Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Эртний сийлбэрийг Британиас буцааж авахад нь Грек улсад туслахаа Ши Жиньпин амлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Грек улсад хийсэн албан ёсны айлчлалаа өчигдөр дуусгажээ.

Гурван өдрийн айлчлалынхаа сүүлчийн өдөр тэрээр Грекийн ерөнхийлөгч Прокопис Павлопулосын хамт Акрополисийн музейг үзэж сонирхсон байна.

Энэ үеэр Грекийн ерөнхийлөгч 200 жилийн өмнө Британид очсон Партеноны гантиг чулуун сийлбэрийг буцааж авахад туслахыг Ши Жиньпинээс хүссэн гэнэ.

Хүсэлтийн хариуд Ши Жиньпин “Би тантай бүрэн санал нэг байна. Түүхэн дурсгалаа буцааж авахад тань би зөвхөн туслаад зогсохгүй хамтран ажиллах болно. Манай улс ч бас маш олон дурсгалаа гадаад орнуудад алдсан бөгөөд тэдгээрийг эх оронд нь буцаахын тулд чадах бүхнээ хийж байгаа” гэж хэлсэн байна.

 

Нэгэн үе Партеноны сүмийг чимэглэж байсан гантиг сийлбэрийг 200 гаруй жилийн өмнө Оттоманы эзэнт улсад элчин сайдаар сууж байсан лорд Элгин буулган авч, Британид хүргүүлсэн нь одоо Лондон хотын Бритиш Музейд байрладаг.

Грекчүүд олон арван жилийн турш түүхэн бүтээлийг эх оронд нь буцаахаар хөөцөлдөж байгаа ч амжилт олоогүй юм. Британийн ерөнхий сайд асан Тони Блэйр уг бүтээлийг Бритиш Музейн өмч гэж хэлж байсан удаатай. Харин музейн захиргаа 2014 онд гантиг сийлбэрийг дэлхий нийтийн өв соёлын нэг хэсэг тул Грект шилжүүлэх шаардлагагүй гэж мэдэгдэж байжээ.

Партеноны гантиг сийлбэр нь анх 160 метр урт бүтээл байсан бөгөөд өнөөдөр 50 метр нь Афиний Акрополисийн музейд хадгалагддаг бол 80 метр хэсэг нь Лондоны Бритиш музейд байдаг юм.

Үлдсэн жижиг хэсгүүд нь Луврын музей болон Итали, Ватикан, Герман, Австри, Данийн музейнүүдэд хуваагдан таржээ.

Хятад улсын засгийн газар дэлхийн 20 гаруй оронтой түүх соёлын дурсгалуудыг хууль бусаар хил давуулах, хулгайлах явдлын эсрэг хамтран тэмцэх гэрээ байгуулсан юм байна.

 

Эх сурвалж: CNN