Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Мөнхбаяр: Гэр бүл болоод 14 жилийн дараа бяцхан охиноо өлгийдөн авлаа

ikon.mn
2019 оны 11 сарын 14
Сурталчилгаа

Монголын мянга мянган залуу гэр бүлийн төлөөлөл Мөнхбаярын гэр бүл энэ удаагийн “Жорын 6 асуулт” буланд оролцож байна. Энэхүү цуврал ярилцлагыг танд Юнивишнийн “Жаргалтай гэр бүлийн жор” төслийн хүрээнд бэлтгэн хүргэж байна. Гэр бүл бүхэн өөрийн сайхан түүхтэй, жаргалтай байх жортой байдаг, тэрхүү давтагдашгүй жорыг танд хуваалцаж байна.

 

ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН ЖОР: Сайн байцгаана уу, юуны өмнө Юнивишнээс санаачлан хэрэгжүүлж буй “Жаргалтай гэр бүлийн жор” төсөлд оролцож, гэр бүлүүддээ гэр бүлийн жороо хуваалцаж байгаад талархаж байгаагаа илэрхийлье. Ингээд хамгийн эхний асуулт бол Та 2 гэр бүл болоод хэдэн жил болж байна вэ? Энэ хугацаанд олон сайхан дурсамж бүтээснээс хамгийн гоё дурсамжаасаа хуваалцвал?

ГЭРГИЙ УРАНЗАЯА: Анх танилцаад 15 жил 3сар 1хоног болж байна (инээв). Гэрлэлтээ батлуулаад 12жил болж байна. Дурсамжаар дүүрэн он жилүүд бидэнд байна даа. Хамгийн гоё дурсамж хайрт минь өвдөхөөс өмнө дөнгөж амьдрал эхлэхээр нэг гэрт амьдарч эхэлсэн үе хамгийн дурсамжтай байсан. Миний хань өөрийн гараар шинэхэн байшин барьж бид орсон юм. Байшингийнхаа цонх, хаалга, хана нэг бүрийг өөрсдөө барьж, чимэглэсэн. Амьдралаа зөвхөн өөрсдийн хайраар төсөөлж явсан сайхан үе минь тэр цаг үе байсан. Дараагаар нь амьдрал төсөөлж байснаас хамаагүй сайхан, илүү баялаг гэдгийг ойлгуулсан сайхан үйл явдал бол мэдээж охин минь. Бид 2 гэр бүл болоод 14 жилийн дараа бяцхан охиноо өлгийдөн авлаа шүү дээ. Бид 2 үрийн зулай үнэрлээд хайр илүү томорсон, илүү гэгээлэг болсон. Охин минь одоо нэг ой хүрээд улам л эгдүүтэй болж байна. Энд хэлээгүй өөр олон дурсамж сэтгэлд тодхон байна.

 

ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН ЖОР: Танай гэр бүлд тулгарч байсан хамгийн том сорил, саад бэрхшээл юу байсан бэ? Үүнийг хэрхэн даван туулсан бэ?

МӨНХБАЯР: Бидний амьдралд цор ганц бэрхшээл байгаа нь миний өвчин. Би их боддог юм. Хэрвээ өвдөөгүй байсан бол, хэрвээ энэ өвчин эмчлэгддэг байсан бол өдөр бүр л ханийгаа илүү ихээр хайрлаж, эр нөхрийн хувьд илүү ихээр халамжлах байсан. Энэ өвчин бидний амьдралд ирээгүй бол бид өөр бусад асуудал, амьдралын шалгуур сорилтыг юу ч биш юм шиг л туулах байсан даа гэж боддог юм. Анх 15 жилийн өмнө нэгэн залуу Дарханд очоод ханийгаа авч байсан, хайрлана гэж амлаж байсан. Яг л тэр үеийнхээ сэтгэлээр, амлалтаар амьдарч байна. Үнэхээр чин сэтгэлийн сайхан хайраар бид хоёр учирсан нь азтай, бие биеэ гэсэн сэтгэл, зүрхээрээ л энэ бүхнийг туулж байна даа.

ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН ЖОР: Гэр бүлдээ хэрхэн чанартай цаг гаргадаг вэ? Хүүхэд хүмүүжүүлэхдээ баримталдаг гол зарчим юу вэ? Хамгийн гол нь юуг мартаж болохгүй вэ?

ГЭРГИЙ УРАНЗАЯА: Гэр бүлдээ бүх цагаа зарцуулдаг шүү. Учир нь одоогоор хүүхэд асрах чөлөөндөө байгаа болохоор өвчтэй байгаа нөхөр, хөөрхөн бяцхан охин хоёртойгоо үргэлж хамт байгаа. Нөхөр бид хоёр хүүхдийг өөрийнхөөр нь байлгаж, аль болох болохгүй гэж хориглохгүй байхыг хичээдэг. Мэдээж буруу зүйлийг бол хориглодог ч ер нь бол хүүхэд, тэжээвэр амьтан хоёр буруу зүйл хийж, болохгүй юмаар оролдож байж гэмтэж бэртэх эрсдэл гарах нь тэдний буруу биш эцэг, эх, асран хамгаалагч бидний л буруу гэсэн үг. Бид хоёр охиноо сайхан сэтгэлтэй, зөв хандлагатай, эерэг хүн болоосой л гэж хүсдэг. Тэрнээс биш нээх мундаг дарга, захирал болоосой гэж боддоггүй. Хүн шиг хүн, жинхэнэ эмэгтэй хүн болгож өсгөхийг л хичээнэ дээ. Мэдээж хамгийн гол нь гэр бүлдээ, үр хүүхдэдээ цаг гаргаж, хамт тоглож, хамт салхинд гарч, хамт ярилцаж, хамт дурсамж бүтээхийг мартаж болохгүй.

 

ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН ЖОР: Танай гэр бүлд ямар уламжлал байдаг вэ? Тэмдэглэлт баяр, амралтын өдрүүдийг хэрхэн гэр бүлээрээ өнгөрүүлдэг вэ?

МӨНХБАЯР: Одоогоор нэг их уламжлал гэх зүйл алга даа. Бид аль болох хамтдаа сууж хооллох дуртай. Гэр бүлээрээ суугаад халуун дулаанаар ярилцаж, аяга шөл ч байсан гэсэн байгаа зүйлдээ талархан суухыг хичээдэг. Ээж, эхнэр хоёр маань янз бүрийн шинэлэг хоол хийх их дуртай. Баяр ёслолоор сурсан шинэ хоолоороо бид бүгдийг урьж дайлах дуртай. Ер нь ихэнх баярыг ингэж сайхан олуулаа өнгөрүүлдэг. Хоолны цагаар хэн ч ууртай, дуу муутай байж болохгүй. Энэ чинь гэр бүлийн хамгийн чухал цаг шүү дээ. Цаашид ч манай гэр бүл хоолны цагаар, бүх баяраар гэр бүлээрээ хамт, халуун дулаан уур амьсгалтай байхыг л хичээнэ дээ.

ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН ЖОР: Та өөрийн гэр бүлдээ хэрэгжүүлсэн эсвэл бусад гэр бүлийг заавал хэрэгжүүлээсэй гэж хүсдэг зүйл бий юу?

ГЭРГИЙ УРАНЗАЯА: Бид хоёрын хувьд бие биедээ маш их итгэж хайрладаг. Итгэл гэдэг хүний амьдрал, хайр сэтгэлд их чухал зүйл. Итгэлийн цаана бие биеэ хүндлэх хүндлэл, хүлээцтэй байдал бүгд багтана. Миний хувьд нөхрөө хэдий их өвчин ирсэн ч даваад гарч чадна гэж итгэсэн, харин хань минь надад бүх зүйл дээр итгэж бид хоёр өөрсдийн хайранд итгэсэн юм. Бусад гэр бүлүүдээ бие биедээ итгэж, хүндэлж, хүлээцтэй хандаж, үргэлж найз шиг, ах дүүс шиг, аав ээж шиг хоорондоо ярилцаж байхыг хүсье. Мэдээж хүнд сайндаж, муудах үе тулгаралгүй яахав. Гэхдээ тэр үед бүх юм дуусах мэт, тэр үед л дийлвэл хамаг уураа гаргавал санаа амрах юм шиг битгий зүтгээрэй. Яаж ч муудсан эвлэрэх зай үлдээж байгаарай. Бусад хосууддаа хандаж хэлэхэд харилцаандаа битгий сэв суулгаж нэгнийхээ сэтгэл, итгэлийг шархлуулаарай гэж хэлмээр байна.

 

ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН ЖОР: Та гэр бүл жаргалтай байх жорыг юу гэж боддог вэ? Танай гэр бүлийн жаргалтай байх жор юу вэ?

МӨНХБАЯР: Гэр бүл жаргалтай байхын тулд маш их ухаан хэрэгтэй. Энэ ухаанд эрэгтэй хүний ул суурьтай алсын хараатай шийдэмгий зоригтой байдал, эмэгтэй хүний зөөлөн дулаан хүлээцтэй хайр халамжтай байдал чухал гэж боддог юм. Миний хувьд би өвдлөө гээд гэрийнхнийгээ бодохгүй байж болохгүй. За өвөл болж байна, хань минь дулаан хувцас юу билээ, хүүхэд маань том болж байна ямар тоглоомоор тоглож байна, гэрт юу болж байна гээд жижиг гэлтгүй зүйлд санаа тавихыг л боддог. Зарим эрэгтэй хүн оймс гуталны асуудалд орохгүй гэж боддог байх. Би бол тэгдэггүй. Би аяга угаах ёстой бол угаана, оймсоо угаах бол угаана. Ер нь би чи гэж хандахгүй, би л эр хүн, би л өвдөөд байна гэж гэр бүлээ хүндлэхгүй байж болохгүй. Эхнэр маань ч хэдий өвдсөн ч амьдралдаа үүрэх ёстой үүрэг хариуцлагаа битгий мартаарай гэж сануулж, хурцалж, дэмжиж байдаг. Энэнд ч би их талархаж явдаг юм. Манай гэр бүлийн жаргалтай байх хамгийн гол жор бол бидний хайр юм. Үргэлж хайраараа бие биеэ дэмжиж, түшиж тулах юм. Бид хайр дүүрэн байж байж бидний бяцхан зүрх охин минь хайр дүүрэн өснө шүү дээ. Энэ ярилцлагыг уншиж байгаа таны гэр бүлд ч хайр дүүрэн байхыг хүсье.

 

ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН ЖОР: Баярлалаа, та гуравтаа аз жаргалын жороо улам баяжуулж, дурсамжийн номоо улам зузаан болгоорой гэж хүсэж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.