Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Шуудангийн салбарынхан зөвлөлдлөө

ikon.mn
2019 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Харилцаа холбооны зохицуулах хороо “Шуудангийн салбарын зохицуулалт-2019” сэдэвт төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцсон ээлжит зөвлөгөөнийг  2019 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. 

Манай улсын шуудангийн салбарт одоогоор 1,300 шууданч ажиллаж байгаа бөгөөд 2018 оны жилийн эцсийн байдлаар 22.5 тэрбум төгрөгийн борлуулалт, үйлчилгээ үзүүлж, 3.1 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлж, 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ.

Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарынхны хувьд энэ жил  эрх зүйн шинэчлэл хийгдэж, Харилцаа холбооны тухай хууль, Шуудангийн тухай хууль, Радио долгионы тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулиудыг 2019 оны 5-р сард УИХ-аар батлуулсан онцлог үе төдийгүй  хуулиудын нэмэлт өөрчлөлтийг даган гарах дүрэм журам, стандартуудыг шинэчлэх ажлын хэсэг ХХМТГ болон ХХЗХ-нд байгуулагдан ажиллаж байгаа юм.

Хуулийн хэрэгжилтийг хангахад  төрийн байгууллагуудын харилцаа хамтын ажиллагаа, үүрэг оролцоо нэн чухал байгаад онцгой анхаарч тус зөвлөгөөнд Авлигатай тэмцэх газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг төрийн захиргааны байгууллагуудын удирдлагуудыг урин  оролцуулж мэдээлэл танилцуулга хийж, санал бодлоо солилцох боломжийг шуудангийн үйлчилгээ эрхлэгчдэдээ олгосон юм.

Зөвлөгөөнийг зохион байгуулагчийн зүгээс Монгол Улс  НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд байгаль орчинд ээлтэй технологийг түгээн дэлгэрүүлэх тухайлбал хүргэлтийн автомашинуудыг цахилгаан болгох, цаасгүй технологи ашиглах, дахин ашиглагдах сав баглаа боодлыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг  шуудангийн үйлчилгээ эрхлэгчиддээ уриалж,  улс орны аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад шуудангийн байгууллагын үүрэг оролцоо нэн чухал байгааг онцолж хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризмийг санхүүжүүлэх, мөнгө угаахын эсрэг нэгдэн, шуудангийн технологийн ажиллагааны мөрдөлт, шууданчийн хувийн хариуцлага, сахилга батыг сайжруулах шаардлага нэмэгдсээр байгааг сануулсан юм.    

Харин шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн тухайд макро эдийн засгийн үзүүлэлт нь олон улсын хил дамнасан цахим худалдааны нөлөөгөөр бууралт ажиглагдахгүй байгаа ч шуудангийн солилцоо нэмэгдэхийн хирээр хүргэлтийн зардал өсч байгаа  болон технологийн шинэчлэл, цахим хөгжлийг дагасан хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ  илүү хурдтай, найдвартай шинэлэг дэвшилттэй бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг шаардаж байгаа талаар онцолж байв гэж Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээллээ.