Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баярмагнай: Б.Төгсбилгүүнд холбогдох хэрэг хуулийн дагуу шалгагдаж байгаа

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Олон нийтийн сүлжээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж, удаа дараа үр зулбасан бүсгүйн тухай мэдээлэл тархсан билээ. 

Мөн хохирогч бүсгүй телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ холбогдох баримтуудыг дэлгэж байв. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан эрүүгийн хэрэгт холбогдоод буй Б.Төгсбилгүүний ар гэрийнхэн өмгөөлөгчийн хамтаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Б.Төгсбилгүүний өмгөөлөгч Б.Баярмагнай “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хэрэг хуулийн дагуу шалгагдаж байгаа. Гэтэл энэ хооронд хохирогч нь миний үйлчлүүлэгч болон ар гэрийнхнийг нь ураг зулбуулсан, хүчирхийлэл үйлдсэн мэтээр ярьж буй тул үүнд тайлбар хийж байна” хэмээсэн юм.  

Мөн эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш шүүх хурал огт болоогүйг тодотгосон. Шүүх хурлаар шүүгдэгчийн гэм буруу нь тогтоогдох тул тэр болтол аль нэг тал нэгнийгээ дайрч доромжлохгүй, худал үнэн мэдээлэл цацахгүйгээр хуулиа мөрдөх ёстой гэлээ. 

Түүнчлэн Б.Төгсбилгүүний эгч “Би өөрөө таван хүүхэдтэй. Тийм байхад өөр нэгний хүүхдийг зулбуулах үйлдэл хийхгүй шүү дээ. Ямар сэдлээр манай гэр бүлийг ингэж харлуулж байгааг мэдэхгүй байна” хэмээж байлаа.

Миний хүү болон Ж.Одгэрэл нар 2015 оны аравдугаар сарын орчимд танилцаж, хамтран амьдарч эхэлсэн тухай Б.Төгсбилгүүний ээж хэлсэн бөгөөд аль, аль нь эрх дураараа зантай гэдгийг ч дурдав. 

Үргэлжлүүлэн тэрбээр “Юуны учир гэр бүлээр минь гэмт хэрэгтэн мэт болгож нийгэмд мэдээлэл цацаж байгааг Ж.Одгэрэлээс асуумаар байна. Хүү минь одоогоор өлсгөлөн зарлаж, эрүүл мэнд эрсдэлтэй байна. Хүнийг хилсээр ингэж гүтгэж болохгүй. Одгэрэлийн хүчирхийлэлд бид бүгд өртөж байна” гэсэн юм.