Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Гишүүн бүр 50-100 сая төгрөг намдаа тушааж сонгуульд оролцох санхүүжилт бий болгох нь тооцоонд суурилсан асуудал"

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрөгч Бямба гарагт хуралдсан АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлаар тус намынхан ирэх сонгуульд хэрхэн бэлдэх талаараа зөвлөлдсөн. Энэ үеэр сонгуулийн санхүүжилт босгох асуудал ярьсныг АН-ын дарга С.Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байв.

Тэрбээр "Сонгуультай холбоотой санхүүжилт босгох асуудал ҮБХ-ны хурлаар яригдсан. ҮБХ-ны гишүүд 30-40 сая төгрөгийг гурван үе шаттайгаар хуримтлуулж, сонгуулийн санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх шийдэлд хүрсэн. Ер нь улс төрд орж ирж байгаа хэн ч бай дэмжлэгтэй, хандив өгч, санхүүжилт босгох чадавртай байх ёстой" гэсэн юм.

Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН-аас нэр дэвшихийн тулд 100 сая төгрөг, эмэгтэй гишүүд 60 сая төгрөг намдаа тушаах шийдвэр гаргасан гэх мэдээлэл цацагдаад буй. 

Энэ талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяагаас тодрууллаа. Тэрбээр "Би ҮБХ-ны хуралд оролцоогүй. Ер нь бол улс төрийн намууд сонгуульд бэлдэхийн тулд санхүүжилт хэрэгтэй нь үнэн. Манай намын хувьд өмнө нь томоохон компаниуд, бизнесменүүдээс дэмжлэг авдаг  байсан бол АН-ын шинэчлэлийн хүрээнд энэ асуудал байхгүй болсон. Одоо зөвхөн ҮБХ-ны гишүүдийн татвар болон намын бусад гишүүний татвараас санхүүгээ босгож байна.

Хэрвээ намаа сонгуульд ялуулъя, намынхаа үйл ажиллагаанд манлайлж оролцъё гэвэл тухайн нэр дэвшигч санхүүжилтээ босгох ёстой. Тэр утгаараа намынхаа бодлого, мөрийн хөтөлбөр, үнэт зүйлийг ярих өөрийгөө таниулж мэдүүлэх ажлаа хийхэд нь зарцуулагдах мөнгө. Түүнээс биш нам мөнгийг нь аваад түүнийхээ төлөө албан тушаал наймаацаж байгаа хэрэг огт биш.

Ер нь бол эмэгтэйчүүдийн хувьд 60 сая төгрөг өндөр. Намын үйл ажиллагааг сурталчлах, улс төрийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн хэмжээ мөн өндөр. Энэ бол гишүүд наад зах нь 50-100 сая төгрөгийн мөнгө босгож байж намынхаа сонгуулийн санхүүжилтийг бий болгоно гэдэг тооцоон дээр яригдсан асуудал гэж ойлгож байгаа. ҮБХ-ны гишүүд нэлээд маргалдаж олон талаас нь ярьсан. Нэгэнт олонх нь шийдвэр гаргачихсан учраас бусад нь энэ шийдвэрийг дагах байх гэж бодож байна" гэлээ.