Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Оюунтунгалаг: Гэм буруутай шүүгч нарт хариуцлага тооцолгүй өнгөрвөл шүүхэд итгэх итгэл бүхэлдээ унана

Г.Батзориг, Өдрийн сонин
2019 оны 11 сарын 11
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрх нь түдгэлзэж шалгагдаж байгаа 17 шүүгчийн нэг Ж.Оюунтунгалагтай ярилцлаа.

-Та Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт шалгагдаад дөрвөн cap орчим болж байна. Өнгөрсөн хугацаанд таныг хэдэн удаа дуудаж байцаасан бэ. Нөхцөл байдал хэрхэн өрнөв?

-Түдгэлзүүлсэн 17 шүүгчийн дунд миний нэр байгааг мэдсэн тэр даруй амралтын өдөр хэвлэлийнхэнд хандаж мэдэгдэл хийсэн. Үүний дараагийн өдөр хурдан шуурхай шалгуулах тухай болон хэрэгт холбогдолгүй гэсэн агуулга бүхий гомдлоо Шүүхийн ерөнхий зөвлөл, улсын болон нийслэлийн прокурор, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, АТГ зэрэгт гаргасан.

Тэдгээрээс хамгийн түрүүн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хариу ирүүлсэн боловч, АТГ руу энэ асуудлыг хурдан шуурхай шалгаж егнө гэсэн агуулгатай бичиг явуулсныхаа нэг хувийг дамжуулсан байсан.

Дараа нь Нийслэлийн прокуророос ирсэн бичигт хуулиараа шалгах эрхтэй л гэсэн агуулгатай байсан. Бусад байгууллагаас янз бүрийн байдлаар хариу ирсэн. Хамгийн сүүлд аравдугаар сарын дундуур хариу ирлээ. Ихэнх нь прокурор, АТГ руу хандана уу гэсэн байсан.

Яг миний тавьж байгаа асуудал болох ямар үндэслэлээр түдгэлзүүлэх шаардлагатай болов гэдэгт тоймтой хариу өгөөгүй.

Зургаадугаар сард мэдэгдэл хийх үедээ АТГ-аас намайг гэрчээр асуусан тухай хэлсэн. Тэр үед надаас нууцын баталгаа аваагүй байсан. Үүний дараа долдугаар сард багтаагаад гэрчээр мэдүүлэг авахдаа нууцын баталгаанд гарын үсэг зуруулсан.

Мөрдөн шалгах ажиллагааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл хийж болохгүй гэсэн анхааруулга егсөн. Тийм учраас гэрчийн мэдүүлэг авахдаа юу асуусан тухай нарийвчилсан мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Та тухайн хэрэгт холбогдолгүй гэдгээ илэрхийлж байсан?

-Ямар ч байсан хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагааг хүндэтгэх, мөрдөн шалгах ажиллагаа ном журмаар явна байх гэсэн итгэлийн үндсэн дээр зургаадугаар сарын 29-нөөс хойш одоо хүртэл дөрөв, таван сарын хугацаанд тэвчээртэй хүлээж, харж байна. Энэ хэрэгтэй холбоотой мэдээ болгоныг анхааралтай үзэж, өөрийн дотоод бодлоор дүн шинжилгээ хийгээд явж байгаа.

Буруутай, авлига авсан шүүгч байгаа бол заавал хариуцлага тооцох ёстой. Харин хэрэгт холбогдолгүй хүмүүсийг битгий хэлмэгдүүлээсэй гэж хүсэж байна.

-Бусад шүүгчдийн талаар хэр мэдээлэлттэй байна вэ. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар 15 шүүгчийн авлига өгч авалцсан үйлдэл бичлэгээр нотлогдсон. Хоёр шүүгчийн хувьд хэрэгт холбогдолгүй бололтой гэсэн мэдээлэл гарч байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Холбогдолгүй хоёр шүүгч байгаа гэсэн бол нэг нь би гэдэгт итгэлтэй байна. Одоогоор зургаан шүүгчийг яллагдагчаар татсан, дахиад найман шүүгчийг татах юм байна гэсэн мэдээлэл гарсан. Тэгэхээр 14 шүүгч гэж харагдаж байсан. Тэгвэл өнөөдөр 15 шүүгч гэж ярьж байна. Хэвлэл мэдээллээр гарч байгаа зарим мэдээллийг хаанаас аваад байгааг мэдэхгүй.

Мөрдөн шалгах ажиллагаа нууц юм бол мэдээлэл яаж авагдаад байдаг юм. Эсвэл АТГ, прокурор энэ асуудлыг ил гаргах, түргэн шуурхай шийдвэрлэх хэрэгтэй гэж бодож байна.

-Та шүүгч нартай холбоотой аливаа мэдээллийг анхааралтай ажиглаж, өөрийн дүн шинжилгээгээ хийж байгаа гэлээ. Нөгөө талаас олон нийтийн дунд шүүгч нар авлига авдаг, улстөрчдийн гар хөл болдог гэх асуудал ямар нэг хэмжээгээр байна гэж ярьдаг. Та энэ “гал тогоо”-нд ажиллаж байгаа хүний хувьд юу хэлэх вэ?

-Би 2012 онд шүүгч болсноос хойш долоон жил болж байна. Үнэхээр цаг завгүй ажилтай байсан. Өглөө 07:00 цагт гэрээсээ гараад орой хамгийн эртдээ л 20:00 цагт харьдаг. Долоо хоногийн  гурван өдөр нь өглөө 08:00 цагаас өдөржин, оройжин шүүх хуралд сууна. Ерөнхий шүүгч ихэнх хурлаа даргалах, шүүн таслах ажиллагааны хэвийн байдлыг хангах гол үүрэгтэй учраас туйлын завгүй, бага зэрэг цаг зав гарвал мэргэжлийнхээ ном бүтээл унших, бичих, багшлах гээд өнгөрдөг байсан.

Иймд олон нийтийн дунд яригддаг зүйлийн талаар мэдээлэл бага байсан. Харин эрх түдгэлзэж шалгагдаж эхэлснээс хойш харьцангуй завтай болсон. Эрх түдгэлзсэн ч сургалт, эрдэм шинжилгээний ажил хийхийг зөвшөөрдөг учир одоо ганц, хоёр их сургуульд багшилж байна.

Ингээд оюутнуудын хэлж байгаа байдал, хэвлэл мэдээллээр гарч буй зүйл, ойр дотны найз нөхөд, мэргэжил нэгт хүмүүстэйгээ уулзаад сонсож байхад шүүгч нар болон хуулийн байгууллагынхны дунд авлига, хээл хахуулийн асуудал байдаг гэх ойлголт нийгэмд газар авсан байна.

Саяхан би Хуульчдын холбооны хурал дээр энэ асуудлыг тавьсан. Нийт хуульчдын нэр хүнд ийм болсон байна, үүнийг сэргээх тал дээр юу хийж байна вэ гэж асуусан. Надад тоймтой хариу өгөөгүй. Тухайн байгууллагыг удирдаж байгаа хүмүүс “Улстөрчид хуульчдын талаар нийгэмд буруу ойлгуулаад байна” гэх агуулгатай тайлбар л хэлж байна лээ. Тийм тал байж болно, үгүйсгэхгүй.

Гэхдээ нөгөө талаар шүүх дээр хэн нэгний дэмжлэг, туслалцаа, яриа, хөөрөөгөөр хэрэг шийдсэн гэдэг ойлголтыг шүүгч, шүүх, хуулийн байгууллагын ажилтан, өмгөөлөгч бусдад төрүүлж байгаа бол олон нийт, энгийн иргэд тэгж бодохоос өөр аргагүй болно.

Өөрөөр хэлбэл, аливаа хэрэг шийдвэрлэхэд шүүгчид нөлөөлөх боломжтой гэсэн ойлголт иргэдийн дунд байна. Гэхдээ хүнтэй хэрэг төвөг ярихгүй, эрх мэдэлтнүүдийн нөлөөлөлд орохгүйгээр мөрөөрөө ажлаа хийж явдаг шүүгч, хуульч нар байгаа боловч тэд нар гараад, тэмцээд үгээ хэлээд явах эрх нь хуулиар хязгаартай. Гэвч хэсэг бүлэг буруу шүүгч, хуульчаас болж нийгмийн дунд хууль, шүүхийнхэн авлигын сонирхолтой гэсэн ойлголт хавтгайрсан гэж харж байна.

-Шүүгчийн хараат бус байдлыг хэрхэн ойлгох ёстой вэ. Энэ нь ямар хууль, эрх зүйн хүрээнд хязгаарлагдаж зохицуулагдах ёстой юм бэ?

-Шүүгчийн хараат бус байдалтай холбоотой хууль эрх зүйн орчин харьцангуй хангалттай. Өөрөөр хэлбэл олон улсын жишигт ямар байдаг тэр л хэмжээний хуулийн зохицуулалт, дүрэм журам байгаа. Шүүгчийн ёс зүйн сургалтаар жил бүр хараат бус байдлын талаар албаны, хувийн гэх зэргээр бүгдийг дахин дахин заадаг. Одоо гол нь хүндээ л байх шиг байна.

Монголд ажил албаа ашиглан бие биедээ туслах, дэмжих гэх зүйл дээр үеэс байсан, ямар сайндаа л “арын хаалгадах” гээд хэллэг гарчихсан байх вэ дээ. Тэгвэл ийм яриа шүүх дээр хэзээ ч байж болдоггүй.

Ямар ч хэлбэрээр яригдах ёсгүй. Өөрөөр хэлбэл, таны төрөл садан шүүгч байгаад, та үүнийг давуу тал болгож, эсхүл танил талаараа дамжуулж танд шүүх дээр тусалсан гэж байгаа бол тухайн шүүгч “авлигач”, эсхүл тэр хүн чинь “худалч" гэж ойлгох хэрэгтэй. Төрийн эрх мэдлийг атгаж байгаа өндөрлөгүүдээс ч хараат бус байх учиртай. Өөрийн ойр дотны хүн, нэг насаа хамт туулах хайртай хүмүүсээсээ ч хараат бус байх ёстой. Үүнийг ойлгодоггүй.

Найз нөхөд, садан төрөл, танил талдаа тус болж байна гэж бодож аливаад ханддаг бол энэ шүүгч биш. Эсвэл том дарга нар шүүгчийг айлгаад, заагаад, даалгавар өгөөд улс оронд хэрэгтэй зүйл хийлгэхийн тулд нөлөөлчихлөө гэдэг зүйл байж болохгүй. Хараат бус байдал гэдэг нь “хэний ч” нөлөөлөлд автахгүй гэж ойлгох хэрэгтэй.

-Хэнд ч захирагддаггүй, хэт их эрх мэдэлтэй бөөн хүмүүс гарчих вий гэх айдас нийгэмд байх шиг анзаарагддаг?

-Одоо бол ард иргэд юу хүсэж байна гэвэл шүүгч нарыг барьдаг даргатай болох хэрэгтэй юм байна, эсвэл Ерөнхийлөгч нь шүүгч нарыг томилдог. Томилсон бол нөлөөлөх ёстой гэж бодож байна.

Сая Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ярьж байгаа залуу.сайн эрдэмтэн судлаачид хүртэл УИХ хэмээх улс төрийн байгууллагаас нэлээн хэдэн хүн оролцуулаад шүүгч нарт хариуцлага тооцдог, томилдог болбол хараат бус болгоно гэж л яриад байх бололтой. Гэтэл энэ нь дахиад л шүүхэд нөлөөлөх улстөрч, эсхүл улстөрчөөс хамааралтай хүмүүсийг нэмэгдүүлж байгаа хэрэг болж болох юм.

Хүнд биш “хуульд” захирагдах ёстой. Хүнээр буюу эрх мэдэлтнээр шүүгчийг захируулж болно гэж байвал том эндүүрэл, тэр том эрх мэдэлтний нөмөр нөөлөгт орсон хүн харин ч нэр төрөө гутаахаас айх эмээх юмгүй, олон нийт, мэргэжил нэгтнүүдээс ичих юмгүй том хамгаалалтад орж, дураараа дургиж, дараа, дараагийн эрх мэдэлтнүүдтэй харилцаанд орох боломжтой.

-Одоо 17 шүүгчтэй холбоотой асуудал эцэслэн шийдэгдсэний дараа гэмтэй, гэмгүй нь тодорхой болно. Гэм буруугүй нь тогтоогдсон шүүгч нарын эрхийг сэргээх асуудал хэрхэн яригдах вэ?

-Энэ асуудлаар дахиад хүсэлт тавья гэж бодож байна. Би АТГ-т гэрчээр мэдүүлэг өгөхдөө асуусан бүх асуултад нь маш тодорхой хариулсан. Худал хариулсан, хариулахаас татгалзсан зүйл байхгүй.Тэгэхээр логикийн хувьд надаас асуух зүйлээ асуусан.шалгаж дууссан бол эрхийг минь сэргээх ёстой.

Энэ талаар тухайн байгууллагуудаас нэг ч хариу өгөөгүй. Ерөнхийлөгчийн зөвлөхийн өгсөн хариу бичигт түдгэлзсэн асуудлаар бүрэн эрх сэргээх талаар ШЕЗ-д хандахыг зөвлөсөн байна лээ. Харин ШЕЗ нь АТГ-т ханд гээд бие бие рүүгээ шидээд байна.

-Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарын асуудлыг заавал шийдэх ёстой гэж та үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дуусах, эсвэл сонгуулийн мөчлөг дагаад замхраад алга болчих вий гэж эмээж байна гэсэн үг үү. Ер нь хариуцлага тооцох ёстой хүн байвал хариуцлага тооцож зохих газар руу нь илгээж байж шүүхийн байгууллагыг цэвэрлэж цааш явах ёстой гэж үзэж байна уу?

-Мэдээж тэгэх ёстой. Гэгээрэлд хүрэх гэж байгаа хүнд тавигддагтай нэлээн төстэй өндөр ёс зүйн шалгуур шүүгч нарт тавигддаг. Бүх шалгуурыг төгс хангасан хүн олоход хэцүү л байх. Гэхдээ энэ шалгуур дотроос хамгийн чухал нь авлига, ашиг сонирхлоос ангид байх ёстой. Хээл хахууль гэдгийг өргөн утгаар нь ойлгох хэрэгтэй. Шүүгчийн ёс зүйн дүрэм, зарчим нь тун тодорхой байна.

Үүнийг бүх шүүгч маш сайн мэдэж байгаа. Хэрэв шүүхэд авлигын асуудал байгаад шүүхийн байгууллага шүүгчээ хамгаалаад гарна гэвэл том эндүүрэл. Хариуцлага тооцож байж иргэдийн шүүхэд итгэх итгэл сэргэнэ.

Хэрэв энэ хэргийг ямар нэг байдлаар замхруулж, эсвэл хуулийн хийдэл гарч ирээд хариуцлага тооцолгүй өнгөрвөл шүүхэд итгэх итгэл бүхэлдээ унана. Хуулиар биш хүний аясаар хөдөлдөг, бүлэглэл гэсэн ойлголт нийгэмд төрнө.

Хуульч нарын дунд ч авлига, хээл хахууль, ашиг сонирхлын зөрчилд өртөж болохуйц, үүнийг “хүлээн зөвшөөрдөг”, “хүлээн зөвшөөрдөггүй” гээд, мэдлэг боловсролтой, үүнийг чухалчилдаг, мэдлэг боловсрол гол биш, харилцаа холбоо гол гэсэн янз янзын, эсрэг тэсрэг хүмүүс байна. Үүнээс авлига, яриа хөөрөөгөөр хуулийн асуудлыг шийдвэрлэдэг бол хуульч нарын хувьд мэдлэг боловсрол, хууль хэрэглээний ур чадвар тийм шаардлагатай зүйл биш болно гэсэн логик харагдаж байна.

-Улстөрчид, нөлөө бүхий хүмүүст үйлчилдэг хууль, шүүхийн бүлэглэл бий болсон гэж харддаг. Нэгэнт баталж чадахгүй тул хардахаас аргагүй. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Нэгдүгээрт, энэ байгууллага, мөн хуулийн салбарт “цус ойртолт” байна. Нэг төгсөлт, нутаг ус, хамт ажиллаж байсан гэх зэрэг “манай" гэх хандлага байж болохгүй. Мөн “шүүхийн хүн”, “үг сонсдог”, “уян хатан” гэх зэрэг үг хэллэгүүд энэ салбарт байна.

Шүүгч хүн үг сонсоно, уян хатан байна гэхээр яах ёстой юм. Хэрэг шийдвэрлэхэд хэргээ сайн унших, нотлох баримт үнэлэх, хүмүүсийн процессын эрхийн хангах, хуулийг зөв тайлбарлан хэрэглэхэд л анхаарна. Хуулийн заалтыг тайлбарлахдаа зорилго, нийгмийн үнэт зүйл зэрэгтэй холбоотойгоос бусдаар шүүгч хүнд уян хатан чанарын талаар яригдмааргүй юм.

Хоёрдугаарт, мэдлэг чадвар муу хүн хүний эрхэнд орохдоо амархан байдаг. Хэрвээ хүн өөртөө итгэлгүй, мэдлэг чадвар хүрэхгүй, эсхүл эргэлзсэн үедээ даргаасаа, багшаасаа, найзаасаа асуух болдог шиг байгаа юм. Шүүгчээс өөр ажилд бол байж болох л юм. Харин шүүгчийн хувьд хүнээр ажлаа заалгаж болохгүй. Ийм учраас дэлхийн аль ч улсад хамгийн өндөр түвшинд өөрийгөө боловсруулсан, хууль зүйн мэдлэг боловсролын хувьд дээд түвшний, ёс зүйтэй хүмүүс дотроос шүүгчийг томилдог.

Мэдлэг чадвар муу, эрдэм номд маруухан шүүгчийн шийдвэрийг хуульчид ч хүлээн зөвшөөрөхгүй байх аястай. Хуульч хүн хууль зүйн боловсролын системээр дамжин гарч байгаа учир үүнийг ч анхаарах хэрэгтэй л байна.

Гуравдугаарт, улстөрчид шударга бусын хонгил гэж яриад байна. Хэрэв тийм зүйл байвал зарлах, шүүгч нараас хэн байгааг хэлэх хэрэгтэй. Нотолно гэвэл хэцүү л байдаг байх. Гэхдээ бүх юм олон нийтэд ил байх учиртай.

Жишээ нь олны дунд дуулиантай шүүхийн шийдвэрүүд гаргаж байгаа бол шийдвэр гаргасан үндэслэл, тайлбар зэргийг олон нийтэд сайн танилцуулах хэрэгтэй. Одоо гарч ирж байгаа улстөрчид үнэхээр шүүхийг цэвэрлэнэ гэж байгаа бол өөрөө нэг ч шүүгчтэй холбоогүй байх хэрэгтэй, жишээ нь төрийн ордноор гүйдэг шүүгч байж болохгүй.

-Шүүх шударга байж, хараат бусаар шийдвэр гаргаснаар нийгэмд ямар үүрэг гүйцэтгэх вэ, хүн ардын ирээдүйг хэрхэн гэрэлтүүлдэг юм бэ?

-Шүүхийн хэдэн гол үүрэг бий. Би иргэний шүүгч байсан. Шүүх нэгдүгээрт хүний өмчлөх эрхийг хамгаалах буюу хэн ч булааж авахгүй байх баталгааг ганцхан шүүх л хангаж чадна. Өмчлөх эрх баталгаатай байснаар хүн эд хөрөнгөө өсгөж арвижуулна. Хөдөлмөрлөж хөрөнгө бий болгоно. Энэ сэдлийг дам байдлаар шүүх өгдөг.

Хоёрдугаарт, чөлөөт нийгэмд хүмүүс бие биетэйгээ сайн дурын үндсэн дээр тохиролцож эд баялаг солилцож, гэрээ хэлэлцээр хийдэг учир энэ гэрээ хэлэлцээрээр өгсөн амлалт заавал биелсэн байх боломжийг шүүх олгодог.

Эрүүгийн шүүхийн хувьд хүнийг хэлмэгдүүлэхгүй байх ёстой. Мөрдөгч, прокурор зэрэг төрийн эрх мэдэлтнүүдээс хэрэг хийгээгүй хүнийг хийсэн болгож буруутгасан, ялласан үйлдэл хийж байгаа бол шүүх үүнийг зогсоох ёстой. Харин гэмт хэрэг үйлдсэн гэж хүнийг “гэм буруутай”-д тооцож, ял шийтгэл оноох газар нь бас л ганцхан шүүх байдаг.

Иргэд сонгууль болохоор УИХ-ын гишүүн, сайд дарга нар хэн байх вэ, юу хийх ёстой вэ гэж боддог. Гэтэл үүнээс илүү шүүх систем ямар байх нь хамгийн чухал юм. Магадгүй хүн бүрийн амьдралд өдөр тутам тулгардаггүй болохоор анзаардаггүй байх.Хэрэв шүүх хэрэггүй болж, унавал цаашид яах вэ гэсэн асуулт гарна. Нийгэмд замбараагүй байдал үүснэ гэсэн үг.

Дэлхий нийтэд шүүхийг орлох гэж оролддог хэд хэдэн газар бий. Нэг нь албан ёсных, энэ нь арбитр. Эвлэрүүлэн зуучлал гээд бас л тусдаа хуулийн дагуу л үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ л шүүхээр шийдвэр нь албаждаг.

Хууль гаргахгүйгээр хэрэгжүүлдэг эрх мэдэл бол мафийн тогтолцоо. Тэр нь өнгөц харвал бас л шүүх шиг цээрлүүлдэг, гисгээдэг, юмыг нь авч өгдөг мэт боловч энэ тогтолцоонд иргэд найдах нь аюултай. Яагаад гэвэл үйл ажиллагаа нь ил тод биш, хэн гэдэг хүн, ямар үндэслэлээр шийдсэн тухай баримт бичиг үлдэхгүй.

Жишээ нь, шүүх яагаад ийм шийдвэр гаргасан нь ил тод, тодорхой байна шүү дээ. Харин нөгөө аюултай хүмүүс бол тэгж шийдэхгүй. Авах ёстой. Чи егөх ёстой л гэнэ, хүнд хүчирхийлэл хэрэглэнэ. Энэ маш аюултай, ирээдүйгүй зам гэсэн үг.

Ирээдүйд орон гэр, эд хөрөнгийг хэн ч булаахгүй, хүн гэрээ байгуулсан бол тэр нь биелэгдэнэ, шүүх хамгаална гэсэн баталгаа байхгүй үед эдийн засагт хөгжил, дэвшил явагдахгүй. Дараагийн нэг чухал зүйл гэвэл шүүхээс хэрхэн ял ногдуулж байгаагаас ийм хэрэг хийвэл ийм шийтгэл авах юм байна гэдэг ойлголт нийгэмд тарна. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг яаж шийдэхээс хамаараад нийгэм дагаж хөдөлж байдаг.

Муу юм хийсэн хүмүүсийг цээрлүүлэхгүйгээр өегшүүлж, дэмжиж, гэм зэмгүй хүмүүсийг хохироогоод байвал нийгэмд муу нь давамгайлна, болох юм байна гэсэн мессеж өгдөг.

Тийм учраас шүүхийн хараат бус байдал, шударга шүүх гэдэг ойлголтыг иргэдэд маш зөв суурьтай, бүрэн хүрээгүй юм болов уу гэж боддог. Шүүхийг ард түмэн л хянах ёстой болохоос хэн нэгэн дарга цэрэг даалгавар өгснөөр шүүхийг ажиллуулж, ард түмнийг хамгаална гэж байхгүй.

Шүүхийн байгууллага ямар ч улс төрийн хүчин гарсан түүнд ганхаж, нугардаггүй, хэний ч өмнө очиж ёсолдоггүй, айдаггүй байх ёстой. Хэн нэгэн өндөр албан тушаалтны ивээл хамгаалалтад орсон шүүгч цаанаа өчнөөн олон хүнийг хохироох эрсдэлтэй.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.