Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газрын нээлтийн ажиллагаа өчигдөр боллоо. Тус Консулын газарт улсаа төлөөлөн суух Ерөнхий консулаар Ё.Нямжавыг томилсон билээ.
Шанхай хотод Монгол Улсын ЕКГ байгуулагдсанаар 25 сая хүн амтай тус хотод үйл ажиллагаа явуулж буй 72 дахь ЕКГ болж байна.
Үүнээс гадна Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, экспортын боломжийг хятадын хөрөнгө оруулагчид, хэрэглэгчдэд сурталчлан таниулах, тус улсын дэвшилтэт техник технологийг Монголд нэвтрүүлэх боломжийг эрэлхийлэх зэргээр хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж.
Уг ёслолын арга хэмжээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Жөү Ли Мин болон Шанхай хотод суугаа Люксембургийн Ерөнхий консул бөгөөд Шанхай хот дах консулын газруудын ахлагч буюу дуэн Люк Декер нарын хүндэт зочид оролцлоо гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.