Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

“Сайн ажилласан гээд талархлын захидал ирүүлэхээр нь гайгүй юм байна гэж бодтол Саарал жагсаалтад оруулчихсан”

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголбанкы ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэв.

Эдийн засгийн байнгын хороогоор Саарал жагсаалтад орсон шалтгааныг ярилцахтай холбоотойгоор дээрх байгууллагуудын удирдлагыг чөлөөлөх асуудлыг хойшлуулж, МАН бүлэг дотроо дахин ярилцахаар болоод байгаа билээ. 

Саарал жагсаалт болон цаг үеийн асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга Ц.Нямдорж сэтгүүлчдэд тайлбар өглөө.  

-Монгол Улс ФАТФ-ын Саарал жагсаалтад орсон асуудалд Хууль зүй, дотоод хэргийн сайд ч хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурь байгаа?

-Саарал жагсаалтад орсон шалтгааныг сайн судлах хэрэгтэй. Ний нуугүй ярихад их сонин үзэгдэл болсон. Маш сайн ажилласан, их зүйл хийсэн байна гэж ФАТФ-ын Ази Номхон далайн бүс хариуцсан байгуулага нь үзээд өнгөрсөн аравдугаар сард надад талархлын захидал ирүүлсэн. Ирүүлсэн захидалд “Танайх эрчимжсэн хяналтын зэрэглэлд байснаа зөөлрүүлж, ердийн хяналтын зэрэглэлд шилжлээ. Баяр хүргэе” гэсэн байсан. 

Ийм захидал ирэхээр нь гайгүй юм байна гэж бодтол Парист Саарал жагсаалтад оруулах шийдвэр гарчихсан. 

Монголбанкны ерөнхийлөгч ярих зүйлийнхээ 10 хувийг л ярилаа гээд байгаа. Ажил хариуцаж байсан хүнд ярих юм байгаа. Үүнийг сонсох хэрэгтэй. 

Өмнө нь 2012 оны дөрөвдүгээр сарын 27-нд УИХ-ын нэр бүхий 7-8 гишүүн Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хууль санаачилсан. Тэр хууль тавдугаар сард сонгуулийн өмнө батлагдсан юм. Уул уурхай, банк санхүү, хэвлэл мэдээллийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлана гэсэн хууль байсан. Энэ хуульд гаднынхан маш их дургүйцсэн. Хэвийн байсан эдийн засгийг байхгүй болгосон гэж үзсэн. 

Энэ хууль гарах үед эдийн засаг 17 хувийн өсөлттэй, банк санхүүгийн хүндрэлгүй, гурван тэрбум ам.долларын хөрөнгөтэй байсан. Ингээд сонгууль болж, Засгийн газар байгуулагдахад хөрөнгийн хомсдол гарч эхэлсэн. Энэ хуулиас болж гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос гарах болсон.

Ингээд 2013 онд Саарал жагсаалтад орсон. Үүний дараа 2013 оны наймдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаад эдийн засгийн хүндрэлийг даван туулах асуудал яригдаж эхэлсэн. 2012 онд баталсан хууль будлиан тариад байсан учраас хүчингүй болгосон юм. 
Яг зөрүүлээд 2013 оны арванхоёрдугаар сард Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргасан. 

Саарал жагсаалт гэдэг зүгээр нэг тав арван цаас, хууль хяналтын байгууллагын асуудал биш. Энэ улс гадаадын хөрөнгө оруулалт болон дотоодын бизнестээ хэр хандаж байна вэ гэдэг асуултын хариулт юм. Тийм учраас Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны дарга нарын үгийг сонсох хэрэгтэй. 

Сая ил гарч яригдаад байгаа чинь өнгөн талын асуудал. Цаанаа Монгол Улс сонгож авсан эдийн засгийн сонголт дээрээ байр суурь хэвээр байна уу үгүй юу гэдэгт үнэлгээ өгөөд байгаа хэрэг. 

Миний ахалдаг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл гэж бий. Тэр ажлын хэсэг ажлаа хийсэн. Ер нь бол 2013-2016 оны үйл ажиллагаанд хийсэн үнэлгээ шүү дээ энэ. Хэвлэлийнхэн энэ асуудалд болгоомжтой хандах ёстойг монгол хүний хувиар хэлж байна. 

-Хоёр хүнд хариуцлага тооцсоноор энэ асуудал шийдэгдэх юм уу?

-Ерөнхий бодлогод том өөрчлөлт хийж, эргэж харах зүйлүүд бий. Хүний хөрөнгөд халддаг, гадаадын хөрөнгө оруулалтыг хясан боогдуулдаг, дуртай үедээ очиж хүч хэрэглэдэг гэх мэт болгоомжлох зүйлүүд байна.     

-Сэтгүүлчийг тагнаж чагнасан хуулийн байгууллагын ажилтнуудыг шалгаж байгаа гэсэн. Энэ үнэн үү?

-Наадах чинь бүгд худал. Хэн хэдэн сэтгүүлчийг, аль сонин, сайтыг тагнаж чагнасан гэдгийг үүнийг ярьсан хүмүүс нь ил гаргаж тавих ёстой. Би тагнуулаагүй, цагдаа тагнаагүй учраас надад хэлэх үг алга. Би зөндөө л бичүүлдэг. Гэхдээ нэг ч сэтгүүлчийг, хэвлэл мэдээллийн байгууллагыг шүүхэд өгч байгаагүй. Та нарыг тагнаж, чагнах өчүүхэн ч шаардлага надад байхгүй. Та нарыг тагнахгүйгээр хэн бэ гэдгийг чинь би мэднэ. 

-Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д саатуулагдсан талаар ямар мэдээлэлтэй байгаа вэ?

-Тэртээ тэргүй тэр хүн маш хүнд байдалтай байгаа. Хөгшин эх нь байна, үр хүүхэд, хань ижил нь байна. Энэ асуудлыг яаж нэг тийш нь болгох нь вэ гээд хараад сууж байна. Үүнийг битгий дэвэргээд бай. 

Энэ дээр Элчин сайдын яамныхан ажиллаж байгаа байх. Өмгөөлөгч авсан гэж дуулсан. Юу болохыг харж л байна. Монгол хүн гэдэг талаар нь хүнлэг хандаач. Хэвлэл мэдээлэл үүнийг хэтэрхий их дэвэргэж байна. 

-Д.Одбаяр дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд Монгол Улсын иргэний хувиар БНСУ-д шалгуулж болдоггүй юм уу? 

-Энийг айлын тал л мэднэ. Биднээс асуух ч шаардлагагүй. Тухайн хүний буруутай, буруугүй нь хамаагүй. Монгол Улсын иргэнийхээ төлөө Элчин сайдын яам явах ёстой. Хүн гэдэг талаас нь л хандах ёстой.