Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Мөнгөө валютаар хадгалахыг сонгож буй иргэдийн тоо өсжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний судалгаа зөвлөгөөний төв, МУИС-ийн Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс “Хэрэглэгчийн итгэлийн индекс” судалгааны 2019 оны III улирлын мэдээг өнөөдөр танилцууллаа.

Судалгааг 2019 оны долдугаар сараас есдүгээр сарын хооронд хийсэн бөгөөд ирэх зургаан сарын дараах эдийн засгийн чиг баримжааг тодорхойлжээ. 

Эдийн засагч, доктор Б.Соёлмаа “Хэрэглэгчийн итгэлийн индексийг тодорхойлохдоо өрхийн худалдан авалтын төлөвлөгөөг танддаг. Энэ нь эдийн засгийн чиг байдлыг таамаглахад чухал мэдээлэл болдог. Тухайлбал, аялал жуулчлалын төлөвлөгөө, удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн, үл хөдлөх хөрөнгө, автомашин худалдан авах төлөвлөгөөг асуудаг” гэлээ. 

Ингэхэд 2020 оны нэгдүгээр улиралд худалдан авалтын төлөвлөгөө буурахаар байгаа нь судалгаагаар ажиглагджээ. Тодруулбал, ирэх зургаан сарын байдлаар хэрэглэгчдийн 

  • 14.6 хувь нь аялалд явах төлөвлөгөөтэй байгаа бол
  • 14.3 хувь нь томоохон эд хогшил, 
  • 5.8 хувь нь үл хөдлөх хөрөнгө, 
  • 16 хувь нь автомашин худалдан авах төлөвлөгөөтэй байгаа аж. 

Мөн судалгаагаар иргэдийн зээл авах эрэлтийг тодруулахад өмнөх оноос 3 пунктээр буурсан байна.

Ам.долларын ханш 2,706 төгрөг хүрэх магадлалтай

 
Гэрэл зургийг mpa.mn

Дээрх судалгааны дүгнэлтээр төгрөгийн ханш суларч, ирэх зургаан сарын дараагаар нэг ам.доллар 2,706 төгрөгтэй тэнцэхээр байгаа аж. Энэ нь 2019 оны гуравдугаар улирлын дүнтэй харьцуулахад 36 төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. 

Судалгаанд хамрагдсан хүмүүс инфляцыг ирэх зургаан сарын байдлаар 3.2, нэг жилийн дараагаар 6 хувьтай байх магадлалтай гэж таамаглажээ. Харин төгрөгт итгэх итгэлийг тандахын тулд мөнгөн хөрөнгөө ямар хэлбэрээр хадгалахыг илүүд үзэж байгааг асуухад 49 хувь нь төгрөгийг сонгосон байна.

Харин 17 орчим хувь нь гадаад валютаар хадгалахыг сонгосон нь өмнөх оноос 2 хувиар өссөн үзүүлэлт ажээ.