Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос улс боловсролын тэгш байдлыг хангах үүднээс хувийн дунд сургуулиудыг татан буулгана

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Өмнөд Солонгосын боловсролын сайд Ёо Юн Хэ

Өмнөд Солонгосын боловсролын яам 2025 оны тавдугаар сараас эхлэн тус улсын өндөр төлбөртэй, элит дунд сургуулиудын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргажээ.

“2025 онд хувийн дунд сургуулиуд, гадаад хэлний болон олон улсын сургуулиуд бүгд нэгэн зэрэг энгийн сургалттай сургууль болон өөрчлөгдөнө” гэж боловсролын сайд Ёо Юн Хэ хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

“Боловсролын систем дэх тэгш бус байдал цаашдаа нийгмийн ялгаатай анги давхарга үүсгэх нөхцөл бүрдүүлэхээс олон нийт болгоомжилж байна” гэж тэр хэлсэн юм.

Энэхүү өөрчлөлттэй зэрэгцэн улсын сургуулиудын хөтөлбөрийг сайжруулж, үнэлгээний шинэ системийг нэвтрүүлэхээр болжээ. Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын ард иргэд өндөр төлбөртэй, хувийн дунд сургууль төгсөгчид их сургууль, коллежид элсэхэд давуу талтай болж, цаашдаа ажлын байр олох, гэр бүл зохиохдоо ч илүү боломж эдэлдэг болж байгааг хурцаар шүүмжлэх болжээ.

Хувийн элит сургуулиудын төлбөр энгийн сургуулиудынхтай харьцуулахад дунджаар гурав дахин өндөр байдаг нь нийгэмд ялгаатай байдал үүсгэх нөхцөл болж байгаа гэгддэг.

Одоо үйл ажиллагаа явуулж буй хувийн сургуулиуд 2024 он хүртэл хэвийн ажиллах бөгөөд 2025 оны гуравдугаар сараас эхлэн нэр, хөтөлбөр зэргээ хэвээр хадгалах ч улсын сургуулиудтай ижил нөхцлөөр хүүхэд элсүүлэх юм байна.

2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар Өмнөд Солонгос даяар хувийн 79 дунд сургуульд нийт сурагчдын 4 хувь нь суралцаж байжээ. Харьцуулбал улсын 1,555 дунд сургуульд 1.1 сая сурагч суралцаж байгаа гэнэ.

Ирэх таван жилийн хугацаанд улсын сургуулиудын чадавхыг сайжруулахад зориулж төсвөөс хоёр их наяд вон зарцуулахаар болжээ.

 

Эх сурвалж: Korea Herald