Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Алтны татвар нэмэгдсэн нь СААРАЛ ЖАГСААЛТАД орох НЭГ шалтгаан болсон уу?

Б.Ану
2019 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Энэ оны аравдугаар сарын байдлаар Монголбанканд тушаасан алтны хэмжээ 12.9 тонн байна.

Тэгвэл 2018 оны мөн үед 17.7 тонн алт тушаасан байжээ.

Алт тушаалт ийнхүү буурсан нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ эргээд 5 хувь болсонтой холбоотой гэж үзэх хэсэг бий. 

Энэ таамаглал нь ч өмнөх статистикаар нотлогддог билээ.

Тодруулбал, АМНАТ нэмэгдэх бүрт Монголбанканд тушаах алтны хэмжээ буурдгийг 68 хувийн татвартай байх үеийн статистикаас тодорхой харж болно.

График 1, Алт тушаалт: 1990 оноос хойшх дата, эх сурвалж: Монголбанк

Харин 2014 оноос алт тушаалтыг нэмэгдүүлэх үүднээс 2.5 хувийн татварын бодлого хэрэгжүүлснээр 2018 онд гэхэд алт тушаалт ийнхүү оргилдоо хүрч байжээ.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Дэлхийн худалдааны дайнтай холбоотойгоор улс орнуудын Төв банкууд доллар, юаньд эрсдэл үүсэхээс болгоомжилж, өөр дээрээ байгаа валютын нөөцийг өөр валютад шилжүүлэх буюу алтыг нөөцөлж хадгалж эхэлсэн. Тухайлбал, ОХУ-ын Төв банк 100 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний алтны нөөцтэй болсноо зарласан бол ХБНГУ-ын Төв банк валютын нөөцөө алтаар байршуулахаа зарласан. Зах зээлийн энэ хандлагатай холбоотойгоор сүүлийн үед алтны ханш өсөж байгаа. 

Монгол Улсын хувьд алтыг зөвхөн Монголбанканд л тушаах хуультай.

Өнгөрсөн онд авч байснаас энэ жил бага алт тушаагдаж байгаа нь АМНАТ 2.5 байсан нь 5% болж нэмэгдсэнтэй холбоотой. Түүнээс гадна Ашигт малтмал, газрын тосны газраас авсан мэдээллээс харвал энэ жил алт олборлолт болон үйлдвэрлэл өмнөх жилээсээ бага байгаа гэсэн тоо байна" гэсэн тайлбарыг өгч байсан билээ.

Өөрөөр хэлбэл, дэлхийн чиг хандлага их гүрнүүдийн худалдааны дайнтай холбоотойгоор алтны нөөцөө нэмэгдүүлэх чиглэлд бодлого баримталж байхад Монгол Улсын Их хурал алтны татварыг эргэн нэмэгдүүлснээр алт тушаалтыг бууруулахад ийнхүү нөлөөлжээ.

Нөгөө талд Монгол Улс саарал жагсаалтад орох болсон хамгийн гол шалтгаануудын нэг нь санхүүгийн бус салбарын хяналт, бүртгэл, тогтолцоо байхгүй байгаа нь мөнгө угаах боломжийг нэмэгдүүлж байгаа талаар анхааруулсан байдаг.

Энэ талаар Санхүүгийн зохицуулах хороо "Саарал жагсаалт”-аас гарахын тулд нэгдүгээрт санхүүгийн бус мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн хяналтыг сайжруулах шаардлагатай гэж байв.

Тодруулбал, Монгол Улсад алт, үнэт метал, хөөрөг, үнэт чулуу, үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хяналт, бүртгэл сул байгаа нь саарал жагсаалтад орох томоохон шалтгаан болсон байдаг.

АМНАТ нэмэгдсэнээр алтны хууль бус сүлжээ ч идэвхжиж байгааг Монголбанканд тушаах алтны хэмжээ багассан үзүүлэлт илтгэж байна.