Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Рагчаасүрэн: Төв банкны Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө чөлөөлж байгаа нь монгол төр өөрөө сул байгаагийн шинж

Э.Болд, Өдрийн сонин
2019 оны 11 сарын 8
Өдрийн сонин
Зураг зураг

Эдийн засагч, судлаач Г.Рагчаасүрэнтэй ярилцлаа. 

- Ирэх оны тухайд сонгуулийн жил гэдэг утгаараа төсөв нэлээд тэлсэн, үүнийг дагаад мөнгөний бодлогын орон зай хумигдсан жил байх болов уу гэх хүлээлт байна. Таны хувьд ирэх оны эдийн засгийн төлөв, гадаад нөхцөл байдлаас үүдэлтэй эрсдэлүүдийг хэрхэн дүгнэж байна вэ? 

- Гадаад эдийн засгийн хувьд одоогийн үүсээд буй таатай нөхцөл байдал ерөнхийдөө хэвээр үргэлжилнэ гэж харж байгаа. Гэхдээ тодорхой хэмжээний эрсдэлүүд бий. Хятад, Америкийн хоорондын худалдааны дайнаас шалтгаалаад нүүрс, зэсийн үнэ яах вэ гэх зэрэг асуудал бий. Гадаад нөхцөл байдлын хувьд ийм. Дотоод эдийн засгийн төлөвийн хувьд ирэх онд бодлогын хувьд гарч буй хамгийн том нийцгүй, үр ашиггүй байдал нь төсвийн их хэмжээний тэлэлт болоод байна. Төсвийн зардал бараг 20 орчим хувиар өсөхөөр байна.

Тэгэхээр аливаа бодлогын үр нөлөө хэр гарах вэ гэдэг асуудал бий. Жишээ нь ирэх онд төсөв 20 хувиар, тэр дундаа төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ их хэмжээгээр нэмэгдэж байна. Төсвийн бодлого хэт их тэлж байгаа үед нийт үйлдвэрлэл дагаж өсч чадахгүй бол нийт эрэлт нэмэгдсэнээр инфляцид дарамт учруулдаг. Инфляци өснө гэдэг маань Монголбанкны зорилттой харшилдаад эхэлнэ. Ингэхээр монголбанк үүний эсрэг бодлогын хүүг нэмэгдүүлэх арга хэмжээ авна.

Бодлогын хүү нэмэгдсэнээр нийт хувийн хөрөнгө оруулалтын хэмжээ буурч, эдийн засаг төлөвлөсөн хэмжээнд өсч чадахгүй, ажлын байр төлөвлөсөн хэмжээнд нэмэгдэж чадахгүйд л хүрнэ гэсэн үг. Эдийн засаг дотроо төсвийн эзлэх жин хэт нэмэгдэж байгаа энэ байдлыг шахан гаргах бодлого гэж нэрлэдэг. Төсвийн хэт их тэлэлтийг дагаад хувийн хөрөнгө оруулалтын хэмжээ буурдаг. Гэтэл хувийн хөрөнгө оруулалт нь эдийн засгийн урт хугацааны өсөлтийг хангах гол хүчин зүйл болдог. 

- Энэ нөхцөл байдлаас гарах ямар арга зам байж болох вэ. Төсөв тэртэй тэргүй л тэлнэ. Гэтэл үүний нөгөө талд мөнгөний бодлогоо байнга чангаруулаад байж болохгүй. Тэгэхээр үүний гарц хаашаа чиглэх ёстой юм бол. Төсөв, мөнгөний бодлогын хоорондын уялдааг хангах талаар байнга л ярьдаг шүү дээ. 

- Ирэх оны хувьд шинэ Их хурал ажиллаж эхэлнэ. Энэ Их Хурал асуудлын шийдлийг хэрхэн харах вэ гэдэг асуудал юм. Төсөв тэлж байгаа учраас мэдээж инфляцид дарамт учруулна. Мөн валютын ханш нэмэгдэх дарамтууд үүсээд эхэлбэл, үүнийг хязгаарлах бодлого баримтлах ёстой гэдэг асуудлыг төв банкинд тавих байх. Үүний хариуд төв банк валютаа зарж эхлэх, эсвэл бодлогын хүүгээ нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч болно.

Мэдээж инфляци нэмэгдээд, ханш өсөөд байвал төв банк хүссэн хүсээгүй хязгаарлах бодлого барьж эхэлнэ л гэсэн үг. Нөгөөтэйгүүр ирэх оны төсвийн хувьд орлогоо их өөдрөгөөр төсөөлсөн. Ялангуяа татварын орлого талдаа, жишээ нь нийгмийн даатгалын орлогыг ирэх онд 42 хувиар өснө гэж тооцоолсон. Зарлагаа нэмэгдүүлэхийн тулд орлогоо өөдрөгөөр харж, их өндөр өсөлтийг хүсч байна. Гэтэл бодит байдалд тэгж өсч чадахгүй байвал яах вэ. Магадгүй төсвийн тодотгол хэлэлцэх байх.

Орлого хангалттай хүрэхгүй, алдагдал нэмэгдчих гээд байгаа учраас тодотгол хийж болно. Эсвэл төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд илүү их зээл, тусламж авах, дотоодын зах зээл дээр бонд гаргах зэрэг арга хэмжээ авч болно. Энэ нь дахиад л мөнгөний бодлогын орон зайг хумих, зээлийн хүүг өсгөх нөлөөлөл үзүүлнэ.  

- Мэдээж өндөр алдагдалтай байгаа учраас тэр алдагдлыг хаа нэгэн газраас нөхөх шаардлагатай. Төсвийн өндөр алдагдлыг нөхөх, зардлаа санхүүжүүлэх зорилгоор улстөрчид төв банкийг шахах тал бий. Мөнгөний бодлогоо сулруулж, эдийн засгийн өсөлтөө тэл гэж шаардах хандлага байдаг. 

- Яг тийм. Ирэх онд төсөв 2 их наяд төгрөгийн алдагдалтай гарахаар төлөвлөж байна. Мөнгөний бодлогыг оролдохгүйгээр алдагдлыг хэрхэн нөхөх вэ гэвэл дотоодын зах зээл дээр бонд гаргах, гаднаас зээл авах гэх зэрэг гарц байж болно. Үүнээс гадна улстөрчид эдийн засгийн ойлголтгүйгээр юу гэж ойлгодог вэ гэхээр “Монголбанканд мөнгө хэвлэх эрх байгаа шүү дээ. Мөнгө хэвлээд төсвийн алдагдлаа нөхөж болдоггүй юм уу” гэх тал бий. Үүнтэй яг адилхан нөхцөл байдал 2013 онд бий болсон. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлээд, ипотекийн зээл гаргасан. Аливаа бодлого нэг талдаа сайн нөлөө үзүүлдэг ч нөгөө талдаа заавал ямар нэгэн төлөөс гарч байдаг. Жишээлбэл, 2013 оны нөхцөл байдлыг харвал хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн. Нэг хэсэг хүмүүс ипотект хамрагдаад байртай болсон.

Гэвч эрэлтийг дагаад нийлүүлэлт хангалттай хэмжээгээр нэмэгдэж чадаагүй учраас байрны үнэ өссөн. Энэ нь дараа дараагийн ээлжинд байр авах гэж байгаа хүмүүсийн хувьд хэдийгээр зээлийн хүү бага боловч, өндөр үнэтэй байр авч байгаа гэдэг утгаараа сарын төлбөрт нь онцын өөрчлөлт гарахгүй байж болно. Магадгүй нэмэгдсэн ч байж болно гэсэн үг. Хоёрдугаарт, төв банк мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлснээр зах зээл дээрх төгрөг болон долларын харьцаа алдагдаад эхэлсэн. Төгрөг их болчихсон учраас долларын ханш өсч эхэлсэн.

Тэгэнгүүт төв банк интервэнц хийгээд, зах зээл дээр доллар нийлүүлсэн. Эцсийн дүндээ ханш өндөр хэвээрээ, төв банк нөөцөө шавхах нөхцөл байдалтай болсон. Яг ийм нөхцөл байдал ирэх жил бий болохыг үгүйсгэхгүй. Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлээд, төсвийн алдагдлыг нөхье гэх ч юм уу. Иймэрхүү шаардлагууд Их хурлаас гарахыг үгүйсгэхгүй.  

- Яг үүнээс сэргийлэхийн тулд төв банк хараат бусаар ажиллах ёстой. Төв банкны удирдлага, бодлогын үйл ажиллагаа тууштай, тогтвортой байх ёстой гэдэг концепцийг мэргэжилтнүүд олон жил ярьж байна. Гэвч улстөрчид өөрсдийн ашиг, сонирхолд нийцүүлэн төв банкны удирдлагыг сольдог, томилдог байдал одоо ч хэвээрээ л байна. 

- Төв банкны хараат бус байдал гэдэг нь төв банк зорьсон зорилтдоо ямар нэгэн дарамт, шахалтгүйгээр хүрч байх ёстой л гэсэн санаа. Инфляцийг 8 хувьд барина гэж байгаа. Энэ бол маш том ач холбогдолтой зүйл. Хэрвээ эдийн засаг хэт халаад эхэлбэл, төв банк бодлогын хүүгээ өсгөх замаар ханш болон үнийг тогтворжуулж байдаг. Хэрвээ эдийн засаг хэт агшаад эхэлбэл, төв банк бодлогын хүүг бууруулах замаар эдийн засгаа дэмжээд явдаг. Энэ бол олон улсад байдаг төв банкны сонгодог, тогтсон үйл ажиллагаа. Гэтэл манай нөхцөлд яадаг вэ гэхээр Их Хурлаас Төв банкиндаа шууд хамаарахгүй үүргийг хуулиар оногдуулчихдаг. Инфляци буурч байх ёстой, валютын ханш буурч байх ёстой, дээр нь эдийн засаг өсч байх ёстой л гэж шаарддаг.

Гэтэл эдгээр зорилтууд нь хоорондоо уялдаа холбоогүй. Нэгийг нь хангах гээд арга хэмжээ авахаар нөгөө нь зөрчигддөг. Үүнтэй холбогдоод, УИХ-аас төв банкинд янз бүрийн шахалтууд тавиад эхэлж байна гэсэн үг. Төв банк санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, банкуудад хяналт, шалгалт тавьдаг. Банкуудын үйл ажиллагааг хянаж, зохистой харьцааг хангуулах үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлэх явцад УИХ-ын гишүүдтэй холбоотой ямар нэгэн сонирхлын зөрчлийн асуудал үүсдэг, үүнтэйгээ уялдуулаад, төв банкны ерөнхийлөгч болон бусад удирдлагад хууль бусаар нөлөөлөх, авлига хээл хахууль өгөхийг оролдох, тийм нөхцөл байдал үүсдэг байж болно. Тийм байдал өнөөдөр ч үүссэн байхыг үгүйсгэхгүй.

Хэрвээ Төв банкны Ерөнхийлөгчийн албан тушаал улстөрчдийн хувьд ямар ч ашиггүй, зүгээр л төрөөс цалин аваад сууж байдаг хүн байсан бол түүнийг оролдоод байх ямар ч шаардлагагүй шүү дээ. 

- Төв банкны Ерөнхийлөгч 6 жилээр томилогддог. Тэр хугацаагаа дуустал тогтвортой ажилладаг. Улстөрчдөөс ямар ч дайралт, шахалт ирж байсан тогтвортой ажиллах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх нь л чухал байх. Тэгж байж, төв банкны бие даасан, хараат бус байдал хангагдах болов уу? 

- Төр маань өөрөө их сул байгаагийн л шинж юм. Төв банкны Ерөнхийлөгч бүрэн эрхийг хугацаагаа дуустал 6 жилийн хугацаанд ажиллаж чадахгүй байна. Гэтэл үнэхээр муу ажиллаад байна уу гээд харвал үндсэн зорилтууд бүгд л хангагдаж байна. Инфляцийг тогтворжуулсан, ханш тогтвортой, эдийн засгийн өсөлт хангагдсан гээд. Гадаад эдийн засгийн сайн, эерэг нөлөөллүүд ч байсан л байх. Харин өнөөдөр “саарал жагсаалт” гэдэг зүйлд үндэслэж Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулъя гэж байгаа бол “саарал жагсаалт” гэдэг зүйлийн уг, үндэс хаана байна вэ, яг юунаас болж энэ асуудал үүсэв гэдгийг маш сайн тодотгох ёстой.

Явж явж, бидний яриад байсан Ил тод байдлын тухай хууль юм биш үү. Тэгвэл Ил тод байдлын хуулийг УИХ баталсан. Тухайн үеийн УИХ-аас гарсан шийдвэр хэрэгжээд явж байхад одоогийн төв банкны хүмүүс яагаад хариуцлага хүлээдэг юм. Одоо ажиллаж байгаа Санхүүгийн зохицуулах хорооны дарга яахаараа тэрний төлөө өргөдлөө өгөх ёстой юм. Гээд ярихаар, эцсийн дүндээ УИХ, төр маань өөрөө ажлаа хийж чадаж байна уу, үгүй юу гэдэг л асуудал байна.  

- Одоо Төв банкны Ерөнхийлөгч болон СЗХ-ны даргыг чөлөөлье гээд ярьж байгаа нь сонгуулийн өмнөх жилтэй давхцаж байна л даа. Энэ утгаараа цаана нь ямар нэгэн сонирхлын зөрчил, эсвэл улс төрийн ашиг сонирхол байж болох уу. Та хэрхэн харж, дүгнэж байна вэ? 

- Сонгууль болтол 7 орчим сарын хугацаа л дутуу байна. Тэр болтол эдийн засаг тогтвортой байх ёстой. Даргыг нь солилоо гээд нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байх. Даргыг нь солилоо гээд инфляци тогтворжоод, ханш буурахгүй. Даргыг нь солилоо гээд “Саарал жагсаалт”-аас гарахгүй, эдийн засаг өсөхгүй. Тэр утгаараа “Саарал жагсаалт” гэдэг зүйлээр дамжуулан улс төр хийх гэсэн ямар нэгэн оролдлого байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас хэн нэгэн хүнд хариуцлага хүлээлгэх замаар нөхцөл байдлыг зөөлрүүлэх шаардлага үүссэн байна л гэж харж байна. Тэр утгаараа энэ хоёр хүн хохирогч болоод л дуусч байх шиг байна.    

- Ярилцсанд баярлалаа.  

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.