Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Боливийн огцорсон ерөнхийлөгч Мексик улс руу дүрвэлээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Будлиантай сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл гурван долоо хоног үргэлжилсний дараа Ням гарагт Боливийн ерөнхийлөгч Эво Моралес огцорч байгаагаа зарласан билээ.

Боливийн арми түүний эсрэг зогссон нь огцроход гол нөлөө үзүүлсэн юм.

Өчигдөр Мексик улсын засгийн газар Моралест улс төрийн орогнол олгох шийдвэрээ зарласан.

Тэгвэл Боливийн ерөнхийлөгч уг саналыг хүлээн авч, Мексик улсыг зорьсон байна. Мексикийн гадаад хэргийн сайд Марсело Эбрард ноён Моралес тус улсын засгийн газрын илгээсэн нисэх онгоцонд суусан болохыг мэдээлжээ.

Өмнөд Америкийн хамгийн удаан алба хашсан ерөнхийлөгч Моралес твиттер хуудсандаа Боливиас явж байгаагаа мэдэгдэж, илүү их хүч, энергитэй болсныхоо дараа эргэж ирнэ хэмээн амласан байна.

Боливийн сенатын дэд дарга шинэ сонгууль явуулах хүртэл ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэхээр болжээ.

Коканы тариаланчдын үйлдвэрчний эвлэлийн дарга асан Эво Моралес 2006 онд Өмнөд Америкийн хамгийн ядуу улсын ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Тэрээр нутгийн уугуул иргэдээс ерөнхийлөгч болсон анхны хүн юм.

Сүүлийн жилүүдэд Боливи улсын эдийн засаг хямарч, Моралес албан тушаалдаа мөнхрөх оролдлого хийх болсон нь иргэдийн бухимдлыг нэмэгдүүлсэн байна. Аравдугаар сарын 20-нд болсон сонгуулиар тэр дөрөв дэхь удаагаа Боливийн ерөнхийлөгчөөр сонгогдсон ч сонгуулийг будлиантай болсныг сүүлд хөндлөнгийн аудитын шалгалтаар тогтоосон юм.

 

Эх сурвалж: BBC