Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Будлиантай болсон сонгуулийн дараа Боливийн ерөнхийлөгч Эво Моралес огцорлоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Америкийн Боливи улсыг олон жил удирдсан Эво Моралес ерөнхийлөгчийн албан тушаалаас огцрох болсноо саяхан зарлалаа. Түүний мэдэгдлийн дараа нийслэл Ла Паз хотын гудамж, талбайд иргэд баяраа тэмдэглэж эхэлжээ.

Одоо 60 настай Моралес 2006 оноос хойш Боливийг удирдаж байгаа ба аравдугаар сарын 20-нд болсон сонгуулиар дөрөв дэх бүрэн эрхийнхээ төлөө өрсөлдсөн юм.

Гэвч сонгуулийг луйвардаж ялалт байгуулсан гэж үзсэн Боливийн иргэд гурван долоо хоногийн турш тэмцсэний эцэст Моралесыг огцруулж байна.

Америк Тивийн Улсуудын Байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийж, үр дүнг нь Ням гарагт зарласан юм. Уг дүгнэлтээр сонгууль бүхэлдээ будлиантай болсон байна.

Моралес өчигдөр эхлээд сонгуулийг дахин явуулах уриалга гаргасан ч иргэд дэмжээгүй юм. Улмаар Боливийн армийн командлагч өчигдөр Моралесыг огцрохыг шаардаж, иргэдийн талд орж байгаагаа зарлажээ.

Сонгуулийн дараа гарсан бослого тэмцлийн улмаас гурван хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархдаад байгаа.

Кока тариаланчдын үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Эво Моралес 2006 онд Өмнөд Америкийн хамгийн ядуу улсын уугуул индиан хүн амаас анхны ерөнхийлөгч болж байв. 

Түүний засаглалын жилүүдэд дэлхийн зах зээлд түүхий эдийн эрэлт өндөр байсан тул зам дэд бүтэц байгуулах, анхны хиймэл дагуулаа хөөргөх, инфляцыг бууруулах зэрэг олон нааштай алхам хийж байжээ. Гэвч сүүлийн жилүүдэд засаглалд нь итгэх иргэдийн итгэл буурч, Моралес ч эрх мэдлээ хадгалах зорилго агуулж эхэлсэн байна.

Сонгуулийг луйвардсан нь батлагдсан тул Моралес дахин сонгуульд өрсөлдөх эрхгүй гэж түүний өрсөлдөгч, ерөнхийлөгч асан Карлос Меса мэдэгдсэн юм. Харин Моралес одоогоор энэ талаар байр сууриа илэрхийлээгүй байна.

 

Эх сурвалж: Associated Press