Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Насаараа хоригдох ял авсан сэтгүүлч Ахмет Алтаныг Туркийн шүүх сулласан ч дахин хорьжээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: thesundaily

Ахмет Хүсрэв Алтан бол мэргэжлээрээ 20 гаруй жил ажилласан Турк улсын нэртэй сэтгүүлч, зохиолч юм.

Харин 2016 онд тус улсад болсон төрийн эргэлт хийх оролдлого гэх үйл явдлын дараа түүнийг баривчилж, 2018 оны хоёрдугаар сард насаар нь хорих ял өгсөн бол гурван жилийн дараа буюу энэ сарын 4-нд сулласан. Гэвч түүнийг нийтлэл бичсэнийх нь дараа, Туркийн шүүхийн даалгавраар цагдаа нар 12-ны өдөр баривчилж, буцаан хориод байна. Уг нийтлэлийг The Guardian мөн нийтэлжээ.

Шоронд хоригдож буй хоригдлуудын эрхийг зөрчиж байгаа шүүх засаглалын талаар Ахмет Хүсрэв Алтан ийн бичсэн байна. 

"Би эрх чөлөөтэй болсон ч найзууд минь Туркийн шоронд зүдэрч байна"

 
Эх сурвалж: theguardian.com

Таны хувь заяа хэн нэгэн эрх мэдэлтний гарт орохоос өөр аймшигтай зүйл гэж үгүй. Тэр хүн таныг алж, шоронд хийж, цөлж, эсвэл эрх чөлөөг өгч чадна. Ямар ч зүйл хийсэн тэр эрх мэдэлтний тушаалаар хоригдож, суллагдана гэдэг сүйрэл л гэсэн үг. Танд өөрийгөө өмгөөлж үг хэлэх эрх ч байхгүй. Тэрхүү нөмрөг нөмөрч, индэр дээр суудаг эрх мэдэлтнийг шүүгч гэдэг. Тэдгээр эрх мэдэлтнүүд эрх мэдлээ шударгаар бус хэн нэгний эрхийн төлөө ашиглавал юу болж хувирах вэ?

Эрнест Хэмингуэйн “Зэр зэвсэг минь баяртай”(1929) туужид Италийн арми ялагдаж байх үед нэгэн агуйд хэдэн цэргүүдийн хэргийг шүүж буй тухай өгүүлдэг. Цэргүүд шүүх үнэн шударга шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байсан ч шүүгчид цэргүүдэд цаазаар авах ял оноож, жишим ч үгүй малгайгаа өмсөөд ёсолдог. Ийнхүү цэргүүд цаазын тавцан руу явдаг. 

Би шоронд хоригдож байхдаа шүүгч нартай олон удаа уулзсан. Тэд миний яриаг огтхон ч сонсдоггүй байлаа. Би өөрийн гэм буруугүйг баталж тайлбарлахад тэд нөгөө л нэг ялаа тулгадаг. Эхлээд тэд надад бүх насаар хорих ял оноосон. Дараа нь 10 жил 6 сар болгож өөрчлөн, эцэст нь сулласан. Намайг дахин суулгах ёстой гэж прокурор шүүхэд хүсэлт гаргалаа. Миний бие шүүхийн шийдвэрийг хүлээнгээ ийнхүү бичиж сууна. Тэд намайг шорон руу буцааж ч мэдэх юм.

Бүх насаараа хорих ял, бас суллагдах шийдвэрийг би өөр цагт хэдий ч нэг л шүүгчийн амнаас сонсож байв. Суллах шийдвэр сонсох ялгаагүй бачимдаж, давчдам байсан. Яагаад гэвэл миний талаар шийдвэр гаргах эрхгүй хүн намайг сулласан учраас тэр. 
 
Би Туркийн шоронгоос суллагдсан ч гэм буруугүй мянга мянган хүн тэнд хоригдсоор байна. Ямар ч гэмт хэрэг үйлдээгүй хоёр хүнтэй би гурван жил гаруйн хугацаанд шоронгийн жижигхэн өрөөнд хамт хоригдсон. Тэдний хэлснийг хэн ч сонсоогүй. Яг л “Зэр зэвсэг минь баяртай” туужид гардаг цэргүүд шиг гэм буруугүйгээ хэд ч давтаж хэлсэн шүүгчид огтхон ч авч хэлэлцэлгүй шорон руу цөлөгдөж. 

Нэг өрөөнд хоригдож буй хоёрын нэг нь хүүтэй минь чацуу. Баригдах үедээ дөнгөж гэрлэсэн нэгэн байж. Тэр шүтлэгтэй хэрнээ философи, шинжлэх ухаанд сонирхолтой. Огтхон ч хамааралгүй зүйлсээр сонирхолтой эд хийчихдэг гарын ур дүйтэй. Давсаар гантель, хувцасны хавчаараар сэрээ, халбагаар хямсаа гээд итгэмээргүй зүйлс хийж чаддаг. Түүнийг Сэлман гэдэг. Тэр гомдоллох нь бурханд тэрсэлнэ гэж үздэг болохоор ердөө ч гомдоллодоггүй. Түүнийг эргэхээр хүн ирдэггүй байсан ч тэр энэ талаар огтхон ч гоморхож байгаагүй.

“Хатагтайн Амьдрал” зохиолоо бичээд сууж байтал өрөөнд хөгжим сонсогдов. Лимбэний эгшиг. Эргээд хартал Селман хана налаад, нүдээ анин лимбэ тоглож байлаа. Хоригдлууд ямар ч чимээ гаргахаа больж, бүгд түүний аялгууг чих тавин сонсоцгоож билээ. Селманыг тоглож дуусахад бүгд алга ташин баяр хүргэж, шоронгийн коммиссaрaaс худалдаж авсан чихэр сэлтээ манай өрөө рүү шидэж, түүнээс дахин тоглохыг гуйж байсан юм. Тэр хэдэн цагийн турш лимбэдсэн. 

Тэр хуанлийн хуудсуудаар ийн лимбэ урлаж, лимбэний нүх хоорондын зайг тооцоолон хуванцар савны бөглөөгөөр үлээх хэсгийг хийсэн байв. Дэлхий дээрх өөр ямар ч лимбэ түүнийх шиг эгшиглэхгүй. Лимбэ үнэхээр өвөрмөц чимээ, намуухан аялгуутай байлаа. Селман нэг ч нот алдалгүй тоглодог ба ганц намуухан гэлтгүй аз жаргал, уйтгар гуниг төрүүлэм төрөл бүрийн аялгууг эгшиглүүлнэ. 

Намайг шоронгоос гарахад “Суллагдах үед ямар сэтгэгдэл төрөв дөө?” гэж олон хүн асуусан. Тэд хоригдлуудын эрх чөлөөг мэдэрсэн тухайн баяр баясгаланг сонсох дуртай юм билээ. Харин би гунигтай байгаагаа шууд хэлсэн. Учир нь би Селманаас авахуулаад гэм зэмгүй мянга мянган хүнийг ардаа орхиод гараад ирсэн шүү дээ. Тэднийг суллах хүч надад байхгүй. Хэн ч тэднийг, бас намайг сонсохгүй. Ганц шүүгчид ч гэлтгүй бүхэл бүтэн нийгэм тэр хүмүүст нуруугаа харуулж, заримд нь үхэх ял оноосон. Тэд малгайгаа өмсөж, тангаргаа өргөөд, нүүр лүү нь харж байгаад цаазын тавцан руу илгээдэг. Тэгээд дараагийн хохирогч руу шилждэг. 

Шоронд  хоригдож, гэм буруугүй хүмүүс зовж шаналахыг нүдээр үзэж, цаасаар хийсэн лимбэний эгшиглэх чимээг сонссоны дараа шоронгоос баяртайгаар явж үнэхээр түвдэхгүй. Хоригдлын хувьд та шударга бус хэргийн хохирогч. Гэвч нэг л хоригдсон бол та ялтан, гэмт хэрэгтэн болно. 

Дэлхий дээрх хамгийн аймшигтай зүйл бол хувь тавиланг чинь шийдэх эрхтэй эрх мэдэлтэнтэй учрах. Тэр хүн таны юу хэлж, яаж тайлбарлахыг сонсох ч үгүй, хүн чинээ тоохгүй байх шиг доромжлол энэ ертөнцөд байхгүй. Шоронд хоригдохын зовлон, дуусашгүй хүлээлтийг гагцхүү тэр лимбэ л илэрхийлж чадна.

Тэд намайг дахин шалгаж, баривчилж магадгүй юм. Гэхдээ Сэлман аль хэдийн баривчлагдаж, яллагдсан. Тэр давсаар гантель хийдэг. Түүнийг хэн ч эргэхээр очдоггүй ч тэр гомдоллодоггүй. Тэр зүгээр л хана налаад лимбээ тоглон суугаа.



Турк улс хэвлэлийн эрх чөлөөг системтэйгээр зөрчиж буй орнуудад нэрлэгдэж, хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ 180 орноос 157-р бичигдэж байгаа билээ.

Өдгөө тус улсын шоронд Ахмет Хүсрэв Алтаны ижил 79 сэтгүүлч ямар нэгэн ял шийтгэлгүйгээр, зүгээр л хоригдсоор байгаа бол 88 сэтгүүлч ял авжээ. Харин 167 сэтгүүлч ор сураггүй байгаа гэдэг тоогоор Турк улс өдгөө сэтгүүлчдийг хамгийн олноор шоронд хорьсон Хятад, Египет, Саудын Арабыг ардаа охиод байгаа талаар The Economist мэдээлсэн. 

Харин Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагын бүртгэснээр 2019 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар нийт 334 сэтгүүлч шоронгийн хаалга татсан бөгөөд сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргийн 90 гаруй хувь нь ял шийтгэлгүй үлдэж байгааг 14 хоногийн өмнө тохиосон Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдрөөр мэдээлсэн билээ.