн захиалгыг $500 урьдчилж төлөх нөхцөлтэйгээр нээсэн байна. 1964 онд анх зах зээлд гарч байсан Mustang брэнд ийнхүү цахилгаан автомашины өрсөлдөөнд хөл тавьж байгаа юм.

 

Mach-E нь арын дугуй хөтлөгчтэй горимд нэг бүрэн цэнэглэлтээр 480 км зам туулах чадвартай. Харин “All-wheel-drive” горимд 332 морины хүч гаргах чадалтайг Ford мэдээлжээ.

Энгийн Mach-E хувилбар $43,895-аас эхлэх үнэтэй байх бол өндөр үзүүлэлттэй хувилбарын үнэ $60,000 давах гэнэ. 2021 онд Mustang Mach-E загварын хоёр “performance” хувилбар зах зээлд гарах ба тэдгээр нь адилхан 459 морины хүчтэй байх ажээ.

Шинэ автомашины дотор талд Фордын өөрийнх нь хөгжүүлсэн 15.5 инчийн хурууны даралт мэдрэгч дэлгэцтэй SYNC инфотайнмент системийг суурилуулсан байна.

 

Ямар ч түлхүүргүй Mustang Mach-E нь эзнийхээ гар утсыг Bluetooth технологийн тусламжтай таньж, хаалгаа нээх, асах ажээ.

Мөн урд хамар дороо 136 литрийн багтаамж бүхий ачааны хэсэгтэй нь Mustang Mach-E загварын нэг онцлог болж байна.

 

 

Эх сурвалж: Tech Insider