Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Совд: Дүү маань сар ухаангүй хэвтэж байхад одоог хүртэл ослыг нуун дарагдуулж, хүлээн зөвшөөрөхгүй байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

 “Хүннү Эйр” компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас болж гэмтсэн инженер сар ухаангүй байгаа талаар ар гэрийнхний төлөөллөөс нь өнөөдөр мэдээлэл хийлээ.

2019 оны аравдугаар сарын 14-ний өдрийн 23:25 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудлын зурвас талбайд зогсож байсан “Хүннү Эйр” компанийн онгоцонд ажлаа хийж явсан залуу /онгоц хучиж байсан/ хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсаны улмаас 3 метр гаруй өндрөөс унаж, бэртсэн байна.

“Ингэж бэртэхэд нь анхны тусламж хожуу үзүүлсэн төдийгүй, одоогийн байдлаар нэг сарын хугацаанд ямар ч ухаангүй, биеийн байдал нь хүнд байхад тус компанийн зүгээс шийдвэрлэсэн хариу өгөөгүй. Харин ч хэргийг нуун дарагдуулах гэж оролдож байгаа тул холбогдох газрууд анхааралдаа авах хэрэгтэй” гэж хохирогчийн авга ах Д.Совд мэдээллийн үеэр онцлон хэлэв.  

Мөн тэрбээр “Дүү маань нисэхийн техникч мэргэжлээр төгсөөд "Хүннү Эйр" компанид 2018 оны есдүгээр сард ажилд ороод 2019 оны гуравдугаар сард жинхэлсэн.

Мэргэжлийнхэн хэлэхдээ эд эсийн гэмтэл, тархины үхжилт явагдаж байна гэсэн. Бид холбогдох гаднын эмнэлгүүд рүү хүсэлт явуулсан одоогоор эмчлэх хариу ирээгүй байгаа. Хамгийн гол нь энэ осол аваарыг холбогдох төрийн байгууллагууд буюу Иргэний нисэхийн ерөнхий газар, Зам, тээвэр хөгжлийн яам болон "Чингис хаан" олон улсын нисэх буудлын зүгээс одоог хүртэл нууж, нуун дарагдуулж байгаа явдлыг эсэргүүцэж байна.

Иргэний нисэхийн дүрмийн 12.51-т зааснаар осол, ноцтой зөрчлийн тухай заавал мэдээлэх хуультай. Гэтэл одоог хүртэл ослыг нуун дарагдуулж, хүлээн зөвшөөрөхгүй явж байна.

Мөн олон улсын дүрэм журмаар олон хүн тээвэрлэдэг онгоцыг хучиж болдоггүй. Гэтэл энэ компани хучуулсан бөгөөд хэдэн хүүхдүүдийг хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдсөн зориулалтын бус хоолны машин дээр гаргаж, каск, аюулгүйн бус, шатгүйгээр ажиллуусан байгаа юм.

Үүнээс болж миний дүү аюулд орсон гэж үзэж байгаа бөгөөд дүүгийн маань хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт дээр онгоц хучих ажил байхгүй байсан тул байхгүй ажлаар нь эрсдэлд оруулсан гэж үзэж байна.

Осол аваарын мэдээллийг одоо хүртэл нуун дарагдуулж, миний дүүг буруутгасан ослын актууд гарч байгаад харамсалтай байна.

Өнөөдөр хохирогчийн буруу болгоод үлддэг асуудал одоог хүртэл үргэлжилсээр байгаа тул энэ тэмцлийг өрнүүлсэн. 

Иймд би дараах шаардлагуудыг холбогдох газруудад нь тавьж байна. Үүнд

  1. Ийм ноцтой осол гараад хүн гэмтсэн байхад, одоо хүртэл онгоцоо аюулгүйн ажиллагаатайгаар хучиж байгаа бөгөөд холбогдох яамны сайд анхаарлаа хандуулж, энэ үйл ажиллагааг таслан зогсоох
  2. Миний дүү бэртлээс авсан хүндрэлээс болж сар ухаангүй байгаа тул эмчлүүлэх газрыг нь яаралтай олж өгч, компани буруугаа хүлээх
  3. Хэргийн газар нь цагдаа байсан мөртлөө хэлэхгүй яваад өгсөн гэдгийг мэдээд би үүний дагуу гомдол гаргаж одоо цагдаагийн хэлтэс нь шалгаж байгаа. Гэхдээ одоо болтол дорвитой шийдсэн асуудалгүй. Ар гэрийнхнийг нь хүртэл дуудаж мэдүүлэг авахгүй удаашралтай байдалд байгаа. Иймд хэргийг нь үнэн зөвөөр шалгаж, холбогдох буруутай хүмүүст нь хуулийн хариуцлага тооцож өг" гэв.