Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Зимбабве улс 10 жилийн дараа дахин үндэсний валюттай боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Зимбабве улсын банкнуудын гадна үндэсний мөнгөн тэмдэгтээ барьж үзэх гэсэн хүмүүсийн урт дараалал үүссэн байна.

Учир нь тус улс 2009 оноос хойш үндэсний валютаа хэрэглэхээ больсон юм. Тухайн үед хэт инфляц болж, ханш нь нэг өдрийн дотор хоёр дахин унаж байсан гэдэг.

Харин энэ удаа Зимбабвегийн төв банк бэлэн мөнгөний хомсдлыг арилгахын тулд хоёр ба тавтын зимбабве доллар хэвлэн гаргажээ.

Өнөөдөр тус улсын инфляцийн хэмжээ 300 орчим хувьтай байгаа. Энэ тоо нь Олон Улсын Валютын Сангийн гаргасан тооцоолол дээр үндэслэсэн юм. Харин Зимбабве улсын засгийн газар инфляцийн хэмжээг зарлахаа болиод удаж байна.

2009 оноос хойш Зимбабве улсад америк доллар, Өмнөд Африкийн ранд зэрэг гадаад валютуудыг хэрэглэх болсон. Энэ оны хоёрдугаар сараас эхлэн RTGS (Real Time Gross Settlement) нэртэй бондыг зөвхөн электрон хэлбэрээр гаргаж, зургаадугаар сараас эхлэн гадаад валют хэрэглэхийг хориглосон юм.

Одоо эргэлтэнд гарч буй зимбабве доллар нь электрон хэлбэрээр ашиглагдаж байгаа бондыг орлох ажээ.

Гэхдээ шинэ валют нь Зимбабве улсын инфляцид сөргөөр нөлөөлөх магадлал өндөр байна. RTGS бондыг гаргасны дараа инфляцийн хэмжээ эрчимтэй өссөн юм. Өнөөдөр нэг ширхэг талх Зимбабвед нэгдүгээр сарынхаа үнээс долоо дахин өндөр үнээр зарагдаж байгаа ажээ.

 

Эх сурвалж: BBC