Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Ургамал төв”-ийг үүсгэн байгуулагч Б.Сувд: Эх дэлхийгээ аргадаж, хайрласан хүн л ашиг шимийг нь хүртдэг

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

Экстра” орос худалдааны төвийн захирал Б.Сувдтай ярилцлаа. Тус худалдааны төвийн дэргэдэх “Ургамал төв”-ийн талаар бид яриа өрнүүлсэн юм. Гоёмсог цэцгүүдээр хүрээлүүлсэн, “Эрүүл хөрс, эрүүл монгол хүн” уриатай тус төвөөрөө дамжуулан Б.Сувд захирал олон нийтэд ямар ургамлыг хэрхэн зөв тарих, юунд голлон анхаарах зэрэг мэдээлэл, зөвлөгөө өгч, цахим хичээл заадаг. Хэрхэн жинхэнэ зөв цэцэгчин, ногоочин, жимсчин болох, хамгийн чухал нь юу вэ зэргийг тэрбээр ийнхүү тайлбарлалаа.

-Та мод ургамал, жимс, ногоо тарих, арчлах мэргэжил эзэмшээгүй ч бие даан суралцаж, “Экстра” Орос худалдааны дэргэдэх “Ургамал төв”-ийг байгуулсан гэж сонслоо. Энэ төвийг байгуулах санаа хэрхэн төрсөн юм бэ?

-Энэ тухай яривал багагүй хугацаа орно л доо. Товчхондоо, хоббиноос эхэлсэн гэхэд болно. Газар тариалан эрхэлнэ, ургамал тарина гэдэг маш хариуцлагатай зүйл. Ер нь нийгэм, байгаль орчин, өөрийн болон бусад хүний өмнө хүлээх асар өндөр үүрэг, хариуцлага гэж хэлж болно. Зөв л тарихгүй бол хүнсний ногоо, жимс шууд хор болж хувирахыг ойлгоод, бие даан сурч эхэлсэн. Сурах явцдаа энэ бол маш өргөн боловсрол, туршлагын нийлбэр, мэдлэг, мэдээллийн гайхамшигт том далай тэнгис болохыг ойлгосон. Хамгийн гол нь тэр том далай тэнгист би ганцаараа биш, бүтээлч хамт олонтойгоо цуг сэлж, судлах ёстойг мэдэрсэн. Тэгэхгүй л бол Монгол орны минь эдийн засаг, байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд маш их хор хохирол учрахыг ухаарч, үнэхээр сэтгэл өвдсөн учраас энэ төвийг байгуулсан юм. Олон монгол хүн янз бүрийн өвчнөөр өвдөж, ямар их хөрөнгийг эрүүл мэндийн зардалд буруу, зөвгүй зарж байна вэ. Ер нь Монголд маань бэлэнчилдэг, ядуу сэтгэлгээ газар авч, хариуцлагагүй, бусдаас юм нэхсэн, тэжээлгэсэн, тэтгүүлсэн бүхэл бүтэн армитай болж буйг хараад үнэхээр тэвчиж чадаагүй. Эрүүл явна гэдэг хувь хүний том хариуцлага, төр, засгийн алс хэтээ харсан, урт хугацааны ухаалаг бодлогын хамтын бүтээл гэж ойлгоод “Ургамал төв”-ийг байгуулсан.

-Монгол хүн эрүүл, эко бүтээгдэхүүн хэрэглэх учиртай гэсэн сэтгэлээр л уг ажлыг эхлүүлжээ?

-Хариуцлагатай газар тариалан, өргөн мэдээлэл, мэдлэгтэйгээр, эрүүл мэндээ дээдэлсэн, зөв хандлага, сэтгэлээр энэ ажлыг хийхгүй бол биднийг юу хүлээж байна вэ гэж бодохоор өөрийн эрхгүй айдас төрдөг шүү. Юуны өмнө хөрсөө хайрлаж, бас эрүүл мэндээ дээдэлсний үндсэн дээр газар тариалан эрхэлбэл монголчуудын минь тарьсан жимс, ногоо, тариа, түүгээр зогсохгүй зөгийн бал, мах зэрэг нь дэлхийд өрсөлдөх жинхэнэ чанартай, органик бүтээгдэхүүн болно. Үүний тулд юу хийх, ямар арга хэмжээг нэн даруй авах хэрэгтэй талаар шийдэж, ажил хэрэг болгодог хүнд нь ярьж, хэлэх сэн гэж сэтгэл зовних юм. Бүр заримдаа нойр ч хүрэхгүй юм аа. Дээр дурдсанчлан, зөв сэтгэлгээ, сэтгэл л үүнийг хэрэгжүүлэх үндэс нь. Хүн амын эрүүл мэнд, монгол хүн оршин тогтнох, эсэх нь нэг талаас хувь хүний хариуцлагын асуудал болчихоод байна. Болдбаатар, Сувдаа нарын гэр бүл гоё цэцэрлэгтэй, гоё цэцэгстэйг олон монголчууд мэддэг болсон. “Экстра Ургамал төв” гэдэг фэйсбүүк хуудас руу ороод анхааралтай үзээд, уншвал намайг яагаад ингэж яриад, орилоод байгааг хэн ч ойлгоно. Эрүүл явна гэдэг эмийн сангаас эм худалдаж аваад л, өндөр өртөгтэй эмнэлэгт үзүүлээд, хэвтээд байхын нэр биш. Хэдэн хөгшид нь амралт, сувилалд сувилуулсан нэртэй хөзөр тоглочихоод, буцаж ирээд, төлсөн мөнгөнийхөө тал хувийг авч баясан, залуус нь өдөр бүр харь орны халуун ногоотой хоол, өөхтэй мах, бууз идэхийг хэлж байгаа хэрэг бус. Монгол хүн эрүүл хүнсний ногоо, жимс идэж байж, түүнийгээ зөвхөн өөрийнхөө гараар тарьж ургуулбал эрүүл саруул явна, идэвхтэй хөдөлгөөнтэй байж л урт насална гэдгийг ойлгохгүй байгааг харахаар муу эгч нь бухимдах л юм даа.

-Монгол орон эрс тэс, ширүүн уур амьсгалтай болохоор ургамал, ногоо, ялангуяа цэцэг тарихад маш хэцүү гэж мэргэжлийн хүмүүс ч хэлдэг. Харин танай зусланг хараад үнэхээр их бахархсан. Ийм гоё болгож чадсан гол хөшүүрэг нь мэдлэг, туршлага юм уу. Эсвэл хөдөлмөр илүү чухал уу?

-“Экстра Ургамал төв”-ийн фэйсбүүк хуудсанд бичсэн зөвлөгөө, мэдээллийг уншиж танилцаад ирмэгц л энэ бол маш их гүнзгий мэдлэг, өргөн мэдээлэл, арвин туршлага, бас уйгагүй хөдөлмөрийн нийлбэр гэдгийг ойлгоно. Миний хань О.Болдбаатар бид хоёр энэ их мэдлэг, арвин туршлага, нөр их хөдөлмөрийн зах зухаас нь л хүртэх гээд л мэрийж байна даа. Насан туршдаа суралцаж, амжилттай хөдөлмөрлөж, зорилготой, түүндээ хүрэх сэтгэлийн хаттай, тууштай, уйгагүй байж л хүн гэдэг эрхэм нэр төрийг авч явдгийг монголчууд минь ойлгоосой. Ингэсэн ард түмэн ямар их амжилтад хүрч болдгийг хоёр хөрш орон хэлээд байгааг ойлгох цаг аль хэдийн ирсэн. Улстөржөөд, хувийн эрх ашиг, богино хугацаанд амархан баяжих, хөнгөн амьдарчихъя гэсэн сэтгэлгээ давамгайлсаар байвал ямар их сүйрэл хүлээж байгааг олон орны жишээ харуулдаг шүү дээ. Монгол хүн л юм бол эрүүл саруул ухаанаар сэтгээч, бодооч, хөдөлмөрлөөч гэсэн үг сэтгэлийн угаас өөрийн эрхгүй гарах юм. Хөдөлмөрч, бүтээлч олон монголчууд байна, хамтдаа хөгжих, дэвжих ухааныг нь төр, засаг минь оргилуулаад өгдөг ч болоосой гэх бодол байнга төрдөг.

-Мод, ургамал тарьж, ургуулна гэдэг тийм амар биш, маш их тэвчээр шаарддаг юм шиг санагддаг. Төлөвлөсөн ажил үр дүнд хүрэхгүй шантрах тохиолдол олон уу?

-Олон хүн газар тариалан, ногоо, жимс тариалах ажлаас шантардаг. Энэ бол нөгөө л залхуу, дээр нь бэлэнчлэх гэдэг бидний архаг өвчинтэй салшгүй холбоотой. Ажлыг анхнаасаа л зөв хийгээд сурчихвал өөртөө болон гэр бүлдээ маш том хөрөнгө оруулна гэсэн үг. Чи хэчнээн ядуу ч хөдөлмөрлөөд, өрхийнхөө аж ахуйг зөв хөтлөөд, ядаж нэг жил идэх хүнс ногоогоо зөв ургуулж, хадгалахын зэрэгцээ үр хүүхэд, ач гучаа энэ ажилд сурган, цэцэг, жимс, ногоо тарих арвин туршлагатай болно гэдэг их том хөрөнгө оруулалт биш гэж үү. Хөдөлмөрч хүнийг үргэлж зөв хөрөнгө оруулалт, эрүүл саруул ухаан, оновчтой сэтгэлгээ, сайхан хувь заяа дагаж явдаг гэж ойлгодог учраас би “Ургамал төв”-өө байгуулсан. Ийм хөдөлмөрч бүтээлч, зөв монголчууд олон байгаасай гэж хүсдэг. Энэ ажлаа би ямар ч үнэ төлбөргүй хоёр жил хийлээ. Төр, засаг минь харж ойлгож дэмжиж тусална байх гэж найдаж явдгаа энэ ялдамд хэлье.

-Уг ажлыг зөвхөн хүнд хэцүүгээр харах бус, сайн сайхан тал нь илүү олон байх. Тарьсан цэцэгс ургаад, үзэсгэлэнтэй болоход ямар мэдрэмж төрдөг вэ?

-Хүний хамгийн том аз жаргал гэдэг сайн сайхан үр хүүхэд, хань, эрүүл бие, зөв сэтгэлгээ, сайхан эх орон, ухаалаг төр, засаг, үзэсгэлэнт байгаль, гоё цэцэгс, хөдөлмөрийн үр шим гээд л олон зүйл хэлж болно л доо. Миний хувьд “Экстра Ургамал төв”-ийн фэйсбүүк хуудсанд ханддаг, суралцдаг, бидний зөвлөгөөг байнга дагаж мөрдөж, ажил, амьдралдаа хэрэглэдэг 20 000 гаруй хүн, тэдний талархлын үгсийг сонсох нь л хамгийн том аз жаргал. Бидэнтэй зэрэгцэн сууж, ярилцаж хэлэлцээгүй ч үргэлж хамт байдаг, газар тариалан зөв эрхлэх мэдлэг, мэдээлэл авч, дадал заншлыг эзэмшиж, амьдралаа дээшлүүлэх гэж мэрийн зүтгэж байгаа бүтээлч монголчууддаа их хайртай.

-Анхлан суралцаж байгаа, энэ чиглэлийг сонирхож байгаа хүмүүст та хамгийн түрүүнд юунд анхаарах ёстой гэж зөвлөх вэ?

-Ажил их гэж бүү шантар, хийвэл дуусна. Учирсан зовлон тань уулын чинээ байвч, угтах жаргал тань далайн чинээ байна. Сурсан бүхэн эрдэм, сураагүй бүхэн гэм. Эрдэм сурсан хүн насандаа цатгалан. Ухааныг нь олбол учиргүй юм гэж байдаггүй. Учрыг нь олбол болохгүй юм гэж байдаггүй гэж хэлмээр байна даа. Ард түмнийг ажил хөдөлмөр хийх боломжоор ханган, түүндээ тохирсон цалин хөлс авах эрүүл саруул нөхцөлийг буй болгож, газар тариалан, өрхийн аж ахуйг зөв эрхлэх, дадал олгох, ялангуяа энэ салбарт маш чанартай сургалтыг урт хугацаагаар, системтэй явуулахгүйгээр бид газар тариалан, төмс хүнсний ногоо, жимс, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхгүй. Энэ чиглэлээр гаргасан Засгийн газрын олон төсөл, тогтоол шийдвэрийг ч зөв бөгөөд амжилттай хэрэгжүүлэх боломжгүй. ОХУ, Беларусь, Украин улс ногоочид, цэцэгчид, жимсчдээ сургахад маш их анхаарч байна. Энэ чиглэлээр ажилладаг бие даасан телевиз, радио, сонин, сэтгүүл, хэдэн арван сайт, блог, фэйсбүүк хуудас, олон нийтийн байгууллага, клуб, хамтлаг ажилладаг юм билээ. Олон нийтэд нэг нэгнээсээ суралцах, туршлага, ололтоо хуваалцах боломж олгож байна гэсэн үг л дээ. Тэднээс сурах, санаа авахаар зүйл бишгүй. Өрхийн аж ахуйг зөв дэмжиж, бүтээлч хүмүүсийнхээ асар том хөдөлгөөнийг өргөжүүлж хөгжүүлэхэд төр, засаг нь хувь нэмрээ ингэж оруулдаг.

-“Ургамал төв” монгол хүмүүст юу өгөөсэй, ойлгуулаасай гэж та хүсдэг вэ?

-Цэцэг, жимс, ногоогоо тарья гэж л нэгэнт шийдсэн бол та маш их зүйлийг сурч мэдэж авах хэрэгтэй болно гэдгийг хэлье. Та их ядарна, хөлөрнө, эрүүлжинэ, хөгжинө, бас олон найз нөхөртэй ч болно. Манай “Ургамал төв” болон “Экстра Ургамал төв” фэйсбүүк хуудас танд маш их тусална. Жинхэнэ ногоочин, жимсчин, цэцэгчин болж, бүтээлч монголчуудын эгнээнд элсэхэд тань тусалж байгаа нь бидний бахархал. “Ургамал төв” бүтээлч монголчууддаа зөв сэтгэл, хандлага, дадал, соёлыг эзэмшиж, залхууралгүй, шантралгүй зүтгээрэй, хамтарч байж л бэрхшээлийн ард гарна шүү гэдгийг л ойлгуулахыг хүсдэг дээ. Бас эх дэлхий байгалиа аргадаж хайрласан хүн л ашиг шимийг нь зөв хүртдэг юмаа гэдгийг ойлгуулахыг хичээдэг. Түүнчлэн дутуу ойлгосонд нь зөв мэдээлэл, зөвлөгөө хүргэх гэж, дам сураг сонссоноороо ногоо, жимс тарьж байгаа олон хүнийг зөв цэнэглэх гэж их хичээдэг. Мөн туршлагатай, сайн ногоочдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, цэцэг, ногоо тарих хүсэлтэй хүмүүсийн идэвх, урам зоригийг сэргээхийг зорьж байна.

-Та энэ чиглэлээр сонирхож байгаа хүмүүст зөвлөгөө мэдээлэл өгч, мэргэжлийн хүмүүсээр лекц уншуулдаг юм байна. Хамгийн гол нь эл үйл ажиллагаа ашгийн бус, хүмүүсийн мэдлэг, мэдээллийг сайжруулахад чиглэжээ. Танай фэйсбүүк сургалтад олон хүн хамрагдаж, танд, танай хамт олонд маш их талархал илэрхийлснийг хараад их гайхсан. Цахим сургалтын тань бусдаас ялгарах онцлог, дэвшилттэй, шинэлэг давуу талуудын тухай ярьж өгөөч.

-Маш зөв, их оновчтой асуулт тавьсанд үнэхээр баярлалаа. Манай цахим сургалтын онцлог болон давуу тал нь бид “Экстра Ургамал төв” фэйсбүүк хуудсаараа дамжуулан дараах маш ховор, үнэ цэнтэй, чухал сэдвүүдийг системтэйгээр, маш дэлгэрэнгүй хүргэдэг.

Нэгдүгээрт, өвчин ба хортон шавж нь ногоочин, жимсчин хүний муу арчилгаанаас шалтгаалдаг хоёрдогч үр дагавар болохыг өрхийн аж ахуй эрхлэгчдэд ойлгуулахад гол анхаарлаа хандуулдаг. Мөн өвчин хортонтой тэмцэх олон аргыг эзэмшүүлэх, тэдгээр аргыг дэс дараалалтай хэрэглэх, ялангуяа урьдчилан сэргийлэх олон арга хэмжээг тодорхой зөв цаг хугацаанд, зөв оновчтой хэрэглэх соёлыг хүн амын дунд түгээхэд гол анхаарлаа хандуулдаг.

Хоёрдугаарт, химийн бордоо, ургамлын өсөлт ургалтыг дэмжигч төрөл бүрийн бэлдмэл, химийн хор, бусад элдэв бодисыг дураараа, эмх замбараагүй хэрэглэх нь ямар их гай гамшиг, хор уршиг авчирдгийг ногоочид, тариаланчдад ойлгуулж, ухамсарлуулах явдал бидний ажлын чухал нэг хэсэг байдаг. Энэ нь ерөөсөө явж явж тариаланчид, ногоочид, жимсчдийн өөрсдийнх нь сэтгэлгээний хандлага буруугаас, дээр нь химийн хор гэдэг аюул дагуулсан зүйлийн тухай мэдлэг мэдээлэл муу, дүрэм журмынх нь дагуу биш, “өөрийн зохиосон жор”-оор, хүнээс дуулж мэдсэн, сонссоноороо дур мэдэн хэрэглэсний дараа ямар их аюул нүүрлэж болохыг гүн гүнзгий ойлгуулахыг эрмэлздэг.

Гуравдугаарт, ер нь гарын дор байдаг маш олон энгийн, хямд төсөр материал, ахуйн хог хаягдлаар эко бордоо хийж болох, мөн агротехникийг зөв бүтээмжтэй хэрэглэж, эко олон төрлийн аргаар ургамлын өвчин, хортон шавжтай тэмцэж болдгийг ойлгуулахад чиглэсэн мэдээлэл түгээхэд бид их анхаардаг.

Дөрөвдүгээрт, өрхийн аж ахуй эрхлэгчдэд хүнсний ногоо, жимс тариалах өргөн, бүрэн дүүрэн, зөв, тодорхой, оновчтой мэдлэгийг олж авахгүйгээр энэ ажлыг эрхэлнэ гэдэг эрүүл хүнсний ногоо, жимсээ биш, “хор” хүнсэндээ хэрэглэхэд хүргэнэ гэдгийг ойлгуулахыг зорьдог. Мөн хөрсний доройтол яаж илэрдэг, түүнтэй хэрхэн тэмцэх талаар ойлгуулж, өрхийн аж ахуй эрхлэгчдэд юуны өмнө хөрсний доройтлоос хэрхэн урьдчилан сэргийлж, хамгаалж болох аргуудыг эзэмшүүлэхийг зорихоос гадна хэд хэдэн зорилт дэвшүүлэн ажилладаг.

Тухайлбал, хүмүүст мэдээллийг маш энгийн ойлгомжтойгоор хүргэхээс гадна бүрэн гүйцэд, үнэн зөв, системтэй мэдлэггүйгээр энэ ажлыг эрхлэхгүй бол ямар ч амжилтад хүрэхгүйг гүнзгий ойлгуулахыг зорьдог. Олон жил ногоо, жимс тарьсан хүмүүсийн ихэнх нь бие биеэсээ дам сургаар олж авсан мэдээллээр энэ ажлыг эрхэлж байсныг тайлбарлаж, зөв ойлгуулах, тэдэнд ойлгомжгүй, бүрхэг байсан олон асуултад хариулж, туршлагаар олж авсан мэдлэгийг аль болох системтэй, эмх цэгцтэй болгохыг эрмэлздэг нь бидний сургалтын бас нэг давуу тал.

Хөрс, байгалиа хайрлаж байж газрын үр шимийг зөв хүртэнэ гэдэг ойлголтууд салшгүй холбоотой. Газраа эргэлтэд оруулъя, газар нь өв уламжлагдан дамжих жинхэнэ хувийн өмч, хөрөнгө гэдгийг иргэдэд ойлгуулах, хариуцлагатай өрхийн аж ахуйг эрхлэх ач холбогдол, хүн бүр бүтээлч байхын утга учир, өрхийн аж ахуй эрхлэх нь өөртөө, гэр бүлдээ, эрүүл мэнддээ оруулж байгаа маш оновчтой хөрөнгө оруулалт гэсэн олон сайхан зөв ухагдахууныг хүмүүст ойлгуулахын төлөө бид чармайн ажилладаг.

Бид энэ ажлыг ямар ч үнэ төлбөргүй хийдэг. Гэсэн ч хийсэн болон хийх ажлаа олон нийтэд тогтмол танилцуулж, тайлагнаж, санал зөвлөгөөг нь байнга авч ажилладаг нь ажлын минь бусдаас ялгарах гол онцлог.

Бүтээлч монголчууд минь, манай “Экстра Ургамал төв” фэйсбүүк хуудсаар заавал зочлоорой. Танд хийж бүтээх хүсэл төрнө гэдэгт эргэлзэхгүй байна. Бидэнтэй нэгдээрэй.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.