Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Жэки Чан газар нутгийн маргаанаас үүдэлтэйгээр Вьетнамд зочлох төлөвлөгөөгөө цуцалжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Гардан тулаант киноны од Жэки Чан ирэх Ням гарагт Вьетнам улсад зочилж, “Operation Smile” нэртэй буяны байгууллагын арга хэмжээнд оролцох байжээ.

Уг байгууллага нь нүүрний гаж хөгжилтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийх ажлыг зохион байгуулдаг юм. Гэвч кино одыг ирэх тухай мэдээ тарсны дараа вьетнамчууд “Operation Smiles” байгууллагын фэйсбүүк хуудас руу олон мянгаараа хандаж, эсэргүүцэл илэрхийлжээ.

Өмнөд Хятадын тэнгист хоёр орны дунд байдаг газар нутгийн маргаан үүнд нөлөөлсөн байна. Жэк Чан нь энэ бүс нутагт Бээжингийн эрх баригчдын тогтоосон хил хязгаарыг дэмждэгээ өмнө нь илэрхийлж байсан юм.

Өмнөд Хятадын тэнгисийн арлуудыг Хятад, Вьетнамаас гадна Филиппин, Тайвань, Малайз, Бруней улсууд булаацалдан маргадаг. Тэдгээрийн дотроос Вьетнам улс Бээжингийн бодлогыг хамгийн ширүүн эсэргүүцдэг юм.

Вьетнамын олон нийт ийнхүү эсэргүүцсэн учраас “Operation Smile” байгууллага арга хэмжээндээ Жэки Чаныг оролцуулахгүй болсныг өнөөдөр зарлажээ.

Жэки Чан саяхан бас Хонг Конгийн хямралын асуудлаар Бээжингийн бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь олон нийтийн дунд маргаан үүсгэж байв. Эх газрын Хятадууд түүнийг магтан сайшааж байсан бол төрөлх хот Хонг Конгийн иргэд нь кино одыг буруутгаж байжээ.

Өмнөд Хятадын тэнгис дэх ихэнх арлыг Бээжин өөрийн газар нутагт тооцдог. Ингэхдээ 1940-өөд оны үед Японы хяналтаас Хятадын Бүгд Найрамдах Улсын чөлөөлж авсан газар нутгийн зураглалыг түүхэн эх сурвалжаа болгодог юм.

Өмнөд Хятадын тэнгисийн арлуудын орчимд эрдэс баялагийн их нөөц бий гэж үздэгээс олон улс орнууд маргаан үүсгэж байна.

 

Эх сурвалж: AFP