Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баатарсүх: Томуу төст өвчний тохиолдол өнгөрсөн оны мөн үеэс 0.4 хувиар нэмэгдсэн

Г.Номин, iKon.mn
2019 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 4-ний байдлаар, амбулаторийн 88,632 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3,501 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4 хувийг эзэлж байгаа тул арваннэгдүгээр сарын 4-нөөс нийслэлийн төвийн зургаан дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ыг уртасгасан цагийн хуваариар ажиллаж эхлээд буй.

Томуу, томуу төст өвчний өвчлөл энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад их байгаа эсэх, ямар вирусийн халдвар зонхилж байгааг НЭМГ-ын ахмлах мэргэжилтэн Б.Баатарсүхээс тодрууллаа.

- Томуу, томуу төст өвчний улмаас амбулаториор үйлчүүлэгчдийн тоог өмнөх жилтэй харьцуулсан тоон мэдээ гарсан болов уу?

- Манайх долоо хоног тутам тоон мэдээллээ шинэчлэн гаргаж байгаа. Өнгөрсөн долоо хоног буюу X/28 - XI/3-ны хооронд 88,632 иргэн амбулаториор үйлчлүүлсэн байна.

Томуу төст өвчний тохиолдол өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 0.3 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.4 хувиар тус, тус нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа.

Нийт үзлэгийн 4 хувь нь томуу төст өвчин хэмээн оношлогдсон учраас НЭМГ-аас арга хэмжээ авч, дүүргийн Эрүүл мэндийн төвүүдийн “Хүүхдийн кабинет”-ыг уртасгасан цагийн хуваарьт шилжүүлээд байна. Амбулаторийн үзлэгийн 5-9 хувийг томуу, томуу төст өвчний тохиолдол эзэлж эхэлбэл идэвхжил буюу дэгдэлт гарлаа гэж үздэг.

- Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн орны ачаалал хэр их байгаа вэ?

- Одоогийн байдлаар хүүхдийн кабинетын орны ачаалал 7.7 хувиар хэтэрсэн байдалтай байна. Жил болгон л энэ үед ачаалал нэмэгддэг учраас тасаг, нэгжийн хэмжээнд урьдчилан төлөвлөөд, орны тоог нэмэгдүүлж байгаа.

2018 оны энэ үед орны ачаалал 21 хувиар хэтэрсэн байсан.

- Байршлаар авч үзвэл нийслэлийн аль дүүрэгт томуу төст өвчний өвчлөл их байна вэ?

- Улаанбаатар хотын хувьд байршлаар ялгаж харахад түвэгтэй байдаг. Мөн дүүргүүдийн хүн амын тоо харилцан адилгүй байгаа. Ер нь бол хүн ам ихтэй Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд өвчлөгсдийн тоо их байна.

- Иргэд олон нийтийн сүлжээнд бөөлжиж, дотор муухайрдаг, гүйлгэдэг шинж тэмдэгтэй ханиад их байна хэмээн бичээд байгаа. Одоогийн байдлаар ямар вирусийн халдвар зонхилж байна вэ?

- Одоогийн байдлаар томуугийн вирус эргэлтэд ороогүй байна. Харин томуу төст өвчний дөрвөн төрлийн вирусээр өвчин үүсгэгдэж байгаа.

Өвчлөлийн шинж тэмдгийн хувьд хариулахад, гэдэсний халдварт өвчнүүд VI-IX  сар буюу дулааны улиралд нэмэгддэг. Ингээд залгаад ес, аравдугаар сард холимог байдлаар бөөлжиж, гүйлгэдэг томуу, томуу төст өвчний тохиолдол гараад байдаг.