Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

А.Бүрэнбаатар: Х.Мандахбаярыг халз мэтгэлцээнд дуудаж байна

Б.Ану
2019 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn

Сэтгүүлчдийн онц их хурал зохион байгуулах санаачилга гаргаад буй сэтгүүлч А.Бүрэнбаатартай ярилцлаа.

- Та есдүгээр сарын 26-ны өдөр хэвлэлийн хурал хийж Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн (МСНЭ) ажил хангалтгүй байна. Х.Мандахбаяр ажлаа өгөх ёстой. Сэтгүүлчдийн онц их хурал хуралдуулна гэж хэлж байсан. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Сэтгүүлчдийн онц их хурал хуралдуулах ажил ямар шатандаа явна вэ?

- Тийм ээ. Би зөвхөн зарчмын шаардлага тавьсан. Олон сэтгүүлчтэй уулзаж, олон редакцаар орж гарын үсэг цуглууллаа. Үндсэндээ 600 орчим хүний гарын үсэг цуглараад байна.

Манай салбарын нэр хүнд, сэтгүүлчдийн үнэлэмж газар доогуур ортлоо унаад байгаад хэн хүнгүй мэдэж байгаа байх. Олон ч сэтгүүлч үүнд санаа зовинож явдаг байх. 

Мэргэжлийн сэтгүүлчид нь хэдэн шар гэж хэлж болох сайтууд, шантааж хийж амьдардаг хэсэг бүлэгтээ дарагдаад сэтгүүлчид гэхээр л тэднийг юм шиг ойлгодог болж. Хамгийн хаягдсан эзэнгүй өрөвдөлтэй салбар нь бид болсон учраас л Монголын сэтгүүлчдийн онц их хурал хийж асуудлаа халуун гал тогоондоо ярилцъя гэж уриалаад байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд дэмжиж байгаа редациуд, сэтгүүлч, нийтлэлч гээд олон хүнтэй уулзалт хийсэн. Өчигдөр хүртэл өргөтгөсөн уулзалт хийж хурлын тов, зохион байгуулалтын асуудлаа ярилцсан. Удахгүй зөвлөл байгуулагдсан талаар зарлаж хурлын товоо нийтэд мэдээлэх болно. Би ганцаараа биш боллоо.

МСНЭ нь яаж ажиллах юм гэдгээ яриад бүгд нэг ойлголттой болох цаг нь болсон

- МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр өчигдөр хэвлэлийн хурал хийж өөрийг чинь болон бусад хүнийг зохион байгуулалттайгаар дайрч давшилж Сэтгүүлчдийн онц их хурал хуралдуулах захиалгат ажил хийж байна гэсэн утгатай зүйл ярив. Үүнд тайлбар өгөхгүй юу?

- Тийм зүйл болсон. Бид бүхний 12 цагт товлосон уулзалттай зэрэгцүүлж хэвлэлийн хурал хийсэн. Хэн нэгэн түүнд Сэтгүүлчдийн онц их хуралдуулах уулзалт болох гэж байгаа тухай хэлснийг Х.Мандахбаяр өөрөө хэлж байна билээ.

Би түүний зарласан хэвлэлийн хуралд нь очиж суусан. Учир нь олон нийтийн сүлжээгээр удаа дараа намайг нэр хүндэд нь халдсан мэтээр захиалгатайгаар энэ үйл ажиллагааг зохион байгуулсан тухай пост оруулаад байсан учраас сэтгүүлчдэд тайлбар өгөхөөр очсон. Харамсалтай нь Х.Мандахбаяр ч тэр сэтгүүлчид ч тэр зөвхөн нэг талыг л барьж ярьж мэдээлэл түгээсэн.

Манай сэтгүүлчид асуудлын нэг эх сурвалж нь өөрийн биеэр тэнд сууж байхад эргэж хараад нэг асуулт тавьчих хүн гараагүйд харамссан.

Мэдээлэл бэлтгэхдээ тэнцвэртэй, талуудын байр суурийг хангах ёстой. За энэ ч яах вэ аяндаа их хурал дээр яригдах сэдэв учраас орхиё.

Намайг удаа дараа зохион байгуулалттай, ардаа хэн нэгний захиалгатай мэтээр Х.Мандахбаяр яриад байгаа юм. Хэрэв тийм байсан бол хоёр сар улаа эргэтэл гарын үсэг зуруулж явах шаардлага надад байхгүй баймаар. Ингэж удах ч шаардлага байхгүй. Би хариуцлагтайгаар хэлье. Түүний яриад байгаа шиг миний ард хэн нэг олигарх, улс төрч ивээн тэтгэгч, захиалагч байхгүй. Мэргэжилдээ хайртай, салбарын нэр хүндээ өргөхийг хүссэн, үнэт зүйлдээ үнэнч сэтгүүлчид, редакциуд байгаа.

Ер нь салбараараа цуглаад мэргэжлийн холбоод нь хэрхэн ажиллах юм, МСНЭ нь яаж ажиллах юм гэдгээ яриад бүгд нэг ойлголттой болох цаг нь болсон гэж үзэж байна.

МСНЭ гэдэг энэ байгууллага бол Х.Мандахбаярын хувийн байгууллага биш.

- Сэтгүүлчдийн онц их хурлыг хэзээ хуралдуулах вэ?

- Хурлын товыг тун удахгүй зарлана.

Хэд хэдэн ажлын хэсэг байгуулагдаж байна. Олон ч удаа уулзалдаж байна. Нэгэнт шүгэл үлээгээд олны дэмжлэг авсан учраас ултай суурьтай, шийдвэртэй, үр дүнтэй хурал хийхийг хүсч байна.

Тийм учраас зохион байгуулалт маш чухал. Хуралд орон нутаг, нийслэлийн гээд маш олон хүн оролцох учраас тэднийхээ дуу хоолойг сонсох нь чухал.

Тиймээс бэлтгэл ажлууд явагдаж байна гэж хэлж болно. Тэрнээс биш сэтгүүлчдийг талцуулж хувааж , салбарын нэр хүндийг шавартай хутгах, өөрөө албан тушаал горилоод яваа юм надад болон намайг дэмжиж байгаа хүмүүст байхгүй.

Би бол зөвхөн шүгэл л үлээсэн гэдгийг намайг хардаад байгаа зарим хүмүүс ойлгох байх.

Би энэ ярилцлагаар дамжуулаад МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярт нэгэн урилга хүргүүлмээр байна.

Би түүнийг халз мэтгэлцээнд дуудаж байна. Ирэх Баасан гарагийн 13 цагт Монгол ньюс мэдээллийн төвд уулзаж салбараа хэрхэн “аврах” ямар байдлаар ажиллавал МСНЭ болох юм. Ямар ямар асуудлыг би яриад хүмүүс дэмжээд байгаагаа түүнд ойлгуулмаар байна. Гэхдээ энэ мэтгэлцээн бодлогын мэтгэлцээн баймаар байна. Тэрнээс би тэгсэн, чи тэгсэн гэж хэрүүл хийж хүмүүсийг залхаахыг хүсэхгүй байна. Миний урилгыг хүлээн авах байх гэж найдаж байна.

- Яагаад заавал Монгол Ньюсыг сонгов?

- Шууд дамжуулах боломжтой учраас. Мөн сонирхсон сэтгүүлчид ирвэл зай талбай томтой учраас сонгосон. Манай улсын бараг хамгийн анхны мэргэжлийн мэдээллийн төв шүү дээ. Сэтгүүлчдийг олон нийтийн сүлжээгээр болон өөрийн биеэр ирж асуулт асуух бололцоог хангаж ажиллах учраас мэтгэлцээн нээлттэй болно.