Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Жилд хэдэн м.кв газрыг оршуулгын үйл ажиллагаанд өгч, дахин ашиглах боломжгүй болгож буйг бодолцож зохицуулалт хийх цаг болсон"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

“Буяны зан үйлийн холбоо” ТББ-аас зохион байгуулж буй “Буяны зан үйл ба тулгамдсан асуудал” хурал өнөөдөр Хангарьд ордонд боллоо.

2015 онд НИТХ-ын тэргүүлэгчдийн 17 дугаар тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй найман оршуулгын газрын байршлыг тогтоосон бөгөөд бусдыг нь зөвшөөрөлгүй хэмээн хаажээ.

Өнөөдөр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нийт 20 орчим оршуулгын үйлчилгээ эрхэлдэг компани байна.

Нийт нас барагсдын 40 хувийг чандарлах зан үйлээр оршуулж байна

 

Буяны зан үйлийн холбоо ТТБ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Мөнхнасан “Эх дэлхий өөрөө газар нутгийн хязгаарлагдмал нөөцтэй учраас оршуулгын үйл ажиллагаанаас үүсэж байгаа хамгийн том бэрхшээл бол газар, талбайн зохицуулалт, зохион байгуулалтын асуудал.

Тийм ч учраас дэлхий нийтийн оршуулгын үйл ажиллагааны чиг хандлага эко хэлбэр рүү шилжиж байна. 

Тухайлбал, Газарт оршуулах зан үйлийн хувьд газарт булж буй хайрцгийг хөрсөнд хурдан шингэх материалаар хийх, оршуулсан газрын дээр мод ургамал тарих гэх мэт...

Мөн сүүлийн үед оршуулгын үйл ажиллагаанд хэрэглэгдэж буй хөшөө, чулуу нь жижгэрч байгаа.

Гэхдээ хамгийн үр дүнтэй арга нь чандарлаж оршуулах зан үйл юм. Дэлхийн нийт нас барагсдын 40 хувийг чандарлах зан үйлээр оршуулж байна. 

Энэхүү зан үйл нь Монгол Улсад эрт дээр үеэсээ хүлээн зөвшөөрөгдсөн оршуулгын нэг хэлбэр байсан юм билээ. Харин "Улаанбаатар буян" компани 2004 оноос эхлэн хэрэгжүүлсэн байдаг.

Чандарыг маш олон төрлөөр оршоож болох бөгөөд бурхан бологчийг хөрсөнд нь оршоох шаардлагатай гэж үзвэл чандарлаад хөрсөнд нь шингээж болно. Ингэх нь хөрсний болон агаарын бохирдлыг бий болгохгүй.

Түүнчлэн Чандар шүтээнийг нутагшуулдаг цэцэрлэгт хүрээлэнгүүдийн олон жишээ ч олон улсад бий" гэлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд жилд 7,500 орчим хүн бурхан болж байгаа бөгөөд тэдний ар гэрийнхний 20 орчим хувь нь л чандарлах зан үйлийг сонгодог бол үлдсэн 80 хувь нь газарт оршуулахыг сонгодог.

Энэ тухай "Нэг бурхан бологчид 10 орчим метр кв газар хэрэг болдог. Тэгвэл бид жилд хэдэн метр квадрат газрыг оршуулгын үйл ажиллагаанд өгч дахин ашиглах боломжгүй болгож байгааг бодолцож, зохицуулалт хийх цаг болсон.

Өнөөдөр зөвшөөрөлгүй зарим газарт хэн, хэзээ нутаглуулсан нь тодорхойгүй, хариуцлага тооцох эзэнгүй оршуулгын газрууд олон байна" гэж Д.Мөнхнасан нэмж хэлэв.

Чандарлах зан үйл 980 мянган төгрөгийн багц үйлчилгээнээс эхэлдэг бол газарт оршуулах зан үйл нь 1.2 саяас эхэлдэг байна.

Олон улсын чиг хандлагатай хөл нийлүүлж ажиллах шаардлага тулгарсан байна

 

"Сур буян" компанийн гүйцэтгэх захирал Г.Бямбадорж “Манай компани далд буюу газарт оршуулах, чандарлах оршуулгын зан үйлийг хийж гүйцэтгэдэг. Зарим тохиолдолд хөдөө, орон нутагт ил тавих оршуулгын зан үйл ч хийгдэж байгаа. 

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хувьд ил тавих оршуулгын зан үйлийг 2014 онд хориглосон. Өнөөдрийн энэ хурал маш зөв, зүйтэй цагаа олсон хурал гэж харж байна.

Өнөөдөр буяны үйлчилгээ үзүүлдэг компаниуд чанартай, чанаргүй үйлчилгээ үзүүлж байгаа байх. Бидэнд өнөөдөр олон улсын чиг хандлагатай хөл нийлүүлж ажиллах шаардлага тулгарсан байна" гэлээ.

Нийслэлийн хэмжээнд Чандарлах үйл ажиллагаа явуулдаг нэг компани байдаг бөгөөд статистик тоо баримтаас харахад бурхан бологчийг Чандарлан нутагшуулах үйл ажиллагаа буурчээ.

Тухайлбал, 2013 онд л гэхэд нийт нас баралтын 40 хувийг чандарлах зан үйлээр оршуулдаг байсан бол өнөөдөр 20 хувийг нь энэ зан үйлээр оршуулж байгаа юм.

Далан давхар шиг оршуулгын газрыг бий болгохгүйн тулд иргэд зөвшөөрөлтэй байгууллагаар үйлчлүүлж байгаа эсэхээ шалгах нь зүйтэй

 

Энэ нь өөрөө оршуулгын үйлчилгээ үзүүлж буй компаниуд болон шашны байгууллагын хандлага, нөлөөг харуулж буй хэрэг гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун​ хэлсэн юм.

Мөн тэрбээр “2014 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оршуулгын үйл ажиллагаатай холбоотой журмыг баталсан. Гэхдээ тус журмыг илүү сайжруулах шаардлагатай.

Өнөөдөр оршуулгын замбараагүй тэлэлт бий болсноос гадна зөвшөөрөлгүй оршуулгын газруудад хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалтыг бий болгох хэрэгтэй.

Тийм учраас өнгөрсөн оноос эхлэн нийслэлийн Захирагчийн ажлын албанаас  эрх зүйн тус журмын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан 2019 оны есдүгээр сард НИТХ-д өргөн барьсан..

Өнөөдөр оршуулгын үйл ажиллагааг хариуцсан салбарын хууль байхгүй. Үүнийг яаралтай зохицуулах үүднээс журмын шинэчилсэн найруулгын төсөлд зарим холбосон заалтуудын оруулсан.

Сүүлийн үед дуртай нь буяны зан үйлийн байгууллага байгуулж, хүссэн газартаа оршуулгын газар бий болгож бизнесийн үйл ажиллагаа эрхлэх хандлага бий болж байна.

Тийм учраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй оршуулгын компаниуд өөрийн гэсэн шалгуур үзүүлэлттэй байх ёстойгоос гадна оршуулгын үйл ажиллагааг эмх цэгцтэй зохион байгуулдаг байх ёстой.

Үгүй бол нийслэлийн суурьшлийн бүс жилээс жилд тэлж байна. Бид одоогийн Далан давхар шиг оршуулгын газрыг бий болгохгүйн тулд иргэд ч анхаарч, зөвшөөрөлтэй, мэргэжлийн байгууллагаар үйлчлүүлж байгаа эсэхээ шалгах нь зүйтэй.

Оршуулах гэдэг бол зүгээр нэг удаа оршуулаад өнгөрөх үйл ажиллагаа биш бөгөөд тухайн газарт 70 жилийн дараа ч байсаар байх зүйл юм. Тийм учраас бид одоо байгаа энэ зан үйлээ өөрчлөх шаардлагатай" гэв.

Нийслэлийн нутаг дэвсгэрийн 574 га талбайд оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулагдсан байна. Үүнээс 380 гаруй га талбай нь л зөвшөөрөлтэй байна.

Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хуучны оршуулгын газруудыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгохоор тусгасан байдаг ч одоогоор цэцэрлэгт хүрээлэн болгох тухай тодорхой шийдвэр гараагүй байгаа аж.

2017, 2018 онд Чингэлтэй болон Баянзүрх дүүргийн гэр хорооллын өрхүүдийн цахилгаан хангамжийг сайжруулахаар Цахилгааны дэд станц барьсантай холбоотойгоор Далан давхрын оршуулгын газраас 900 гаруй шарилыг ар гэрийнх нь зөвшөөрөлтэйгөөр хөндөж гаргасан байдаг.