Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хяналтыг сайжруулахыг Сангийн сайдад зөвлөмөөр байна"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 11 сарын 13
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

“Үнэн хатамж” ТББ-аас Үндэсний Аудитын Газар (ҮАГ)-аас өгсөн зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих төслийг эхлүүлсэн байна.

Уг төслийн хүрээнд ҮАГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу ямар арга хэмжээ авч, хэрхэн ил тод болсон эсэхэд хяналт тавин ажилласан бөгөөд өнөөдөр судалгааныхаа үр дүнг танилцуулсан юм.

Тус байгууллага нь судалгаа явуулахдаа ҮАГ-аас 49 жагсаалт бүхий санхүүгийн актыг хүлээн авсан аж.

Диаграм 1. Санхүүгийн актын биелэлт

2017 оны гүйцэтгэлийн аудитын хүрээнд хийсэн аудитаас харахад зөвлөмжийн биелэлт нь 69.9%-тай байсан бол шилэн дансанд ил тод болсон байдал нь 0%-тай байсныг “Үнэн хатамж” ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяа онцолсон юм.  

Мөн орон нутагт хийгдсэн аудитаас Булган аймгийн 10, Дорноговь аймгийн 1, Баянхонгор аймгийн 4, Хэнтий аймгийн 3, Сүхбаатар аймгийн 12 аудитын дүгнэлтийг хянаж, нэгтгэх үйл явцтай байжээ.

 
Гэрэл зургийг MPA.mn

“Үнэн хатамж” ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяа “Хяналт шалгалтын үр дүнгээс харвал “Шилэн дансны тухай” хуулийн дөрөвдүгээр зүйлд заасан “дансны баримтлах зарчмын мэдээлэл ..., иж бүрэн байх”, “мэдээлэл ойлгомжтой...байх”, зургадугаар зүйлийн 6.1.5-д заасан “аудитын тайлан дүгнэлтэд тусгагдсан асуудлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээг..” мэдээлэх гэсэн хэсгүүд хэрэгжихгүй байгаа нь биднийг хяналт хийх явцад саад учруулж, мэдээлэл олоход хүндрэлтэй байна.

ҮАГ-аас хүргүүлсэн аудитын зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ хангалттай ил тод байж чадахгүй байгаа тул бид цаашид төрийн байгууллагуудтай хамтран ажиллахаар болсон. 

2017 онд өгч байсан хэрэгжилтийн зөвлөмжид давтагдан гарсан асуудлууд их байсан бөгөөд энэ нь дахиад давтагдах өндөр магадлалтай.  

 Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн барилга байгууламжийг дуусгалгүй орхигдуулж, олон жил царцааснаас нийгмийн үр ашиг буурах, хэрэгцээ шаардлага алдагдах, чанар муудах, эзэнгүйдэх  эрсдлийг бий болгож байна. Иймд аудитын дүнд үндэслэн дуусгаагүй орхигдуулсан барилга, байгууламжийг дуусгах шаардлагатай гэх дүгнэлт гаргасан.

Төсвийн тухай хууль зөрчин шаардлага хангаагүй төсөл арга хэмжээний төслийг УИХ-д өргөн барьсан, Засгийн газар, төсвийн ерөнхийлөн захирагч нартай хариуцлага тооцож байхаар зохих хуульд нэмэлт оруулах асуудлыг  шийдвэрлэх хэрэгтэй гэх зөвлөмж өгсөн.

Учир нь 21 аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчдаас 12 нь төсвийн шилэн дансандаа тайлагнаагүй байсан. Гэтэл ямар нэгэн дорвитой хариуцлага тооцсон зүйл байгаагүй. Цалингийн 20 хувийг нь л хасах зэрэг арга хэмжээ авдаг нь учир дутагдалтай.

Дээрээс нь энэ жил УДЭТ театр, Төв номын сан зэрэг томоохон төслүүдийг бүгдийг нь эхлүүлэх гэж байж үнэхээр бага мөнгө тавьсан. Энэ нь төсвийн үр ашиггүй зарцуулалт болох буюу дуусаагүй барилга үлдэх гээд буй тул УИХ-ын төсвийн байнгын хороо аудитын газраас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Төсөв оруулж ирсэн хүнд нь арга хэмжээ авах буюу төсвийг батлахаас нь өмнө арга хэмжээ авах ёстой.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хяналтыг сайжруулахыг Сангийн сайдад зөвлөмөөр байна. 2020 оны төсвөө өмнөх оны зөвлөмжүүдээ хараад итгэл төрөхүйц, үр ашиг сайтай төсөв батлаасай гэж хүсэж байна. 

2020 онд боловсролын салбарт хамгийн их буюу 902.05 тэрбум төгрөгийн төсөвт өртөг, 282.61 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий төсөл, арга хэмжээ төсөвлөсөн байна.

Энэ нь 2020 онд эхлэх төсөл арга хэмжээний төсөвт өртгийн 61.6%-тай, 2020 онд эхлэх төсөл,арга хэмжээний 2020 онд санхүүжих дүнгийн 46%-тай тэнцэхээр байна" гэв.