Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

NATO-гийн "тархи ажиллагаагүй" болсныг Францын ерөнхийлөгч хэллээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр “The Economist” сэтгүүлд ярилцлага өгөхдөө NATO буюу Умард Атлантын эвслийн “тархи үхжээд байгаа” тухай хэлсэн нь олон улсын хэмжээний маргаан дэгдээжээ.

Тэрээр Сирийн нутгаас АНУ цэргээ гаргахдаа NATO-гийн бусад түншүүдтэйгээ зөвлөлдөөгүйг энэ үеэр шүүмжилсэн байна. Макрон бас NATO-гийн гишүүд хамтран нэг нэгнээ хамгаалах амлалтад эргэлзэж байгаагаа энэ үеэр хэлжээ.

“NATO-д өнөөдөр тохиолдоод байгаа зүйлийг тархины үхжилт гэж хэлж болохоор байна” гэж Макрон хэлсэн юм. Анх 70 жилийн өмнө буюу хүйтэн дайны эхлэл үед Умард Америк, Баруун Европын аюулгүй байдлыг хангах зорилготой байгуулагдсан энэ эвслийн гишүүн орнууд өнөөдөр АНУ-ын түшиг тулгуурт найдах аргаггүй болоод байгааг тэр хэлжээ.

NATO-гийн тунхагийн тавдугаар зүйлд эвслийн аль нэг гишүүн халдлагад өртвөл бусад нь хамгаална гэж заасан байдаг. Энэ заалт хэрэгжих боломжтой эсэхийг сэтгүүлч асуухад Макрон ”Мэдэхгүй” гэж хариулжээ.

Нэгэнт гол гишүүн АНУ-ын хүчин чадалд найдах аргагүй болсон тул Европ хувь заяагаа гартаа авах талаар бодож эхлэх хэрэгтэйг Францын ерөнхийлөгч уриалсан байна.

Гэвч Макроны хэлсэн үг NATO-гийн бусад түншүүдийн шүүмжлэлтэй тулгарсан юм. Харин ОХУ-ын тал Макроныг “үнэнийг хэллээ” хэмээн сайшаасан байна.

Тухайлбал Германы канцлерь Ангела Меркель түүнтэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгджээ. “NATO-д асуудал байгаа нь үнэн хэдий ч ийм эрс хатуу үгээр шүүмжлэх ёсгүй” гэж тэр хэлсэн байна.

Харин ОХУ-ын гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова “Сайхан хэллээ. NATO-гийн өнөөгийн байдлыг маш зөв тодорхойллоо” гэж фэйсбүүк хуудсандаа бичжээ.

 NATO-гийн тэргүүн Иенс Столтенбэрг бас Макроноос өөр бодолтой байгаагаа илэрхийлсэн байна. “Европын холбоотнууд маань батлан хамгаалах үйлсэд илүү их хөрөнгө оруулж эхэлсэн. АНУ ч Европт хөрөнгө оруулалтаа өсгөж, илүү олон цэрэг байрлуулж, бэлтгэл сургуулилалтаа нэмэгдүүлж байна. Бидний хамтын ажиллагаа хүчтэй хэвээр байгаа. NATO-г Умард Америкаас холдуулах ямар ч оролдлого зөвхөн эвслийн хүчийг сулруулаад зогсохгүй, Европыг ч сул дорой болгоно” гэж тэр мэдэгджээ.

Умард Атлантын Гэрээний Байгууллага буюу NATO нь 1949 онд Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй коммунист орнуудын түрэлтээс Европыг хамгаалах зорилготой байгуулагдаж байв.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Өрнөдийн орнуудын гол дайсан ЗХУ болсон юм. NATO байгуулагдсаны хариуд 1955 онд Зөвлөлтийн тал зүүн Европын коммунист орнуудыг нэгтгэсэн Варшавын гэрээний эвслийг байгуулж байжээ.

Уг эвсэл ЗХУ задрахын өмнөхөн тарж, ихэнх гишүүн орнууд нь өнөөдөр NATO-д элсээд байна. NATO-гийн энэ тэлэлт ЗХУ-ыг залгамжилсан ОХУ-ын хилд тулж ирснээр шинэ сөргөлдөөн үүсгээд байгаа юм.

 

Эх сурвалж: BBC