Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин: Тэд зуу зуун саяар нь хулгайлсаар байна!

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

ОХУ 2012 оноос эхлэн Восточный нэртэй сансрын буудлыг Алс Дорнодын Амар мөрний бүс нутагт байгуулж байгаа.

Одоогоор тус улс Казахстаны нутагт байрладаг Байконурын сансрын буудлыг түрээслэн ашиглаж пуужингуудаа хөөргөдөг юм. Гэвч шинэ буудлын төсөл сунжирч, хөрөнгө мөнгө идэж уух явдал газар аваад байгаа.

Восточный буудлын бүтээн байгуулалттай холбоотой хөрөнгө мөнгө завшсан олон хүнийг шийтгээд байна. Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дээрх төслийн ажил удаашралтай байгааг шүүмжилж, засгийн газартаа хатуу анхааруулсан байна.

“Үндэсний хэмжээний том төслийг нээлттэй, ил тод хэрэгжүүлэхийг шаардаж, их хэмжээний мөнгө хөрөнгө хуваарилсаар байгаа. Гэтэл тэд зуу зуун саяар нь хулгайлсаар байна!” гэж Путин албаны хүмүүст анхааруулжээ.

Олон хүнийг Восточный сансрын буудлын бүтээн байгуулалттай холбогдуулан шалгаж, заримд нь шийтгэл оноосон ч үр дүн гарахгүй байгааг тэр хэлсэн байна.

Путин прокурорын газар, хууль хяналтынханд төслийн үйл ажиллагааг анхааралдаа авч, өндөр хяналттай ажиллахыг даалгажээ.

Восточный төслөөс нийт 11 тэрбум рубль ($172 сая) хулгайлагдсанаас 3.5 тэрбумыг ($55 сая) нь хулгайлсан этгээдүүдээс буцаан олж авсныг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр мэдээлсэн байна.

2014-өөс 2018 оны хооронд ОХУ-ын прокурорын ерөнхий газар төслөөс 17,000 орчим зөрчил илрүүлж, 140 орчим эрүүгийн хэрэг үүсгэжээ. Өнгөрсөн хугацаанд нийт 30 гаруй хүнийг шоронд хорих ялаар шийтгэсэн байна.

 

Эх сурвалж: Russia Today