Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Залуу тэмцэгч Грета Тунбэрг байгальд ээлтэй завинд дайгдан Европ руу буцжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлийн идэвхтэн Грета Тунбэрг өчигдөр АНУ-ын эргээс 15 метр урт хос биетэй завиар Европ тив рүү буцжээ.

Хүлэмжийн хий ялгаруулдаггүй, цэвэр технологиор ажилладаг уг завийг Австралийн нэгэн гэр бүл эзэмшдэг бөгөөд Гретагийн хүсэлтийг хүлээн авч, хамт аялахаар болсон байна.

НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн чуулган ирэх сарын эхээр Испанийн нийслэл Мадрид хотод зохион байгуулагдах юм. Грета уг арга хэмжээнд оролцох төлөвлөгөөтэй байна.

“La Vagabonde” нэртэй завь нь зөвхөн нарны эрчим хүч, усны генератораар ажилладаг ажээ. Грета өмнө нь АНУ-д Шведээс ирэхдээ мөн ийм завиар аялж ирсэн нь онгоцоор нисэж, агаар дахь хүлэмжийн хийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулахгүй гэсэн санаа байв.

Одоо буцах завь нь жорлонтойгоороо давуу талтай гэнэ. “Дэлхий даяар маш олон хүн жорлонгүй амьдарч байхад энэ надад тийм чухал биш. Гэхдээ жорлонтой болсон нь сайхан хэрэг” гэж Грета ярьжээ.

Түүний Европоос АНУ-д ирсэн завь жорлонгүй, зөвхөн хувинд бие засдаг байжээ.

Завийг эзэмшигч Австралийн хосууд болох Райли Уайтлум, Элайн Караусу нар 11 сартай хүүхдийн хамт дэлхийг тойрон аялж байгаа юм.

Тэдэнтэй хамт туршлагатай далайчин Никки Хендерсон аялж байгаа гэнэ.

Атлантын далайн нөхцөл байдлаас хамааран аялал хоёроос дөрвөн долоо хоног үргэлжлэх ажээ. Шведийн иргэн 16 настай Грета Тунбэрг бараг гурван сар орчим хугацаанд Умард Америкт саатахдаа НҮБ-ын чуулганд үг хэлж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байв.

Тэрээр долоо хоног бүр Швед дэх сургуульдаа хичээл хаяж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх хөдөлгөөн эхлүүлсэн нь одоо дэлхийн 100 орчим хотуудад тархаад байна.

 

Эх сурвалж: Associated Press