Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

С.Эрдэнэбат: Капитал банканд байршиж байсан НДС-ийн мөнгийг бүрэн барагдуулахгүй байх магадлал өндөр байна

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 11 сарын 18
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Монголбанкнаас 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр “Капитал банк”-ийг дампууруулах шийдвэр гарсан байдаг. 

Тус банканд Нийгмийн даатгалын сангийн 104, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум төгрөг байршиж байв. 

Энэхүү мөнгийг төлж барагдуулах талаар өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл "Капитал банк"-ны эрх хүлээн авагчтай уулзаж, ярилцлаа. Уулзалтын дараагаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат мэдээлэл өгсөн юм. 

 
Гэрэл зургийг Mpa.mn

Тэрбээр “Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө нь иргэдийн мөнгө. Тиймээс барагдуулах дарааллаараа “Даатгагдаагүй хадгаламжийн төлбөр” ангилалд байх ёстой. Гэтэл Банкны тухай хуулийн дагуу өр төлбөр барагдуулах дарааллаар наймдугаарт буюу “Засгийн газарт төлөх өр төлбөр, албан татвар” ангилалд оруулсан. Тиймээс МҮЭХ-ноос дарааллын ангиллыг ахиулахыг шаардаж байгаа.

Мөн Сангийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар /НДЕГ/-аас төлбөр барагдуулах ангиллыг ахиулах шаардлага тавьж, НДЕГ шүүхэд хандсан юм билээ. 

Хэрэв одоо байгаа дарааллаар байвал иргэдийн төлсөн шимтгэл буюу 240 тэрбум төгрөг бүрэн төлөгдөхгүй байх эрсдэлтэй байна. Эрх хүлээн авагчид нийт 500 тэрбумыг барагдуулах ёстойгоос 200 тэрбумыг нь төлөх боломжгүй харагдаж байгааг хэлсэн. Энэ эрсдэлд Нийгмийн даатгалын сангийн мөнгө өртөх магадлалтай” гэлээ. 

Мөн "Капитал банк"-ийг дампууруулахад хүргэсэн чанаргүй зээлдэгчдийг зарлах ёстой гэсэн байр сууриа МҮЭХ-ноос илэрхийлжээ. Гэвч энэ нь боломжгүй гэх хариултыг эрх хүлээн авагч өгсөн байна. 

МҮЭХ-ны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Банк дампуурснаас хойш 240 тэрбум төгрөгийн хүү зогссон. Энэ мөнгийг нэг сарын хугацаанд банканд хадгалуулсан бол хүүг нэг хувиар бодоход л ойролцоогоор 2.4 тэрбум төгрөгийг сар бүр авах ёстой байв. Тэгэхээр дөрөвдүгээр сараас хойших энэ хугацаанд хүүгээс 30 орчим тэрбум төгрөгийг олох боломжтой байсан” гэлээ. 


Банкны тухай хуулийн 73-р зүйлд Төлбөр барагдуулах дарааллыг зааж өгсөн байдаг. Үүнд:

73.1.Банкны хөрөнгийг худалдан борлуулсны орлогоос нэхэмжлэлийн шаардлагыг хангахад доор дурдсан дарааллыг баримтална:

73.1.1.бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулах тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн тухайн банкнаас гаргуулж байсан төлбөр;
73.1.2.Монголбанкны болон эрх хүлээн авагчийн үйл ажиллагааны зардал;
73.1.3.Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч нарын хадгаламжаас бусад Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан даатгагдсан хадгаламж, даатгагдсан хадгаламж эзэмшигчийн шаардах эрхийг шилжүүлсэн авсан Хадгаламжийн даатгалын корпорацийн шаардлага;
73.1.4.Хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгө;
73.1.5.даатгагдаагүй хадгаламжийн төлбөр;
73.1.6.банкны эрх бүхий албан тушаалтнаас бусад ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй цалин хөлс;
73.1.7.Монголбанкны шаардах эрх бүхий төлбөрийн шаардлага;
73.1.8.Засгийн газарт төлөх өр төлбөр, албан татвар;
73.1.9.үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар баталгаажаагүй бусад өр төлбөр;
73.1.10.хоёрдогч өглөг.

Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө нь аливаа нэг албан байгууллага, эсвэл Засгийн газрын мөнгө биш тул Засгийн газарт төлөх өр төлбөр, албан татвар ангилалд байх нь зохимжгүй гэдгийг МҮЭХ-ноос хэлж буй. Энэ ангилалд байснаар бүрэн төлөгдөх эсэх нь бүрхэг тул ангилал ахиулж, даатгагдаагүй хадгаламжийн төлбөр буюу тавдугаарт эрэмбэлэгдэх ёстой хэмээж, тус ангилалд багтаахыг шаардаж байгаа юм.