Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд “утаа үйлдвэрлэгч” байх уу, нутагтаа баялаг бүтээгч болох уу

ikon.mn
2019 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийгэм, эдийн засаг, улс төрийн салбарт үйл явдал арвинтай, сонин хачин ихтэй долоо хоногууд үргэлжилж байна. Ийм эрчимлэг өдөр хоногууд халуун, хүйтэн, өвөл, зун эс ажран болсоор байдаг нь бидний амьдралыг улам ч сонирхолтой болгох мэт. Өвөл болохоор яригддаг нийтийн “дайсан” утааны асуудал ч ярианы гол сэдэв байсан хэвээр байна. Утаа буурсан, буураагүй гэж цахим орон зайд хоорондоо мэтгэлцэх  зуур утааг багасгах төрийн ухаалаг шийдвэрээс онцлон танилцуулахаар шийдлээ.

УИХ-ын чуулганы 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан билээ. Энэ хууль батлагдсанаар татварын хоёр дахь шатны хууль эрх зүйн шинэчлэл хийгдэж, өмнөх ололт амжилтаа улам ахиулах суурь бүрдэж байгаа юм. Тэр дундаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд алслагдсан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг дэмжих заалт орсон нь нүдээ олжээ. 

Тодруулбал, Улаанбаатар хотоос 500 км-ээс дээш алслагдсан аймаг, суманд үйл ажиллагаа явуулдаг тодорхой нөхцөл, шаардлага хангасан аж ахуйн нэгж, хувь хүний орлогод ногдох албан татварыг 50 хувиар, 1,000 км-ээс дээш алслагдсан бол албан татварыг 90 хувиар хөнгөлөх заалтыг оруулсан юм. Ингэснээр 500, 1,000 км цаана амьдарч байгаа орон нутгийн бизнес эрхлэгчид, тухайн компанийн ажилчдад нутагтаа сайхан амьдрах нөхцөл боломжийг олгож байгаа юм. 

Хүн амынх нь талаас илүү хувь нь нийслэл хотдоо төвлөрөн амьдарч байгаа нь нийгмийн олон сөрөг асуудлыг бий болгож байгаа гэдгийг судлаачид хэлдэг. Тиймээс ч төр засгаас удаа дараа орон нутгаас нийслэлд шилжин ирэх хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэр гаргаж байсан. Гэвч бодит байдал дээр орон нутгаас шилжин ирэгсэд ямар ч албан ёсны бүртгэлгүй “хулгайн зам”-аар аж төрөх үнэнтэй нүүр тулж эхэлсэн. Нийслэлийн хүн амын өсөлтийн 56 хувийг орон нутгаас шилжин ирсэн хүмүүс эзэлж, нэг хавтгай дөрвөлжин км газар нутагт ногдох хүн амын нягтрал 286 байгаа нь улсын дунджаас 150 дахин өндөр үзүүлэлт юм. 

Энэ төвлөрлөөс үүдээд өнөөх чихнээ дасал болсон агаарын бохирдол, орчны бохирдол, түгжрэл, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний хүчин чадал дээд хэмжээнээсээ 2-3 дахин хэтэрчихээд байна. 

Өөрөөр хэлбэл, оновчтой бодлого хэрэгжүүлэхгүй бол Азийн дагина, улсын нийслэл Улаанбаатар маань нэг л өдөр сөхөрч унахад аль хэдийнэ бэлэн болжээ. Яг ийм үед орон нутгаас ажлын байр, сайхан амьдрал, сайн боловсрол эрэн ирж, эргээд нийслэлд “яндан”-гийн тоог нэмэгдүүлж утаа үйлдвэрлэгчийн эгнээнд нэгдэн өөрсдийнхөө эрүүл мэндээ эрсдэлд оруулахаас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дээрх заалт сэргийлж байгаа юм. 

Өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол Улсын иргэд улсын нийслэлдээ багтаж ядан, уур бухимдал, утаа үүсгэгч болж байгаагийн ганцхан том шалтгаан ажлын байр билээ. Сайхан амьдралд тэмүүлэх нэгний хүслийг буруутгах эрх хэнд ч байхгүй.  Гэвч нийслэлд “утаа үйлдвэрлэгч” байх уу нутагтаа баялаг бүтээгч болох уу гэдэг сонголт тулж ирчихээд байна.

Алслагдсан аймаг, сумын баялаг бүтээгчдийг дэмжих энэ хуулийн заалт уул уурхайн салбарт хамаарахгүй юм билээ. Тиймээс төр засгаас олгож байгаа татварын дэмжлэгийг төрсөн нутгаа хөгжүүлэх, ажилтай орлоготой хариуцлагатай иргэн, хувь хүн, аж ахуйн нэгж байхад ашиглах үүд хаалга хүн бүрийн өмнө нээлттэй байна. 

 

Ц.Тунгаа