Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: 19 төлөөлөгчийн давтан шинжилгээний хариу удахгүй гарна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 16-ны өдөр Африкийн Кени улсад хуралд оролцоод ирсэн манай улсын 19 төлөөлөгчийг тусгаарлаж, шинжилгээ авч буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал,  Найроби хотод энэ сарын 11-14-ний хооронд зохион байгуулагдсан НҮБ-ын Хүн амын сангийн Олон улсын уулзалтад оролцсон манай улсын 20 төлөөлөгчийн нэг холер өвчнөөр өвчилж тухайн улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр болсон.

Харин энэ сарын 16-ны өдөр эх орондоо ирсэн бусад төлөөлөгчийг ХӨСҮТ-д тусгаарлан, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээг хийж байгаа юм.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэлээс тусгаарлагдсан төлөөлөгчдийн шинжилгээний хариу гарсан эсэхийг тодруулахад "Төлөөлөгчдийн эхний зургаан цагийн шинжилгээний хариу сөрөг буюу эрүүл гарсан. Гэхдээ 72 цагийн дараа давтан шинжилгээ авсан бөгөөд хариу нь удахгүй гарна. 

Тус шинжилгээний хариуг харгалзан төлөөлөгчдийн тусгаарлалтыг болих эсэхээ шийднэ" гэлээ.

Кени улсад 2017 оноос хойш холер өвчний дэгдэлт гарч байгаа бөгөөд 2019 оны аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар 3,889 хүн өвчилж, 26 хүн нас баржээ.

Иймд ард иргэдийг холeр өвчний голомттой улс оронд зорчихгүй байхыг ЭМЯ-наас анхааруулаад байгаа билээ.