Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Хаянхярваа: Шинээр конторын барилга эхлүүлэлгүй нэг жил тэсээч

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэж байна.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх асуудал одоо ямар шатандаа байгаа вэ. Үндсэн хуулийн зөвшилцлийн ажлын хэсэг хуралдаад АН-ын зүгээс тавьж буй гурван саналын нэг болох Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг болох заалтыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулахаар тохиролцсон талаар гишүүд мэдээлж байсан? 

-Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлж, өөрөө огцруулах асуудлыг Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр би тууштай дэмжиж байсан. Гэвч бүлэг дээр уг заалтыг эсэргүүцэж унагаасан юм. Бидний яриад байгаа гол асуудлыг нэг нь Засгийн газрын чадамж, насжилтын асуудал шүү дээ. Ерөнхий сайд арай илүү эрх мэдэлтэй байх нь цаашдаа манайд хэрэгтэй.

Гэхдээ нэг зүйлээс болгоомжлох ёстой. Намын дарга, Ерөнхий сайдын албан тушаал хаших хүн бүх юмыг хэтрүүлчихвий. Манайхан тойрон хүрээлэл үүсгэж аваад, нөгөөдүүл нь буруу, зөрүү мэдээллээр хангаад, нийгмээс тусгаарлачихдаг. Ингэж тойрон хүрээлэл үүсгэж байгаад нураадаг үйл явц социализмын үеэс л манай намд байгаа зүйл. 40-өөд жилийн дараа Ю.Цэдэнбал даргыг яаж унагаасан билээ. Яг л түүн шиг намын даргаа тойрч, бүчиж байгаад гэнэт л балбаад эхэлдэг.

Тийм технологийг давтуулахгүйн тулд намын дарга, Ерөнхий сайд хүн зарчимтай, ёс зүйтэй, нам дотроо ардчилалтай байх зарчмыг барьж ажиллавал илүү үр дүнд хүрнэ гэж харж байгаа. 

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох санал дээр Ерөнхийлөгч эсрэг байр суурьтай байгаа юм билээ. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацааг дуусгавар болсны дараагаас энэ заалтыг хэрэгжүүлж эхэлнэ гэх хувилбар ч яригдаж байгаа гэсэн. Энэ дээр та ямар байр суурьтай байна вэ? 

-Гишүүдийн дунд янз бүрийн л байр суурь байгаа. Гэхдээ үүнийг хүлээж авах нь зөв. Энэ төрийн толгойн өвчин болоод байгаа зүйл бол Ерөнхийлөгчийн эрх мэдэл, Засгийн газрын эрх мэдэл холилдоод байгаа асуудал. Ерөнхийлөгч шүүх, прокурорыг томилдог давуу эрхтэй болчихоод байна. Зовлонгийн шалтгаан юу гэвэл үүнийг л хэлнэ. 

Хэрэв энэ заалт батлагдвал 2021 оноос хэрэгжүүлж болохгүй гэх зүйл байхгүй гэж би хувьдаа үзэж байгаа. Гэхдээ энэ дээр бүлгийн олонхын шийдвэрээ дагана. 

-Сонгуулийн холимог тогтолцооны тухайд?

-Холимогт тогтолцоог дэмждэг хүний нэг нь би л дээ. Яагаад гэвэл  парламентын тогтолцоог сайжруулахын тулд холимог тогтолцоог байлгах хэрэгтэй. Холимог тогтолцоотой болоход сөрөг талууд байгаа. Тухайлбал, намын даргаа тойрсон том, хүчтэй бүлэглэл үүсгэж, бүлэг фракцаараа хуваагддаг болох вий гэсэн болгоомжлол бий. Энэ болгоомжлолыг эс анзаараад цаад ашиг тусыг нь харъя гэвэл парламентын төлөвшилд хэрэгтэй юм. 

Жишээ нь, АН өнгөрсөн сонгуулиар нийт ард иргэдийн 37 хувийн саналыг авсан хэр нь есхөн гишүүн сонгогдсон байна. Хэрэв холимог тогтолцоогоор сонгууль явагдсан бол магадгүй энэ парламентад АН-аас 20-иод хүн, МАХН намаас ч бас хэдэн гишүүн орж ирээд, манай намын 65-аас хасагдах байсан байх. Ингэсэн бол парламентын дархлаа талаасаа илүү сайжирч, 2016-2019 онд үүссэн шиг улс төрийн ээдрээтэй асуудал үүсэхгүй байх магадлал байсан. Тэгэхээр холимог тогтолцоог олон талаас нь харах ёстой гэж бодож байна.

Хэрэв энэ тогтолцоог хэрэгжүүлнэ гэвэл 2024 оны сонгуулиас хэрэгжүүлэх нь оновчтой болох байх. Яагаад гэвэл өнөөдрийн нөхцөлд нэг намын, нэг бүлгийн гишүүд маш олон болчихсон. Янз бүрийн хэл ам ч байна. Тэгэхээр 2020 оны сонгуулиар улс төрийн намууд, улс төрчид гэсэн дүнгээ тавиулна. Гэхдээ 2024 оноос холимог тогтолцоог хэрэгжүүлэхийн өмнө намын гишүүнчлэл, фракцын асуудал байх уу үгүй юу гэдгийг нухацтай ярилцах хэрэгтэй байх.

-Үндсэн хуулийн хэлэлцүүлэг цааш хэрхэн үргэлжлэх вэ. Гуравдугаар хэлэлцүүлгээр өмнөх хэлэлцүүлгийн үед унасан саналуудыг дахин оруулж ирж санал хураалт явуулж болно гэж ойлгоод байгаа? 

-Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгээр өмнө нь батлагдсан эхээс хасах зүйл байвал хасаж болно, нэмж болохгүй гэж манай хуульчид тайлбарлаж байгаа. Одоо бол АН-ын гурван санал дээр төвлөрч ярилцаад, авна авахгүйгээ тодорхой болгоод орохгүйгээр хоёрдугаар хэлэлцүүлгийг задална гэвэл бид Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хийж чадахгүй.

Хоёрдугаар хэлэлцүүлгийг ямар хүнд нөхцөлд хийснийг ард түмэн харсан байх. 57 гишүүний ирц бүрдүүлэх, Үндсэн хуультай холбоотой кноп дарах үед бөөн будлиан болдог хэр нь энгийн хууль хэлэлцэх үед кноп нь зүгээр болчихдог. Гэх мэтчилэн зүйлүүдийг харахад цаана бас л нэгэн юм байна уу даа гэж хардах бодол төрж байгаа.

-УИХ-аар ирэх оны төсөв хэлэлцэгдэж байна. Сонгуульд зориулсан төсөв гэдэг шүүмжлэл бий. Төсөв дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Сонгуулийн өмнөх жил төсөв батлахад сонгуульд зориулсан төсөв гээд аль ч улс төрийн хүчин шүүмжилж л  байдаг. Миний хувьд арай хэтэрхий өөдрөг төсөв болчихов уу даа гэсэн байр суурьтай байгаа. Орлогоо бодитой тооцож, дэлхийн зах зээл дээр зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдрийн үнэ ямар байх вэ гэдгээ Сангийн яам тооцсон байх. Гэхдээ одоо байдал өөрчлөгдөх тал руу байгаагаа анхаарах ёстой. 

Дээр нь 2020, 2021 оноос бид том төлбөрүүд хийж эхэлнэ. Тиймээс илүү зүйлд нэг төгрөг зарж байхаар, хуримтлуулж өрөө дараад цаашаа явах нь чухал байгаа юм. 

Хоёрдугаарт, төсөв дээр хөрөнгө орлогын бодлогоо эргэж харах шаардлагатай. Төсвийг ерөнхийд нь харахад маш олон конторын барилга эхлүүлж байна. Сумын засаг даргын тамгын газар гэхчлэн. Энэ нь яг манай хуучин технологи л доо. Таван тэрбум төгрөгийн өртөгтэй барилга дээр 100 тэрбумыг тавьчихдаг. Энэ нь дараа дараагийн жилийн төсвүүдээ хүндрүүлээд явчихдаг. Нэгэнт эхлүүлээд 100 тэрбум төгрөг булчихсан болохоор гүйцээхээс өөр арга байдаггүй. Одоо бол бүх л аймаг, сум конторын барилгатай, үйл ажиллагаагаа явуулж байгаа шүү дээ. Шинээр конторын барилга эхлүүлэлгүй нэг жил тэсээч гэж хэлмээр байгаа юм. Би энэ саналуудаа төсвийн ажлын хэсэг дээр хэлсэн. 

-Зарим аймгуудад хэтэрхий өндөр төсөв тавьсан гэх шүүмжлэл гараад байгаа. Та энэ дээр ямар байр суурьтай байна вэ?

-Хөрөнгө орлогын бодлогыг тэгшитгэх хэрэгтэй. Нэг аймаг, суманд хэтэрхий их төсөв тавиад бусдад нь харьцангуй бага байж болохгүй. Хэнтий аймгаас сонгогдсон гишүүд маань аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлоготой холбогдуулж түүхэн аялал жуулчлалын бүс байгуулах гэж байгаа тухай ярьж байгаа. Аялал жуулчлалыг хөгжүүлэх төрийн бодлогыг эсэргүүцээд байгаа юм биш л дээ. Гэхдээ Норовлин суманд нэг музей байгуулснаар аялал жуулчлал хөгжих нь юу л бол. Манайд ирж байгаа жуулчид байгалийн сайхныг харж, ая тухтай амрах гэж л ирдэг шүү дээ. Аялал жуулчлалын компаниудад тавьдаг шаардлагыг өндөрсгөж, наад зах нь усанд орох, бие засах газруудыг тохижуулж байж энэ салбарыг хөгжүүлэх тухай ярих нь зүйтэй болов уу.

Цаашлаад аль болох олон авиа компанийг урьж, тийзний үнэ бууруулах асуудлыг төр зохицуулах ёстой. Жуулчдын тоо нэмэгдэхэд зочид буудлын асуудал яригддаг. Үүнд төр санаа зовох шаардлагагүй. Жуулчдын тоо нэмэгдэхэд хүлээж авах зочид буудлын асуудлыг хувийн хэвшлийнхэн өөрсдөө зохицуулчихна шүү дээ. Аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудалд энэ талд нь анхаарвал зүгээр юм уу гэсэн байр суурьтай байдаг.