Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Твиттер компанийн ажилтнууд Саудын Арабын талд тагнуул хийсэн шалтгаанаар ял сонсжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Image: Getty Images

Твиттер компанид ажиллаж байхдаа Саудын Арабын засгийн газарт нууцаар үйлчилж байсан хоёр хүнд ял оноосон тухай АНУ-ын хууль зүйн яам өчигдөр мэдээлжээ.

Тэдний нэг Ахмад Абуаммо нь тус компанид ажиллаж байхдаа Саудын Арабын эрх баригчдыг шүүмжлэгч эккаунтуудын талаар мэдээлэл цуглуулж өгдөг байсан гэнэ.

Тэрээр АНУ-ын иргэн бөгөөд 2015 оныг хүртэл Твиттер компанийн Ойрх Дорнод, Умард Африкийн бүсийн хамтын ажиллагааг хариуцдаг байжээ.

Абуаммо энэ үйлдлийнхээ төлөө Саудын Арабын албаны хүнээс үнэтэй брэндийн цаг, хамгийн багадаа $300,000-ыг бэлнээр авч байсныг тогтоосон байна.

Нөгөө нэг ажилтан болох инженер Али Алзабарах мөн Саудын Арабын талд 6,000 гаруй хэрэглэгчийн хувийн мэдээллийг гаргаж өгдөг байжээ. 

Хоёр ажилтныг Саудын засгийн газартай холбож өгдөг байсан гурав дахь хүн болох Ахмед Алмутайрид өчигдөр бас ял оноосон байна.

Түүнийг Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мухаммед Бин Салманы шадар хүн Бадер Аль Асакертай холбоотой болохыг зарим эх сурвалжууд мэдээлжээ.

Уг хэрэг Твиттер компани хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг гадаадын дарангуйлагч дэглэмээс хамгаалж чадаж байгаа эсэхэд эргэлзэхэд хүргэж байна. Тус компанийн серверт бүх Твиттер хэрэглэгчдийн имэйл, утасны дугаар, хэзээ ямар үйлдэл хийсэн бичлэг (log) зэрэг мэдээллүүд хадгалагддаг юм.

Тус компаниас гаргасан мэдэгдэлд “Хэсэг этгээдүүд манай үйлчилгээнд хор хөнөөл учруулах зүйл хийснийг бид хүлээн зөвшөөрч байна. Манай компани хэрэглэгчдийнхээ хувийн мэдээлэлд хандах эрхийг тусгай шалгуур хангaсан цөөн тооны мэргэжилтнүүдэд олгодог” гэжээ.

 

Эх сурвалж: CNET