Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн цагдаа нэг хүнийг буудаж, тэмцэгчид нэг хүнийг шатаажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

 Өчигдөр буюу Даваа гараг Хонг Конгийн хувьд хүчирхийлэл шинэ түвшинд гарсан эмгэнэлт өдөр байлаа.

Энэ өдөр нэг тэмцэгч цагдаад буудуулж хүнд шархдсан бол нэг иргэнийг тэмцэгчид амьдаар нь шатаахыг оролдсон байна. Мөн цагдаа, тэмцэгчдийн мөргөлдөөний үеэр 60 гаруй хүн бэртэж гэмтжээ.

Даваа гарагийн өглөө хотын метроны ажиллагааг саатуулах гэсэн тэмцэгчидтэй мөргөлдөх үеэр нэг цагдаа 21 настай залуугийн гэдсэнд буудаж шархдуулсан юм.

Үдээс хойш тэмцэгчид өөрсдийг нь шүүмжилсэн дунд насны эрэгтэй хүний бие дээр шатамхай шингэн асгаж, гал тавьсан байна. Хохирсон хоёр хүний биеийн байдал хүнд байгааг Хонг Конгийн эмнэлгийн захиргаа мэдээлжээ.

Өнгөрсөн Баасан гарагт цагдаа нар тэмцэгчдийг тараах үеэр нэг залуу автомашины давхар зогсоолоос унаж амиа алдсан юм.

Энэ нь цагдаагийн үйл ажиллагаатай шууд холбоотой хүний амь үрэгдсэн анхны тохиолдол байв.

Сүүлийн үед тэмцэгчид өөрсдийг нь шүүмжилсэн хүмүүсийг эх газрын Хятадын тагнуул гэж сэжиглэн зодох явдал нэмэгдэж байгаа. Нэг үгээр хэлбэл таван сар орчим хугацаанд үргэлжилж байгаа Хонг Конгийн үймээн улам бүр харгис болж байна.

Өчигдрийн болсон явдалтай холбогдуулан Хонг Конгийн захирагч Кэрри Лам сэтгүүлчидтэй уулзахдаа “Хонг Конгийн үймээн самуун, хүчирхийллийг аль болох түргэн хугацаанд зогсоохын тулд боломжтой бүх арга хэмжээг авна. Хүчирхийллийг нэмэгдүүлэх замаар засгийн газарт шахалт үзүүлнэ гэж хэн нэгэн итгэж байгаа бол би чанга дуугаар тодорхой хэлье. Тийм зүйл хэзээ ч болохгүй!” гэж хэлжээ.

Даваа гарагийн үйл явдал нь тэмцэл эхэлсэн цагаас хойш цагдаа нар гурав дахь удаагаа тэмцэгчдийн эсрэг галт зэвсэг хэрэглэсэн тохиолдол юм.

Аргагүй хамгаалалтын улмаас буудсан гэж цагдаагаас тайлбарласан өмнөх хоёр хэргийн хохирогчид эмчлүүлээд эмнэлгээс гарсан байгаа.

Хонг Конгийн хэрэг явдалд Бээжингийн эрх баригчид шууд оролцох шинжгүй байна. Бямба гарагт Хонг Конгийн хэргийг хариуцагч Хятадын гол албан тушаалтан Жан Шаоминь хэлэхдээ “хотын удирдлага төв засгийн газартаа үнэнч байх нь хангалттай” гэж мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: The Guardian